"Хүнээ дээдэлж-Хамтдаа хөгжье" сэдэвт зөвлөлдөх уулзалт өчигдөр /2022.03.17/ "Blue Sky" зочид буудалд болж өндөрлөлөө.
Монгол Улсын их хурал, Засгийн газраас баталсан хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Шинэ сэргэлтийн бодлогыг аймаг, орон нутаг, салбарын хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах асуудлыг тодотгох зорилгоор тус зөвлөгөөнийг Сэлэнгэ нутгийнхан зохион байгуулсан байна.
Түүнчлэн аймгийн Засаг дарга Агентлагын дарга нартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, сумдын Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээний 2021 оны гүйцэтгэлийг үнэлж, дүгнэсэн юм. Зөвлөгөөний нээлтийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор нар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, тус аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа эхлүүлж үг хэллээ. Мөн удирдах албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөх, тэдний гүйцэтгэлийг үнэлэх ажил хийж буйн хувьд тэдний манлайллын талаар ойлголт өгөхөөр “Хан голомт консалтинг группийн захирал Ц.Азбаяр илтгэл хэлэлцүүлсэн юм. Монгол Улсын Засгийн газар тус уулзалт, сургалтыг хамтран зохион байгуулж буй тул яамдуудын мэдээллийг нэг дор нэгдсэн байдлаар хүргэсэн нь цаг үеэ олсон, өгөөжтэй үйл явдал болсныг оролцогчид мэдэгдсэн.
Зөвлөгөөний үеэр тус аймгийн болон зарим сумдуудын засаг дарга нараас цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж “Улаанбаатар хотыг зорьж ирсэн шалтгаан гэвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын эсрэг хязгаарлалтын улмаас биеэр уулзалдаж чадалгүй цахимаар хурал, зөвлөгөөн хийсэн явдал юм. Мөн Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүдтэйгээ уулзаж, тэдний хийж бүтээх ажил хэр явцтай байгаа талаар мэдээлэл солилцох гэж тус зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Үүнээс гадна төсвийн ерөнхийлөн захирагч нар ирсэн тул өөрсдийн хариуцсан салбарын яамдуудын сайд нартай уулзаж санал зөвлөмж авах боломж бүрдсэн. Тус уулзалтын дараа бид Хөдөө аж ахуй, газар тариалангын талаар зөвлөгөөн өрнүүлнэ. Тэр үеэр иргэдийн амьжиргааг хэрхэн дэмжих, хөдөлмөрийн таатай орчныг бүрдүүлэх гэх зэрэг асуудалд гарц шийдэл олох төлөвлөгөөтэй байна. Тиймээс Засгийн газраас баталсан төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх, хүн рүү чиглэсэн бодлогыг нутагшуулах гэх зэрэг чухал ач холбогдолтой зүйлс олон. Цаашлаад бид хүнсний ногоо тариалалтаа эрчимжүүлж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахгүй бол болохгүй юм байна гэдгийг ковидын жишээнээс хангалттай ойлголоо” гэв.
Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөний талаар түүнээс нэмж тодруулсан юм.
-2030 он гэхэд Сэлэнгэ аймаг 20 сая мод тарина гэсэн. Тус ажлын явц ямархуу байна вэ?
-Сэлэнгэ аймаг Засгийн газартай 20 сая мод тарих гэрээ хийсэн. Энэ тал дээр манай аймаг 20 сая модыг тарих бүрэн боломжтой. Үүн дээр нэмээд нэг модыг нэг доллар гэж хар. Тэрбум мод гэдэг бол тэрбум долларын хөрөнгө оруулалт юм. Мөн бид энэ аянд нийлүүлэгч аймаг болсон. Тэгэхээр бүх сумдуудынхаа модны судалгааг хийчихсэн байгаа. Мөн сумдуудын удирдлагууд эхнээсээ ирж уулзаж, зөвлөлдөж байна. 2022 оны хавраас эхлэн хөдөө аж ахуйн яамнаас өгсөн газрын асуудлыг шийдвэрлэж жилдээ 20 сая мод нийлүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа юм. Сэлэнгэ аймаг маань монгол улсын хамгийн баялаг төрөлтэй модтой аймаг учраас энэ ажлыг хийх боломж байна.
