“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” Зүүн бүсийн хэлэлцүүлгийн үеэр УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал “Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, баримталж буй бодлого” сэдвээр мэдээлэл өглөө.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн суурийг тэлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021 онд баталж, улсын эдийн засгийн суурь болсон уул уурхайн салбарт стратегийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хууль эрх зүйн шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөсөн. Эрдэс баялгийн салбарын сэргэлт хөгжлийг ярихын тулд дэлхийн ирээдүйн чиг хандлагатай нийцүүлж, хэрэглээнд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг дэд сайд илтгэлийн эхэнд онцоллоо.
Тэрбээр “Хэрэглээнд суурилсан үйлдвэрлэл гэхээр цахилгаан машин, батарей, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, дэд бүтэц рүү сэргэлт чиглэж байна. Үүнийг дагаад өнгөт болон хар металл, мөн чухал ашигт малтмалын хэрэглээ хэд дахин нэмэгдэх нь тодорхой болсон. Өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын дийлэнх хувийг эзэлдэг нүүрсний хэрэглээ цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол, эрчим хүчний сэргэлтээс үүдэж 30 жилийн дараа гэхэд буурах хандлагатай байна. Түүнчлэн ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний хувьсгал хийгдсэнээр зэсийн хэрэглээ 2-3 дахин өсч, газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин нэмэгдэх хандлагатай бол гангийн хэрэглээ 2050 онд 1.5 дахин өсөх төлөвтэй байна. Иймд дээрх эрэлт, хэрэгцээнд суурилсан түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн гадаад зах зээлд ил тод, нээлттэй зарчмаар худалдан борлуулах нь Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй” байх судалгааг танилцуулав.
Уул уурхайн салбарын 100 жилд олборлолтын салбар идэвхтэй хөгжиж, томоохон ордуудыг хөдөлгөсөн түүхэн он жил байсан. Харин өнөөдөр хөрөнгө оруулалтыг татахын тулд хайгуулын салбарыг сэргээж, талбайг нээлттэй, ил тод зарлан, сонирхож буй аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар зорьж байгааг онцоллоо. Сүүлийн 10 жилд хайгуулын тусгай зөвшөөрөл цөөрсөн учир компаниуд хаалгаа барихад хүрсэн. Иймд энэ онд хайгуулын 350-450 талбайг нээлттэй зарлахаар төлөвлөж буй нь сүүлийн 5 жилд олгосон талбайн хэмжээтэй дүйнэ гэдгийг мэдээлэв. Талбайн сонгон шалгаруулалтын дараа гомдол маргаан дэгдэж, хууль шүүхийн шатанд шийдвэрлэх асуудал гардаг. Тиймээс тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй явуулах үүднээс Tender.gov.mn цахим хуудсаар зарлахаар болсон.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Хайгуул-Олборлолт-Боловсруулалт-Борлуулалт-Хуваарилалт гэсэн 5 үндсэн алхам чиглэл, цогц бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Шинэ сэргэлтийн бодлогын цөм нь Боловсруулах салбар байх бөгөөд энэ хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр, Түүхий тос дамжуулах хоолойн төсөл, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Үйлдвэр технологийн парк, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх, Оюутолгой ордыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах, Алтанширээ аж үйлдвэрийн парк, Монгол ган цогцолбор үйлдвэр, Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор зэргийг бүтээн байгуулна гэдгийг дэд сайд илтгэлдээ онцолсон юм.
Эрх зүйн хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн сангийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” Зүүн бүсийн хэлэлцүүлгийг Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )