Урь унаж, нар наашилсан энэ цаг дор Улаанбаатар хотоос 500 гаруй километр давхисаар Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт ирлээ. Уудам говийн тэнүүн талд техник хэрэгслийн дуу нүргэлж, хүнд үйлдэрийн их бүтээн байгуулалт сүндэрлэн боссон нь энэ аж. Үзсэн хүн өөрийн эрхгүй сүрдэн гайхахтай зэрэгцээд магтан бахархах уг бүтээн байгуулалт бол Монголын хүнд үйлдвэрийн салбарт жишиг тогтоож буй Монполимет группийн Монцемент үйлдвэр юм.
МОНЦЕМЕНТИЙН ЗАЛУУС
Угаас зочломтгой монгол зангаар унд, цай болон биднийг угтсан Монцементийнхэн ихэнх нь залуучууд ажээ. Тухайлбал, Үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун, үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Мэндбаяраас эхлээд ээлжийн ахлах, инженер техникийн ажилтнууд ихэнх нь залуучууд гэдэг нь анзаарагдсан юм. Бид хоолны ширээний ард хол ойрын сонин хачин хөөрөлдөхтэй зэрэгцээд Монцемент үйлдвэр үүсгэн байгуулагдсан түүхээс товчхон сонслоо.
Орчин үеийн цементийн үйлдвэрийн гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулалт, санхүүжүүлэлт, инженерийн зураг төсөл, барилга байгууламжуудын барилгын ажил, тоног төхөөрөмжийн угсралтын, суурилуулалтын их бүтээн байгуулалт, чанарын хяналт, худалдан авалт, импорт, хүргэлт тээвэрлэлтийн нөр их ажлыг Монгол Улс, Их Британи, Швейцарь, Бүгд найрамдах Энэтхэг, Франц, БНХАУ олон улсын төслийн багийнхан хамтран гүйцэтгэжээ. Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Монцемент 2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр үйлдвэрлэлээ эхлүүлсэн гэнэ. Тэр цагаас үндсэн 1000 орчим, туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдаа багтаавал 2000 гаруй залуучуудыг ажлын байраар хангаж иржээ.
АЛСЫН ЗАЙН УДИРДЛАГАТАЙ АВТОМАТ ҮЙЛДВЭР
Цементийн үйлдвэртэй танилцах гэж яваа сэтгүүлч миний санаанд бутарч бургисан шороо тоостой үйлдвэрийн дүр байдал өөрийн эрхгүй бууж явсныг нуух юун. Харин энэ бодлоо үйлдвэртэй танилцах эхний алхам дээрээ л орхих нь тэр. Хамгийн түрүүнд Монцемент үйлдвэрийн төв удирдлагын байраар орлоо. Хананд тогтоосон том гэгчийн дэлгэцүүд дээр үйлдвэрлэлийн үйл явц бүхэлдээ харагдах агаад тэдгээрийг хянаад инженерүүд нь сууж байх. Үйлдвэрлэлийн бүх процесс автоматчилагдсан. Алсын зайн удирдлагаар тоноглогджээ. Техник технологийн хөгжил дэвшил гэдэг ийм гайхалтай аж.
Барилга бүтээн байгуулалтын ажилд хамгийн өргөн хэрэглэгддэг бидний мэддэг цемент нь ямар шат дамжлагаар хэрхэн үйлдвэрлэгдэж, эцсийн бүтээгдэхүүн болдог талаар үйлдвэрийн Үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Мэндбаяр тайлбарлаж өглөө. Тэрбээр “Манай үйлдвэрийн технологийн хамгийн гол давуу тал нь эко гэдгээрээ онцлогтой. Ганцхан жишээн дээр тайлбарлаж өгье. Цементийг нойтон болон хуурай гэсэн хоёр аргаар боловсруулдаг. Бидний сайн мэдэх Хөтөлийн цемент шохойны үйлдвэр хуучин нойтон аргаар цемент үйлдвэрлэдэг байв. Энэ нь цементийн үндсэн түүхий эдийн орцоо зутан байдалтай бэлтгэж, хольцоо тохируулдаг. Бэлтгэсэн нойтон хольцоо шатаахад маш их эрчим хүч, энерги зарцуулна. Харин хуурай цемент үйлдвэрлэхэд түүхий хольцоо хуурайгаар нь бэлддэг. Улмаар хуурайгаар дулааны боловсруулалтаа явуулаад цементээ гаргаж авдаг. Энэ нь нойтон аргаас эрчим хүчний хэрэглээ 4.5 дахин бага зарцуулж, цемент гаргаж авах боломжтой гэсэн үг" гэлээ.
ДЭЛХИЙН ЖИШИГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛД НУТАГШУУЛСАН НЬ
Монцементийн үйлдвэрээс онцлох өөр нэгэн чухал зүйл хаягдал дулаанаас эрчим хүч үйлдвэрлэх WHR системийн цахилгаан станцыг буй болгосон нь байлаа. Монгол Улсын анхны бөгөөд одоогоор цорын ганц гэж хэлж болох тус цахилгаан станц нь цагт таван мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. 2016 оноос хойш бүрэн хүчин чадлаараа ажиллаж, өдгөө 40 гаруй сая кв.т цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлээд байгаа аж. Ингэснээр үйлвэрийнхээ цахилгааны хэрэгцээний 40 орчим хувийг өөрсдөө хангаж байгаа гэнэ.
Төсөл хэрэгжиж буй Дорноговь аймгийн Өргөн сум төвийн эрчим хүчнээс нэлээд алслагдмал. Эрчим хүчний хязгаарлалтад байнга ордог газруудын нэг. Тэгвэл дээрх хүндрэлийг арилгахад WHR технологийн цахилгаан станцын үүрэг өндөр, ач холбогдол ихтэй гэдэг нь тодорхой байгаа юм. Дэлхийд гарын таван хуруунд багтахаар цөөхөн байдаг энэ төрлийн станцыг Монголд нутагшуулж, үр өгөөжийг нь хүртэнэ гэдэг яах аргагүй үндэсний хэмжээний жишиг үйлдвэрлэлийн технологи гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛ ЭКОЛОГИ
“Манайх бүх технологио байгаль орчинд ээлтэй байхаар сонгодог” хэмээн Монцемент үйлдвэрийн инженерүүдээс эхлээд удирдлагууд яриа болгон дээрээ дурдаж байгаа нь анзаарагдлаа. Ярихаас илүү бодит ажил хэрэг болгосон явдал нь сайшаалтай. Монцементийн үйлдвэрлэл, технологийн асуудал дээр хөндлөнгийн аудитын байгууллагаас хяналт тавьж, 60 орчим тонн хүлэмжийн хийг бууруулсан гэсэн судалгааг гаргажээ. Говийн бүс нутагт ус юутай ч зүйрлэшгүй эрдэнэ.Тэгвэл тус үйлдвэрт усыг 90 хувь цэвэршүүлээд дахин хэрэглэж байна гээд бод. Ийм эко технологийн үйлдвэрлэлийг эх орондоо буй болгоно гэдэг үндэсний хэмжээний бүтээн байгуулагчдын чадвар чансааг тодорхойлох шалгуур ч гэж хэлж болмоор санагдлаа.
Нэмж хэлэхэд, Монполимет группийн Монцементийн үйлдвэрлэлийн энэ төсөл нь 2017 онд Европын сэргээн босголтын банкны “Тогтвортой хөгжил” шагналыг Монгол Улсаас анх удаа хүртсэн талаар та сонссон л байх. Олон улсын хэмжээний 200 гаруй төслөөс нэгээр шалгарна гэдэг амаргүй даваа. Орчин цагт ямар ч төрлийн үйлдвэрлэл үйлчилгээний хамгийн чухал шалгуур нь байгаал экологид хэр ээлтэй вэ гэдэг асуудал болсон. Тиймээс тус төслийг дагасан үйлдвэрлэл, технологи, олборлолт, бүтээн байгуулалтын ажлын нэн тэргүүний зарчим нь экологид ээлтэй байхад чиглэгджээ. “Бид чинь мод тарих амбицтай” хэмээн хошигнон инээх Ц.Халиун захирлын ярианаас байгаль экологио гэсэн чин сэтгэл танигдаж байсан юм.
Үйлдвэрлэлийн болон ахуйн бохир усыг дахин ашиглах дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийн ололтыг бүрэн нэвтрүүлсэн дэд бүтцийн шийдэлтэй, тоосжилт, хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ европын стандартын шаардлагыг бүрэн хангасан, түлш зарцуулалт зөвшөөрөгдөх хэмжээнээс маш бага, байгаль орчинд сөрөг нөлөө багатай ЭКО үйлдвэрлэл Өргөн сумын нутагт л өрнөж байна.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ БА БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛ
Уншигчдын зарим нь сонссон л байх. Хөгжлийн банкны зээл тойрсон дуулиан шуугианы дотор хамгийн тод яригддаг компани бол Монполимет. Олон нийтийн дунд “Зээлээ төлдөггүй, Хөгжлийн банкны мөнгийг үрэн таран хийсэн” гэх ойлголт газар авсныг ч үгүйсгэхгүй. Судалгаагүй мэдээлэл, асуудалд өнгөцхөн хандаж, үнэлэлт дүгнэлт өгдгийн балаг дэлхийн тэргүүлэх технологийн үйлдвэрлэлийг Монголдоо оруулж ирж, мянга, мянган залуусыг ажлын байраар хангаж байгаа аж ахуй нэгжээ дэндүү их гоочлуулчихсан юм биш үү гэдэг бодол төслийн талбай дээр очиж танилцсан хүний хувьд төрсөн юм.
Энэ талаар үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиунаас лавлахад “Хөгжлийн банкнаас төслийн нийт хөрөнгө оруулалтын 20 хувьд тэнцэх хэмжээний санхүүжүүлэлт болох 65 сая ам.долларын зээлийг авсан. Тухайн үеийн ханшаараа 126.6 тэрбум төгрөг гэсэн үг. Одоогийн байдлаар 24 удаагийн төлөлтөөр 143.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн байгаа. Хөгжлийн банкны хувьд хамгийн сайн хэрэгжсэн төсөл. Эргэн төлөлтөөрөө ч сайн явж байгаа” гэсэн юм. Бодит нөхцөл байдал ийм л байна.
ЦЕМЕНТИЙН ҮНЭ ӨСӨХ ҮҮ
Цемент үйлдвэрлэлээрээ Монголдоо тэргүүлэгч үйлдвэр дээр ирснийх үнэ ханшын мэдээлэл авах нь зөв болов уу. Энэ ч үүднээс тус үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиунаас үнийн өсөлтийн нөхцөл шалтгааны талаар тайлбар авлаа. Тэрбээр “Үйлдвэрт хэрэглэгдэж байгаа нүүрс, төмрийн хүдэр, энэ жилийн хувьд маш их өсөлттэй байгаа. Ялангуяа төмрийн хүдрийг 2020, 2021 онд 15 ам.доллараар авч байсан. Одоо 45 ам.доллар болсон. Гурав дахин өссөн. Манайх дотоодоосоо түүхий эдээ авдаг хэдий ч экспортын үнээр авч байна. Нүүрсний үнэ өссөөр байна. Эрдэнэс Тавантолгой улирал бүхэн үнээ шинэчилдэг.
Хамгийн сүүлд бидэнд ирсэн албан тоотоор 18.7 ам.доллараар уурхайн аман дээрээс авч байна. Тэндээс буюу Өмнөговиос бид наашаа зөөхөд эхлээд уурхайгаас Мааньт өртөө хүртэл тээвэрлэдэг. Тэр цэгээсээ вагондоо өөрсдөө ачаад Өргөн үйлдвэртээ авчирдаг. Ингээд үйлдвэр дээр ирж байгаа нүүрсний үнэ нэг тонн тутам нь 166 мянган төгрөгөөр ирж байгаа. Өсөлт үнэхээр огцом нэмэгдэж байна. Тээвэр маш өндөр өсөлттэй гарах болсон. Сарын өмнө дизель түлш үйлдвэр дээр 2575 төгрөгөөр авч байсан. Одоо 3045 төгрөг болсон. Ганцхан сарын дотор 20 хувийн өсөлттэй гарсан. Мөн хил гаалийн асуудлаас үүдэлтэй хүндрэлүүд байна. Тээврийн үнэ арав дахин өсчихлөө.
Дээрх хүчин зүйлс өртөгт эзэлж байгаа хамгийн том зардлын дарамт. Өнгөрсөн хоёр жил цар тахалтай байснаас бүх зүйлийн үнэ өссөн. Гэхдээ цемент хамгийн бага буюу дөрвөн хувийн өсөлтийг хийсэн. Гэвч одоо түүхий эд, зардлууд нь ийм өндөр байхад цементийн үнээ тогтвортой барина гэдэг боломжгүй болж байна. Мөн шинэ Хөдөлмөрийн хууль хэрэгжээд эхэлсэн. Хуулийн дагуу ажилтнуудтайгаа гэрээгээ шинэчилж байна. Инфляц ямар байгаа билээ. Ажилтнуудынхаа амьжиргааны өртгийг дордуулж болохгүй. Цалингийн өсөлт хийхээс өөр аргагүй байна” хэмээн тулгарч буй бэрхшээлээ ч ний нуугүй тоочсон юм.
Монгол Улсад сүүлийн 30 жилийн дотор хүнд үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй. Шинэ сэргэлтийн эхлэлийг тавьж, Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худаг шохойн чулууны ордыг түшиглэн боссон Монцемент үйлдвэр яах аргагүй манай улсын урдаа барих үйлдвэрүүдийн нэг ажээ. Мэдээж аливаа аж үйлдвэрлэлтэй хамт дэд бүтэц, барилга байгууламж, хүн амын төвлөрөл, түүнийг дагасан хөгжил явж байдаг. Ээрэм талын эзгүйхэн говьд Өргөний үйлдвэрийн ажилчдын орон сууц, үйлдвэр, үйлчилгээний газрууд өсөж өндийсөөр байгаа нь бахадмаар сайхан. Хөдөө нутагт хөгжлийн гэгээ оруулж, ажлын байрыг нэмэгдүүлж, орчин цагийн соёлыг түгээж байгаа Монцемент үйлдвэртэй танилцах аялалаа энэ хүргээд өндөрлөе.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Энэ үйлдвэрээс нь 200 жилиын нөөцтэй шохойн ордыг нь төр буцааж аваач. Зээл аваад. Төлөхгүй. Үнээ үгсэн хуйвалдаж нэмнэ.