Ж.Сайлау: Наурызын баярыг домборгүйгээр төсөөлөх боломжгүй

2023 оны 03 сарын 22

Наурызын баяр нь өдөр шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22 буюу өнөөдөр болдог билээ. Уг баярыг Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учран золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдгоороо онцлогтой ажээ. Ингээд Наурызын баярын талаар  Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 30-аад жил үндэсний өв уламжлалаа гээлгүй амьдарч байгаа Ж.Сайлаутай ярилцлаа.

Тэрээр энэ сайхан уламжлалаа цааш нь илүү олон жил үлдээхийн тулд оёдлын цехээрээ дамжуулан, хүүхэд залуучуудад казах үндэсний хувцас оёх аргыг заадаг ба одоо зургаа дахь жилдээ зааж сургаж байна.


-Юуны түрүүнд танд Наурызын баярын мэнд хүргэе. Баярын өдрөөрөө юу хийж, хэрхэн өнгөрүүлдэг, мөн монголын уламжлалт баяруудаас юугаараа өөр талаар ярихгүй юу?

-Наурызын баярыг ахан дүүс, хотол олноороо учран золгож, настнуудаа хүндэтгэнэ. Наурызыг тэмдэглэх нь хүүхэд залуусын хүмүүжилд чухал нөлөөтэй. Бидний хувьд том баяр. Наурыз нь шашны баяр бус байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм. Шинэ онд хэрхэн ажиллаж, амьдрахаа ахмадуудаараа заалгана. Настнууд үр хүүхэд, залууст эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг сайхан ёслол юм. Мэдээж эхлээд айл өрх болгон Наурызын баяртаа сайтар бэлтгэнэ. Наурызын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулгаж, эмэгтэйчүүд сүү, цагаан идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад мэндчилдэг байж. Дараа нь “газар эх минь ивээлээ хайрла” гэж нээсэн худгийг нүхэнд тос асгаж, шинэ тарьсан модонд сүүгээ өргөдөг. Идээ будаагаа бэлдэхээс гадна гэр орноо сайхан цэвэрлэдэг. Залуу охид аав, ах нартаа зориулан шинэ тоорцгон малгай хийж, хээлж өгнө. Хөвгүүд модоор шанага, халбага, аяга, тэвш зэрэг хийж чадах, гэрт хэрэгтэй ахуйн хэрэглээний зүйлийг урлаж хийнэ. Эмэгтэйчүүд гэр орноо баяраар гоёх бөгөөд уран гартнаа гайхуулах нэг бололцоог бүгдэд олгодог. Шинэ онд “арилгасан сонгино” шиг цэвэр цэмцгэр байвал тэр жилдээ өвчин зовлонгоос хол байна хэмээн итгэж гэр орон доторх бүгдээ тоос шороо, хир буртгаас арилган галаар ариутгана.

Залуус болон идэр насны эрс сахал самбайгаа авч, үсээ янзлах бол эмэгтэйчүүд хүүхдүүдээ усанд оруулан, хумсыг нь авч хир буртгаас нь салгана. Шинэ хувцсыг нь бэлтгэн, өөрсдөө ч өмсөх өмсгөл зүүлтээ бэлтгэнэ. Энэ нь шинэ ондоо хир буртаггүй, ариун орвол тухайн жилдээ тийм сайхан явах болно гэдэг бэлгэдэлтэй салшгүй холбоотой байдаг.

-Нау­рыз гэдэг үгийн утгын тухайд тайлбар хэлэхгүй юу?

-Наурыз бол хаврын “төрсөн өдөр” гэсэн үг. Казахын ард түмэн Наурыз тохиож буй энэ өдрийг Улыстын Улы Күны гэж нэрлэдэг. Энэ нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу зон олны алдарт өдөр гэсэн утга илэрхийлдэг. Казах түмэн Наурызын баярыг тэмдэглэхдээ амьдралын үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалах үйлстэй холбохын зэрэгцээ ахас дээдсээ хүндэтгэн, багачууд хүүхдээ энхрийлж, төрөл төрөгсөд, хамаатан садантайгаа ёс төртэй золгодог зон олон юм. Тэмдэглэж буй арга хэлбэрийн хувьд үндсэндээ монгол түмний Цагаан сарын баяртай яг адилхан. Өөрөөр хэлбэл, нүүдэлчин ард түмний хувьд өглөө эртлэн босч, ахмад настай хүмүүстээ очиж золгон, хүндэтгэл үзүүлдэг. Айл болгон тас таркан буюу идээ засна. Гэрт орж ирсэн хэнийг ч бай сайхан дайлж, цайлаад гаргадаг уламжлалтай. Наурызын өдөр ямар ч хүнийг гомдоохгүйгээр аль болох баярлуулах ёстой. Тухайн айлд ирсэн хүн баян чинээлэг, ядуу зүдүү ч байж болно. Хүн болгоныг сайхан дайлна. Учир нь, тухайн зочилж ирсэн хүнийг дагаж, тэр айлд буян орж ирнэ гэж бэлгэшээдэг юм. Буянтай хүн орж ирж байна гэсэн утгаар хүндэтгэж, хүлээн авдаг.

