Ах нараа дуурайж “хууль засчихдаг” том толгойтой болохоос бус гайгүй хуульч юм гэсэн. Тэрбээр Мэргэжлийн хяналтын газрын даргаар нэг жил орчим төөрч яваад ирснээс бус сүүлийн 20 гаруй жил хууль, эрх зүйн чиглэлд дагнан ажилласан юм билээ. МАН ялагдлынхаа үед зурвасхан хугацаанд буюу 2015 онд Засгийн газарт хамтарч, мань эр тэр үеэр энэ албыг хашсан хэрэг. Бас л олон намууд хамтарч, салж нийлж байх үед буюу 2007-2009 онд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар ажилласан гэхээр зодоон, тулаан дундаас эрх биш нэг алба хашаад явсан бололтой юм. Улс төрд өргөж дэмнэж, нөлөө үзүүлсэн хүн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэдэг. Хүний муу хүнд халддаг бол түүнд улс төрийн эвгүй нүүдэл, муу муухай бүхэн далд хэлбэрт оршиж байгаа гэж ойлгож болно. Нөгөө талаар хүний сайныг өөртөө шингээж чаддаг бол бас л хоосонгүй байж таарна. Тэр Н.Энхбаярын Засгийн газарт бүтэн ажилласан төдийгүй түүнийг Ерөнхийлөгч байхад хуулийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан учраас ийнхүү Н.Энхбаяртай нааж ойлгодог байж болох юм.
Тухайн үед Н.Энхбаярын Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс Ш.Раднаасэдийг түүний “бууны нохой” хэмээн харддаг байсан гэдэг. Магадгүй л юм. “Айсан хүмүүст аргал хөдлөөд” байсан уу, үнэхээр “бууны нохой” байсан уу гэдгийг мэдэх аргагүй учраас хойш тавъя. Ямартай ч тэр Н.Энхбаярыг дагаагүй, өөрийнхөө зам мөрөөр явж өнөөдөрт ирсэн хүн.
Харин 2019 онд Ш.Раднаасэд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөх, намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Тэр ч өөрөө намаас гарах өргөдлөө өгч байсан юм даг. Цааш яваад толгой хоргодох улс төрийн хүчин зүйл байсан гэдэг нь харагдана. Түүнээс бус ид улс төрийнхөө карьер дээр зогсож байгаа залуу хүн гэнэт өргөдлөө өгөөд “ханхалзана” гэж юу байхав. Арга ядахад Н.Энхбаяр ах нь харагдсан байж болох юм. Хууль засна гэдэг дааж давж гарах асуудал биш ч гэлээ тэр засчихсан. Өнөөдөр ч хэрүүл дагуулсаар байгаа.
Ш.Раднаасэдийг чамгүй сайн хуульч гэж эрх баригч нам дотор ч тэр, парламентын хэмжээнд ч авч үздэг. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөн, АНУ, БНСУ, Австрали, Турк зэрэг улсуудад эрх зүйн судалгааны ажил хийсэн гэхээр энэ тал дээр сурч мэдсэн зүйл арвинтай нөхөр байх. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст шинжээч, референтээр ажиллаж байхдаа гол гол хуулийн төсөл дээр сууж байсан догь толгой гэдэг. Үүнээс гадна МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хуулийн бодлогын зөвлөх, МАН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны даргаар тус тус ажиллаж байхдаа ч тэр хууль, эрх зүйн орчноосоо огтхон ч хөндийрөөгүй, МАН-ын гол гол хуулийн төслийг тэр л гардаж байв. Ажлынхаа гарааг ч Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн удирдлага, нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтнээр эхлүүлсэн гэхээр түүнийг хууль, эрх зүйн орчноос салгаж ойлгох аргагүй. Ийм л шат дамжлаг, улс төрийн замналтай явж ирсэн нөхөр 2016 онд Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдож ирсэн. Парламентад ирээд удаагүй байхдаа Хууль зүйн байнгын хорооны дарга болсон. Энэ үедээ ангийнхаа хүүхдийг хэргээс мултлах гэж “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-д хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хасаж, хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон гэх маргаан дагуулж байв. Одоо ч дагуулсаар байдаг зүйл.
Энэ үеэр тэр “Сүүлийн үед мэргэжлийн хяналттай холбоотой асуудлыг надтай хамаатуулж байна. Мэргэжлийн хяналтын хоёрын нэг нь надтай нэг төгсөлтийнх нь үнэн. Надтай хамт төгссөн 130 гаруй хүнийг хэрэгт холбогдохоор Ш.Раднаасэд ард нь байна гэх нь байж боломгүй. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импорт, хорио цээрийн газрын дарга Э.Аззаяа намайг ажиллах нэг жилийн хугацаанд мэргэжлийн хяналтын газар ажиллаж байсан. Тэндээ л байгаа. Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байсан 2000 байцаагчийн үйлдсэн хэрэг болгоны цаана Ш.Раднаасэд байна гэвэл үүн шиг том гүтгэлэг байж болохгүй. Энэ асуудлаар Ш.Раднаасэдийг харлуулах зохион байгуулалттай ажлыг хүний өөрийнгүй хийж байна. Манай намаас ч, нөгөө талаас ч хийж байгаа” хэмээж байв. Товчхондоо “Хүний эрхийг дээдэлж хуульд өөрчлөлт оруулсан” хэмээн тайлбарлаж байсан. Намаас гарах өргөдлөө өгөх хэмжээнд тулгарсан энэ асуудал тэгэсхийгээд чимээ намдаасан юм даг. Ш.Раднаасэд хуульч хүн хүний эрхийг ардчилсан зарчмаар дээдлэх замаар хууль зассан байж болох ч МАН дотроо яагаад гал авалцах болов гэдэг нь өнөөдөр ч сонирхол татна.