-Нөөцөд хэр зэрэг суулгац байгаа вэ?
-Одоогоор нөөцөд найман сая суулгац байна. Үүний хоёр сая гаранг нь энэ жилдээ багтааж тарина. Яагаад гэвэл эдгээр моднууд нас насаараа хуваагдана. Үлдсэн зургаан сая суулгацын хувьд нэг настай, зулзаган гэх мэт байгаа. Навчит модыг дор хаяж хоёр нас хүрэхээр нь суулгах учиртай. Мөн Сэлэнгэ аймаг жилдээ 2000 тонн модны үр бэлтгэхээр төлөвлөж байна. 2023 оны намраас эхлэн борлуулалтаа хийхийн тулд энэ хавар болон намар суулгацаа тарих, үрээ боловсруулах гэх мэт олон ажил бий.
-Энэ ажилд мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй компаниуд ажиллах уу, иргэд сайн дураараа нэгдэх үү?
-Бид аль болох иргэдээ энэ ажилд оролцохыг уриалж байгаа. Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй компани гэлтгүй иргэд энэ ажилд оролцох бүрэн боломжтой.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Монголд хоёр байдаг цахилгаанжсан ферм бий. Мөн жинхэнэ сүүний чиглэлийн талын улаан, сементал зэрэг үйлдэрийн үнээнүүд байдаг. Сэлэнгэ аймгийн ургацын 40 гаруй хувь бэлтгэдэг сум юм. Түүнчлэн жилдээ 12.5-15 мянган тонн хадлан тэжээл бэлтгэж, 25-40 мянган тонн төмс, хүнсний ногоо, 170-200 тонн ХАА-н гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг том сум аж.
Ингээд Цагааннуур сумын засаг дарга Ц.Баянбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.
-Өнөөдрийн үйл ажиллагааны онцлогыг юу гэж харж байна вэ.
-Яам агентлагуудтайгаа нүүр тулан сум, орон нутгийнхаа төлөө зөвлөлдөж шинэчлэгдэж буй хууль, хэрэгжүүлэх бодлоготой танилцаж байгаа нь шинэлэг, үр дүнтэй алхам болж байна. Сум гэлтгүй нийт аймагт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, асуудалд гарц гаргалгаа олж, үр дүнгээ тайлагнаж байгаа нь зөвлөлдөх уулзалтын ач холбогдол оршиж байна гэж харлаа.
-Танай суманд ажлын байр хэр зэрэг байна вэ. Мөн газар тариалангын идэвхитэй бүсийн хувьд тариалалтын бэлтгэл ажил хэр зэрэг явна?
-Цагаануур сум 5250 иргэнтэй бөгөөд газар тариалангын идэвхтэй бүс юм. Энэ жил бид 29 мянган га газарт үр тариа тариалахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Үүний хүрээнд техникийн засвар үйлчилгээг хийж, үр тарианы нөөц 90-ээд хувь хангагдсан байгаа. Ажлын байрны хувьд манай суманд жилд 35-50 ажлын байр шинээр бий болдог. Амьдрах нөхцлөөр хангах, ажлын байр шинээр үүсгэхтэй холбоотойгоор сүүлийн 10 жилд суманд 2000 гаруй хүн нэмэгдэж ирж суурьшсан. Өнгөрсөн жил гэхэд 200 хүн нэмэгдэн ирж суурьшсан тоо бий. Мөн төрийн байгууллагаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг тусламж үзүүлж буй нь үүнд нөлөөлсөн гэж болно.