-Наурызын баяраар казах ард түмэн архи хэрэглэхийг цээрлэдэг гэж дуулсан юм байна. Яагаад хориглодог вэ?

-Казах иргэдийн хувьд архи уух асуудлыг баярын үед цээрлэдэг. Түүхээс харахад манай нутагт архи байгаагүй юм билээ. 1950-иад оноос л архи гэдэг идээ орж эхэлсэн гэж түүхчид бичсэн байдаг. Гэхдээ зөвхөн энэ баяр ч гэлтгүй хурим найранд ч архи хэрэглэдэггүй. Исламын шашинд архи дарсыг цээрлэдэг мөн бусад идээ будааны дэргэд байж болдоггүй, харам буюу хар идээ гэж үздэг. Ариун идээний дэргэд байлгаж болдоггүй уламжлалтай. Харин айргийг элбэг хэрэглэдэг.

-Наурызын баярын зоогийн ширээ яах аргагүй нүд баясгам сайхан харагддаг. Мэдээж баярын зоог өөрийн гэсэн утга учир илэрхийлдэг болов уу?

-Дастархан буюу дэлгэсэн ширээн дээрээ их элбэг дэлбэг, олон төрлийн зүйлс дэлгэсэн байдаг. Наурызын баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгvй нэр төрлийн хоол байх учиртай. Дастарханд хэн ч бай заавал гараа угааж байж хүрэх ёстой. Гараа угаахгүй бол хоол идэх эрхгүй гэсэн үг. Казах айл бүхэн услаг буюу “сулык”, тослог буюу “майлык” гэсэн усны ба тосны хоёр алчууртай байна. Харин ахмад хүмүүсийн болон зочны гарт усыг тэр гэрт байгаа хамгийн бага настай нь хийж үйлчилнэ. Ингэхийн учир бусдыг хүндлэх бохир гарын өвчнөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ хувцас хунараа бохрдуулахаас сэргийлж байгаа хэрэг юм.  

Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй гэж үзэж бүтэн жилийн турш идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж, шөнө бүх сав суулгандаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш зэрэг будааны төрөл болон булгын тунгалаг усаар дүүргэж тавьдаг. Идээ, будааны хамгийн гол нь Наурыз көже буюу Наурызын шөл нь баярын гол зоог бөгөөд ихээхэн хүндэтгэлтэй идээ байдаг. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, аарц зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний идээний дээж ордог уламжлалтай. Наурызын шөлийг том тогоонд хийж олуулаа хүртэнэ. Нэг тогооноос идсэн хүмүүс эвтэй найртай байж, найзалж, нөхөрлөхийг бэлгэдсэн заншил юм. Көжег 40 айлд орж амсах ёстой гэж үздэг. Яагаад гэвэл казахууд 40-ийн тоог эрхэмлэдэг. Казахууд 40 настай эр хүнийг эрийн цээнд хүрсэн гэж үздэг. 40 хоргол буюу чулуугаар мэргэлдэг, нас барсан хүнд долоо хоногт 40 гэрэл асааж хүндэтгэл үзүүлдэг, нас барагсдын 40 хоног дээр нь ёслол үйлдэж ном уншуулдаг гэх мэт ёс баримталдаг.

-Казах ард түмний үндэсний хувцасны талаар дэлгэрэнгүй яриач?

-Казах түмний үндэсний хувцас нь насны онцлогоос шалтгаалж янз бүрийн хийц загвартай. Тухайлбал, нөхөрт гараагүй охид бүсгүйчүүд малгай дээрээ шар шувууны өд хатгасан байхад нас тогтсон эмэгтэйчүүд хээ хуар урласан цагаан торгоор толгойгоо боодог. Баярын гоёлоо цөм өөрийн гараар урладаг төдийгүй Наурызын баяраар охид нь аав болон ахдаа тоорцог малгай хээлж өгөх зэрэг охид хүүхнүүд тун ч завгүй өнгөрөөдөг. Казах үндэстний хувцас нь анх харахад амархан мэт санагддаг байж мэдэх юм. Заримдаа танихгүй хүн юу болохыг мэддэггүй. Жишээ нь, том амьтны арьсаар хийсэн нэхий дээлийг "ая" гэж нэрлэдэг боловч "арьс" нь жижиг үстэй амьтны арьсаар хийсэн байдаг. Одоо хүртэл орон нутгийнхан, ихэвчлэн хөдөө орон нутгийн хүн ам нь хун, гонзгой, аалзнаас гардаг оёдол юм. Казах охидын үндэстний хувцаслалт нь  хатгамал оёдолоор чимэглэгддэг. Гөлгөр нүүр, чимээ, ургамал, геометрийн хэв маягийг товойлгон гаргахдаа амьтдын болон хүмүүсийн зургийг ихэвчлэн ашигладаг байсан. Заримдаа хатгамал бол бүхэл бүтэн түүх байсан.  

