Мэргэжлийн хяналтын төлөвлөгөөт шалгалтыг түр зогсооно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

УИХ-ын хаврын чуулган өчигдөр /2022.03.16/ нээлтээ хийсэн.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар энэ чуулганаар нэн тэргүүнд хэлэлцэх шаардлагатай байгаа 20 хуулийн төслийг нэрлэсэн юм.

Тэрбээр "Шинэ сэргэлтийн бодлого"-д туссан Улсын Их Хурлаар нэн яаралтай хэлэлцүүлэх томоохон 7 хуулийн төсөл, 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлж хэлэлцүүлэх 20 хуулийн төслийг шуурхай хэлэлцэх, хэлэлцүүлэгт бэлтгэх шаардлагатай байна. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн байгааг эхний ээлжинд хэлэлцэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Худалдан авах ажиллагааны тухай,  Үндэсний баялгийн сангийн тухай, Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай, Хөгжлийн сангийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай, Дампуурлын тухай зэрэг хуулиудыг боловсруулах, хэлэлцэж батлахад төр, хувийн хэвшил, иргэд олон нийтийн идэвхтэй оролцоог хангаж, яаравчлах шаардлагатай байна” гэлээ.

Өнгөрсөн хоёр жилийн турш коронавирусний дэглэм үргэлжилж, хяналт шалгалт нэлээд чангарсан. Энэ нь аж ахуй нэгжид хүндээр тусч, торгууль шийтгэлийн тоо ч огцом өссөн билээ. Тэгвэл Засгийн газраас баримталж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-д Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийг батлахаар тусгажээ.

Уг хууль нь Ганцхан бүлэгтэй ба 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэх аж.

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэр байгаа тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заасан.

Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжинд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлнэ. Түүнчлэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй гэжээ

Гэхдээ Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй гэж оруулж байгаа нь хуулийн төслийн гол агуулга юм.

Уг хуулийн төсөл батлагдвал мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийг 3 жилээр зогсоох ба төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжинд зөвлөн туслах, сануулах чиглэл барих аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top