Х.Булгантуяа: Дөрвөн дүүрэгт 30 хороо нэмж байгуулсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Ер нь бол хувь хүний гэрийн хаяг ч хамаагүй бичигдээд байх ёсгүй. Иргэний үнэмлэх гэхээр бүх хүн шинэчлэх болно. Нийслэлийн дөрвөн дүүрэгт 30 хороо нэмж байгуулсан. Иргэд хороо нь өөрчлөгдсөн эсэхийг ч мэдэхгүй л сууж байгаа шүү. Хоёрт, хаягжуулалтынхаа асуудлыг шийдэхгүй юм уу, шийдмээр байна. Энэ ажлыг хэзээ яаж хийх вэ" гэх асуултыг тавилаа. 

Үүнд, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Зардал гаргахгүй. Жилд дунджаар 100-120 мянган хүн иргэний үнэмлэх авдаг. Дээр нь хаяж гээсэн 100-120 мянган иргэний үнэмлэх шинээр авдаг. Тэгэхээр жилд ойролцоогоор 250 мянган хүний иргэний үнэмлэхийг шинэчлээд явна. Ойрын 3-4 жилдээ шинэчлэх ажил явагдана. Төрөөс ямар ч зардал гарахгүй. Хорёт, Хаягжилтын тухай хуулийн төсөл боловсруулах чиглэл өгсөн. Таны хэлээд байгаа ойлгомжгүй, задгай гэсэн хаягийг цэгцлэхээс гадна үл хөдлөх хөрөнгөнд суурилсан дахин давтагдашгүй хаяжилтын асуудал яригдаж байгаа гэхэд болно" гэх хариултыг өглөө.  

Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Гадаад паспорт болон иргэний үнэмлэхийг цахимаар захиалдаг болсон нь давуу тал. Одоо 30 хорооны иргэдийн асуудал байна. Тэр хүмүүс мэдээгүй сууж байтал хороо нь өөрчлөгдсөн. Хэрэв төр шийдвэр гаргаад тэр хүний бичиг баримтад нь өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд тэр хүнээс биш төрөөс мөнгийг нь гаргах боломжтой юу" хэмээн нэмж тодруулахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Улаанбаатар хот 152 хороотой байсан. Одоо 190 гаруй хороотой болсон. Хороог 10.000-аас доош хүн амтай байх нэгж гэж тооцож, хороодын тоо нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан иргэний бичиг баримт, газар эзэмших эрхийг өөрчлөх шаардлага гарсан. Яг энэ чиглэлээр тусдаа хамтраад тухайн иргэний бичиг баримт, газар үл хөдлөхийн бичиг баримтыг шинэчлэх ажлыг зохион байгуулна" гэлээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top