Тус зөвлөгөөнд засаг дарга нараас гадна яамдуудын төлөөллүүд оролцож ерөнхий мэдээлэл өгсөн юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Ариунзаяа тус зөвлөгөөний үеэр хүүхэд хамгаалал, цалин тэтгэврийн талаарх яамнаас авч хэрэгжүүлсэн бодлогын талаар товч мэдээллийг танилцууллаа. Тэрбээр, “Маш олон хүүхдүүд гэртээ цоожлогдсоноос үүдэн ахуйн осолд орж, гэмтэж байна. Энэ асуудалд ажил олгогч бүр анхаарах хэрэгтэй. Мөн тодорхой хэмжээнд байгууллагууд хүүхдийн өрөөтэй болсон байх гэдэгт найдаж байна. Цаашлаад бүх байгууллага энэ жишгийг хэрэгжүүлээсэй. Байгууллага дээр эцэг эхийн зөвлөл байгуулах ач холбогдол гэвэл хүүхэд хамгааллын бодлогыг байгууллага болгон хэрэгжүүлэх боломжтой болно.
Энэ бол зөвхөн яамны хэрэгжүүлэх ажил биш юм. Байгууллага болгон эцэг эхийн зөвлөл байгуулснаар нийгмийн нэгж бүрд хүүхдийг хамгаалах боломж нээгдэнэ. Өнөөдөр хүүхдийг хамгаалах бодлого хэрэгжүүлж чадахгүй бол ирээдүйд улс орон эзэнгүйднэ. Хүүхдийг зөвхөн багш нарт нь даатгах нь сайн хүн болж хүмүүжихэд нь тус болохгүй. Нэн ялангуяа удирдах албан тушаал эрхлэгчид хүүхэдддээ тэр бүр анхаарал хандуулж чаддаггүй. Мөн Сар шинийн босгон дээр тэтгэвэр нэмсэн. Хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаанд байдаг хүүхдээ асардаг эцэг эхийн тэтгэмжийг 188 мянган төгрөг болгосон байсныг эргэн нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгосон. Ирэх жилийн хувьд төсөвт суулгаж 288 мянган төгрөгөөс ч нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Ахмадуудын тэтгэврийг маш богино хугацаанд шийдвэр гаргаж нэмсэн. Тийм учраас энэ шийдвэр ямар ч алдаа мадаггүй байна гэж үгүй. Мөн инфляцын түвшин улсын хэмжээнд 14 хувь байсан тул тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхээс өөр арга байгаагүй.
Цаашдаа инфляцын түвшинтэй уялдуулан байнга нэмж байх нь чухал юм. Цалингийн хувьд өнгөрсөн жил төрийн үйлчилгээний албан тушаалтнуудын цалингын доод хэмжээг баталсан. Үүнийг бид олон нийтэд зарлаагүй. Учир нь олон нийт цалин нэмэгдлээ гэдгийг сонсоод үнийн өсөлтийг үүсгэдэг. Тиймээс ил тод мэдээлэх үүрэгггүй гэж үзсэн” гэлээ. Түүнчлэн хоёр дахь өдрийн зөвлөгөөнөөр тус аймгаас хүрэлцэн ирсэн зочид Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай хамтран ажиллах уулзалт хийж санамж бичигт гарын үсэг зурах юм. Ингэснээр Сэлэнгэ аймаг нийслэл хоттойгоо харилцаа холбоо, хамтын ажиллагааны хүрээнд нягт холбогдох боломж үүснэ. Мөн үйл ажиллагааны төгсгөлд шилдэг сумдуудаа шалгаруулах аж. Хүнээ дээдэлж, хамтдаа хөгжихийн гол нууц нь ажлын байрыг хангалттай болгож, хөдөлмөрлөх ая тухтай орчинг бүрдүүлэн ажилчдын нийгмийн хэрэгцээг цогцоор нь хангаж өгөх юм. Зөвлөгөөнөөс гарсан санал зөвлөмжийн дагуу иргэдийн нийгмийн асуудал болох цэцэрлэг сургуулийн хүртээмж, сумандаа сайхан амьдрах боломжоор хангах нь орон нутаг цаашлаад улс орны хөгжилд томоохон нөлөөтэйг оролцогчид ойлгож авсан байна.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )