УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт /2022.03.11/ сэтгүүлчидтэй уулзалт хийж, илтгэл тавих үеэрээ эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгохын тулд эрх зүйн шинэтгэл, хариуцлага, ил тод байдлыг төр хувийн хэвшлийн бүх шатанд нэмэгдүүлж, үйлдвэрлэлд чиглэсэн татварын бодлогоор үндэсний хуримтлалыг бий болгох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Тодотгоход, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилготой “Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж байгаа. Түүнчлэн энэ хүрээнд дөрөв дэх сургалтыг сэтгүүлчдийн эдийн засаг, банк санхүүгийн мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглүүлэн зохион байгууллаа.
Өнгөрсөн баасан гарагт Монголбанктай хамтран тус сургалтыг зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн сургалтад УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засаг ба бодит байдал” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрбээр илтгэлийнхээ хүрээнд сэтгүүлчдэд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийг дэмжих, баялаг бүтээгчдийг дэмжих, тансаг хэрэглээний татвар, малын хөлийн татвар, шаталсан татварын талаар мэдээллүүдийг өгч, санал бодлоо солилцсон.
Нийгэм, эдийн засгийн гол тулгамдсан асуудлаар сэтгүүлчдийн саналыг сонсон, харилцан ярилцах үеэрээ тэрбээр өнгөрсөн 30 жилд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл эдийн засаг дагаж өсдөг, харин үнэ нь буурвал эдийн засаг дагаж унадаг чөтгөрийн тойрогт эргэлдэж ирсэн талаар эдийн засгийн бодит тоон үзүүлэлт, мэдээлэл дээр үндэслэсэн жишээ татаж хөндөхийн зэрэгцээ энэхүү чөтгөрийн тойргоос өөрчлөлтийн цочир бодлого хэрэгжүүлж байж гарах талаар санал бодлоо хуваалцсан. Тухайлбал, Монголын нөхцөлд тохирсон үйлдвэржилтийн бодлого болон орлогын шаталсан татварын тогтолцоо байж болох талаар мэдээлэл, саналаа хуваалцсан.
Орон нутагт иргэдтэй уулзалт хийх үеэрээ орлогын шаталсан татварын талаар санал бодлоо хэлсэн нь нийгэмд янз бүрийн маргаан өрнүүлж буйг тэрбээр тэмдэглэж, энэ нь Улсын Их Хурлаар хэлэлцэх гэж буй асуудал бус хувь хүний итгэл үнэмшил гэдгийг тодотгож байсан.
Орлогын шаталсан татвар гэдэгт татварын асуудлыг бүхэлд нь хамааруулан ойлгох боломжгүй. Хөдөлмөрлөж олсон орлого бус мөнгө хүүлэлт буюу шударга бусаар олсон орлогын татвар, тансаг хэрэглээний татвар, хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй бүтээгдэхүүнд бий болгох татвар зэрэг тогтолцоо байж болохыг тэмдэглэхийн зэрэгцээ орлогын шаталсан татварын тогтолцоотой улс орнууд харьцангуй тэгш нийгэмтэй байдгийг тэрбээр мэдээлэлдээ онцолсон.
Түүний илтгэлээс эшлэвэл, “Аливаа татварын бодлого нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэх ёстой. Эдийн засгийн өсөлт хүртээмжтэй, тогтвортой байснаар чинээлэг дундаж давхарга нэмэгдэж, тэгш, эрүүл нийгмийн тогтолцоо бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар манай улсын экспортын 92% нь уул уурхайн бүтээгдэхүүнээс, 83% нь БНХАУ-аас хамааралтай байна. Бүр тодруулбал, түүхий эдийн экспортоос хамааралтай эдийн засгийн энэхүү тогтворгүй байдлыг гагцхүү үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн цогц бодлогоор залруулах учиртай юм.
Ганцхан жишээ дурдахад 2021 онд мал аж ахуйн экспортын 85 хувийг ноолуур, тэр дундаа самнаагүй ноос эзэлж байна. “Ухдаг” биш “ургадаг” баялаг болох энэ төрлийн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэржилтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх нь нэн чухал юм. Тийм ч учраас олон улсын туршлагаас харахад, баялгийн тэгш бус байдлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэл, үндэсний хуримтлалыг дэмжихийн тулд татварын баазаа бэлдэж, дараа нь оновчтой тогтолцоог хэрэгжүүлдэг.
Өөрөөр хэлбэл орлогын шаталсан татвар, хөрөнгийн татвар, тансаг хэрэглээний татвар гэхчилэн шатлалтайгаар ноогдуулдаг байна. Дээр дурдсанчлан, баялгийн тэгш бус хуваарилалтыг бууруулах үндсэн зорилгоор дэлхийн 147 орноос 100 орчим улс шаталсан татвартай бөгөөд ингэхдээ зөвхөн цалингийн бус хувь хүний нийт орлогод ноогдуулдаг жишиг бий. Цаашлаад архи, тамхи, эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүний татварыг үе шаттайгаар нэмэх зохицуулалтуудыг ч судалж, практикт нэвтрүүлдэг. Энэ бүхний үр дүнд хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, бизнесийн таатай орчин бэхжин, валютын ханш ч тогтворжсоноор эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хадгалах юм. Үүний тулд эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлж, хариуцлага, ил тод байдлыг төр хувийн хэвшлийн бүх шатанд нэмэгдүүлж, үйлдвэрлэлд чиглэсэн татварын бодлогоор үндэсний хуримтлалыг бий болгох нь зүйтэй” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Юм хийдэггүй худлаа титэм үгээр улс орныг удирдах гэж боддог хэл аманд өртдөггүй Хүрэлсүх юу гэнэ дагас гээд л хүнд хоргүй хорхойд нэмэргүй улс орны хөгжилд нэмэргүй Занданшатар мэтийн зомбинууд төрийн өндөр албан тушаал хашихаа болчих хэрэгтэй