Өдгөө Хөгжлийн банктай холбоотой асуудал ид дэгдэж байна. Гэтэл “Чанаргүй зээл”-ийн ангилалд багтсан нөхөд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр ял завших” гэж байгааг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлж байсан. Өөрөөр хэлбэл Ш.Раднаасэдийн зассан хууль тэдэнд боломж олгож байгаа хэрэг. Бүр тодотговол Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад хамтран энэ хуулийг лоббидож оруулсан гэх яриа ч байдаг. Банк гэснээс мань эрийг Капитал банкнаас зээл авсан хэмээн хэвлэл мэдээлэлд дурдсан байдаг. Уг нь Ц.Нямдоржийг “Орондоо хууль зассан” хэмээн одоо хүртэл ярьдаг бол Ш.Раднаасэд хэмээх шинэ цагийн “Хууль засагч” гарч ирлээ хэмээн ярих болжээ.
Тэгвэл түүнийг хоёр ч удаа сонгосон Говь-Алтай аймаг нь өрсөлдөх чадвар гээд олон зүйлээрээ сүүл мушгидаг аймгийн нэг гэхээр хэрхэн ажиллаж байгааг төвөггүйхэн харуулна. Эрхэм гишүүн маань бүтээн байгуулалтаас эхлээд олон ажил хийж чадахгүй байгаа учраас Итгэлт хамба, Байгаль нуурын чиглэлд тойргийнхоо сонгогчдыг аялуулдаг хэмээн шүүмжлэлд өртөх нь бий. Уг нь түүний үүрэг ч байшин барилга барьж, зам зурайлгаад байх ч биш л дээ. Хэтрүүлэн засаж сэлбээд байхгүй бол хууль санаачлан батлуулах л үүрэгтэй юм.
Парламентын баячуудтай харьцуулаад байхаар хөрөнгө чинээ байхгүй ч яаж жирийн иргэнтэй дүйж харах билээ. Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад хэдэн арван саяаар тоологдох орлогтойг мэдүүлжээ. Мөн 270 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай бол “Хан сутай” компанид 33 хувь, “Мон жаст” компанид 30 хувийг тус тус эзэмшдэг гэжээ. Үүнээс харахад парламентын баячуудын инээд хүрэхээр ч гэлээ сонгогчдынхоо дунд бол баян хүн байж таарна.
Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймаг, тавдугаар тойрогт 10 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөд 14.235 хүний санал авч, хоёрдугаарт эрэмбэлэгдэн гарч ирсэн байдаг. Араас нь АН-аас О.Амгаланбаатар 12.763, О.Батханд 10.620 хүний санал тус тус авсан нь их л ойрхон ирсэн нь харагдана. Гагцхүү тухайн үед МАН-ын нэр хүнд айл бүхний хойморт шахам залаастай байсан нь нөлөөлснөөс хувь гишүүнийхээ зүгээс бол унаж дууссан гэдэг нь харагдана. Нэг том нөлөөлөл үзүүлсэн зүйл бол Говь-Алтай аймагт 2020 оныг угтуулан хатуу хучилттай автозам оруулсан явдал байв. Үүнийг Ш.Раднаасэд оруулаагүй л дээ. Гагцхүү тухайн үед Зам, тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалан түүний баг хамт олны хөдөлмөр зүтгэл байсан. Тэгэхээр мань эр хамтрагчийнхаа хөдөлмөр зүтгэлийн үр шимийг хүртсэн гэж болохоор.
Мянган километр шороон замаар нүдүүлж нутагтаа хүрдэг асан алтайчуудад хатуу хучилттай зам оруулна гэдэг яах аргагүй том буян. Энэ л түшсэн хэрэг. Харин айсуй 2024 онд чухам юу барьж, ярьж сонгогч олондоо очих гэж байгаа хүн юм бол доо гэх нэг бодол байна. Нэг л хоосон харагдана. Цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн байдал сайнгүй байна. Ийм цагт Хөгжлийн банкнаас зээл авсан эрх мэдэлтнүүдийн “чанаргүй зээл” гэгч хөөн хэлэлцэх хугацаагаар завшсан байх аваас Ш.Раднаасэдийг сонгох нь бүү хэл чулуугаар нүүлгэх байх даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
huniig estoi eldbeer muulah umaa! dabhar dabhar bugdiig ni harluulna adgiin muusain nobshnud uursduu otgois uugui bj haragdaacheee
Оймсондоо доллар хийсэн Баярсайхан бол Авилгач Аяа буюу Раднаасэдийн авилгалын нэг тэжээгч. Авилгалын сүлжээнд дарга нар нь доод албан тушаалтнуудаараа авилгал авахуулж хуваалцаад хариуд нь элдэв шорон шүүхээс хамгаалж байдаг. Хөөн хэлэлцэх хугацааг зассан Раднаасэд ард түмнийхээ өмнө залруулах аргагүй нүгэл үйлдсэн дээрэмчин. Манай хөдөөгийнхөн мал шиг хүмүүс юм. Булганыхан хүчин хийсэн Анандбазарыг сонгоод, Говь Алтайнхан авилгалч Аяаг сонгоод байдаг.