Энэтхэг улаан буудайн экспортоор тэргүүлэхийг зорьж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

Орос улс Украинд цэргийн ажиллагаа явуулж байгаа энэ үед Энэтхэг улс улаан буудайн экспортоор дэлхийд тэргүүлэхээр зорьж байна.

Улаан буудайн хамгийн том экспортлогч Орос улс, мөн томоохон нийлүүлэгч Украины хооронд мөргөлдөөн үүссэн энэ үед тус улс улаан буудайн эрэлт өсөж буй нөхцөл байдлыг ашиглахыг эрмэлзэж байна гэж “Mint ” хэвлэл эх сурвалж дурдан онцолжээ.

Ойрын хоёр долоо хоногт Шинэ Дели засгийн газраас магадлан итгэмжлэгдсэн лабораториуд богино хугацаанд улаан буудайн чанарыг шалгах чадварыг дээшлүүлэх, үр тариаг тээвэрлэх нэмэлт вагон гаргах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Ерөнхий сайд Нарендра Модигийн засаг захиргаа үйлдвэрлэгчдэд өндөр чанартай үр тариа экспортлоход нь дэмжлэг үзүүлэх замаар Энэтхэг улс нь уургийн өндөр агууламжтай улаан буудайг тогтвортой нийлүүлэх чадвартай гэдгийг харуулахыг зорьж байна гэж тус хэвлэлд онцолсон байна. Энэ хүрээнд тус улсын Засгийн газар экспортын улаан буудайн чанарыг шалгах 213 лабораторийг сонгож, Стандартын улсын товчоонд үр тарианы чанарт хяналт тавих чиглэл өгчээ.

Энэтхэг улс энэ санхүүгийн жилд /энэ сарын 31-нд дуусна/ нийт долоон сая тонн улаан буудай экспортлохоор төлөвлөж байгаа нь тус улсын хувьд дээд амжилт болох юм. Өмнөх дээд амжилтыг тус улс 2012-2013 санхүүгийн жилд тогтоож байжээ. Тухайн үед Энэтхэг 6.5 сая улаан буудай экспортод гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top