-Энэ баяраараа айлд очоод дуулж хуурдаж тоглож наадах ёсон байдаг уу. Монголчууд маань цагаан сараар битүүлэх гэж нэг ёс бий. Харин Казак түмэнд ямар байдаг вэ?

-Наурыз гээд дуу байдаг. Өөр олон сайхан дуу байгаа. Казак ард түмнийг домбор хөгжим, бүргэд хоёргүйгээр төсөөлөшгүй. Бид одоо Монголд суурьшаад их олон жил болсон учир хүүхдүүд казак дуу мэдэхгүй, зарим нь бүр казакаар ярьж чадахгүй байна. Бид аль болох энэ өдөр казакаараа дуулж хуурдаж, үлгэр домог ярихыг чухалчилдаг. Наурызын урдах өдрийн нар жаргах үед нийтийн дунд хоёр найрагч гарч ирээд муу сайн, халуун хүйтэн, өвөл зуныг дүрслэн өгүүлж өөрсдөө газар дээр нь зохиож харилцаа дуугаар өрсөлдөж эргэн тойрноо шүлэглэн дуулах тэмцээн буюу “Айтыс”-ыг эхлүүлдэг. Харанхуй болмогц энд тэнд түүдэг асааж, тэдгээрийг тойрон бүжиглэн дуулж, хуурдацгаана. Үүнийг “Аластау” буюу галд шүтэх, галаар ариусгах ёслол гэдэг. Залуучууд гадаа ардын уламжлалт тоглоомуудыг тоглож наадна. Мөн Наурызын баярыг домборгүйгээр төсөөлшгүй баяр юм. Домборыг нарс модыг сайн хатааж байгаад урладаг, хоёр чавхдастай хөгжим. Уг чавхдасыг эрт үед хонины өлөнгөөр хийдэг байсан бол одоо сатуркаар хийдэг болсон. Домбороор олон арван төрлийн ая эгшиглүүлж болдогоороо гайхалтай.

-Наурызын баяраа хэдэн оноос тэмдэглэдэг болсон бэ. Тасралтгүй тэмдэглэж ирсэн үү?

-Монголын хүн амын арав орчим хувийг эзэлдэг Монголын казахууд энэ баярыг 1921 он хүртэл чөлөөтэй, 1930-аад оны дунд хүртэл алдаг оног тэмдэглэж байгаад социализмын үед огт тэмдэглэхээ больсон. Харин одоо манай орны казах иргэд энэ баярыг гуравдугаар сарын 22-нд Баян-Өлгий аймагт бүх нийтийн үндэсний томоохон баяр болгон тэмдэглэх болсон. Энэ өдөр Монголын казах иргэд амарч, Наурызын баярыг чөлөөтэй тэмдэглэхийг Хөдөлмөрийн хуулиар баталгаажуулж өгсөн нь Монгол Улсын төр, засгаас үндэсний цөөнхийн ёс, заншил, эрх чөлөөг хүндлэн дээдлэж ирсний илрэл. Наурызын баяр албан ёсоор дэлхий нийтийн соёлын үнэт өв болсноор дэлхий нийтийн баяр болсон нь манай казах үндэстний бахархал. Мөн манай улсын төр, засгийн тэргүүнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр казах иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, казах иргэдийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч санал бодлыг нь сонсож, зарим ахмадуудын гэрт нь очиж хүндэтгэл үзүүлж, хөдөлмөр бүтээлийг нь үнэлж төрийн дээд шагнал, алдар цол, одон медалиар шагнадаг уламжлал тогтсонд манай казах иргэд туйлын баяртай байдаг. Наурызын баяр маань их сайхан болж байгаад сэтгэл өндөр байна.

-Таныг бага залуу байхад  казахууд Наурызын баяраа яаж тэмдэглэдэг байсан бэ. Дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Дээр үед Наурызын баяр тэмдэглэхдээ казахын уламжлалт көкбер, кызкуар зэрэг тоглоом наадгай болон Айтас, Бүргэдийн баяр гэх зэрэг олон нийтийг хамарсан зан үйл өргөн дэлгэр байсан. Айтас гэдэг нь домбороор тоглон дуулж, уран яруу харилцан яриагаар мэтгэлцэх уламжлалт урлаг юм. Наурызын баярын бэлтгэл гуравдугаар сарын 20-ноос эхэлдэг. Энэ үед байгалийн нүдийг нээх буюу гол горхи цэвэрлэх, цэцэг мод тарьж эхэлнэ. Гэр бүл болон, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд нь хоорондоо эвтэй байх зэргээр ёс уламжлалаа сахидаг. Түүнчлэн энэ өдөр архи дарс хэрэглэхгүй, элдэв муу үг хэлэхгүй, хэрүүл маргаан гаргахгүй, аль болох өөдрөг сайхнаар баяраа угтаж тэмдэглэдэг уламжлалтай. Наурызын баяраар уламжлалт хошин урлагийн болон ёс заншлаа харуулсан үндэсний концерт их болдог байсан.

Н.ЕРКЕГҮЛЬ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top