УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.18/ нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар мэдээллийг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Газрын шинэтгэлийн бодлого байна. Цаашид замбараагүй олгосон газрыг яах вэ, ер нь газрын олголт харилцаатай холбоотой асуудлыг яах вэ. Цахим шилжилт чинь газрын харилцаа дээр юу болж дууссан бэ" гэх асуултыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт тавилаа.
Үүнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Бид газрын багц хуулиараа шинэтгэлийг оруулж ирж байгаа. Тусгай хамгаалалттай газар маань хаань байдаг нь тодорхойгүй байсан бол нэгдсэн олголтоороо шийдэгддэг болсон. Өмнө Сэлэнгэ аймгийн Ерөө суманд олгогдсон газрыг ч мэддэггүй байсан. Одоо бол нэгдсэн системтэй болсон" гэх тайлбарыг өглөө.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Надтай хамт алба хааж байсан бүх цэргүүдэд баярын мэнд ээ. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, манай энэ УИХ-ын гишүүд, дарга нар хугацаат цэргийн албаа хаадаггүй шүү. Ядаж цаашид үр хүүхдүүдээ хаалгуулдаг, төрийн албанд цэрэгт явсан хүмүүсийг авдаг тал дээр анхаарч ажиллаарай гэж хэлье" гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Газар олголт явагдаж байгаа. Гэхдээ эдийн засгийн ямар ч үр ашиггүй газарт л газар олголт явагдаж байна. Бүх ашигтай газрыг эрх мэдэлтнүүд хуваагаад авчихсан байна. Барилгын яам ямар нэгэн байдлаар бэлчээрийн газар, бэлчээр болон газар тариалангийн маргаантай холбоотой тал дээр огт ажил хийхгүй байна. Энэ бол буруу юм аа. Бэлчээрийн маргааны асуудлыг уул уурхайн зориулалтын бус олборлолтоор үүсэж байгаа. Үүнд анхаарах хэрэгтэй байна" хэмээн ярилаа.
Улмаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Сэтгэгдэл ( 0 )