СУРВАЛЖИЛГА: Охид үнээгээ сааж, хөвгүүд тугалаа татдаг

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Цагаан алчуур зүүсэн бяцхан охид үнээ сааж, хөвгүүд нь тугал татаж байгаа зураг өнгөрөгч өдрүүдэд цахим орчинд тарж, олны анхаарлыг нэлээд татав. Монгол ахуйгаа практик хичээл болгон зааж байгаа тус газар бол нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 188 дугаар цэцэрлэг юм. Алслагдсан хороонд буюу Тахилтын аманд байх тус цэцэрлэгт суралцдаг, олны хайр, өхөөрдлийг төрүүлсэн бяцхан хүүхдүүдийг сурвалжилахаар очсон юм.

Монгол ахуй, соёлын талаарх багачуудын мэдлэг хомс боллоо гэх шүүмжлэл сонсогддог болсон өнөө үед бяцхан багачууд үнээ сааж, тугал татаж, шагайн найдгайгаар тоглон өдрийг өнгөрөөж байна гэдгийг харна гэхээс сэтгэл яарна.

Ийнхүү олон зүйлийг бодон явсаар зорьсон газраа очин, цэцэрлэгийн үүдийг татлаа. Цэцэрлэг гэхээсээ илүүтэйгээр уран зургийн галерей, урлагийн танхимд ороод очив уу гэх сэтгэгдэл шууд төрөв. Тэрхэн агшинд хөдөөгийн цэцэрлэгт суралцаж байсан багийн дурсамжууд ч дурайж харагдсныг нуух юун.

Манай сурвалжилах багийг цэцэрлэгийн эрхлэгч гэх сайхан инээмсэглэдэг бүсгүй угтан авсан юм. Түүнийг Д.Циенсүрэн гэх бөгөөд боловсролын байгууллагад нийт 22 жил ажиллаж буй гэнэ. 188-р цэцэрлэгийн эрхлэгч болоод 3 сар болж байгаа аж. Тэрбээр “Манай цэцэрлэг сар бүр өөр өөр хөтөлбөр батлан, түүнийхээ дагуу хичээлээ заадаг. Энэ гуравдугаар сарын хичээлийн хөтөлбөр маань “Монгол ахуйгаа багачуудад танилцуулах, сургах” байсан. Тиймээс тус хөтөлбөртөө зориулан нэг ангиа бүрэн тохижуулсан. Энэ ангиа бид одоогоор “Монгол ёс заншлын өргөө” гэж нэрлээд байна” гэлээ.

Эрхлэгч эмэгтэй бидэнд ийн мэдээлэл өгч байх хооронд цэцэрлэгийн арга зүйч багш Б.Мөнхцацрал орж ирэн, биднийг сурвалжилганы гол баатар болох бяцхан хүүхдүүд рүү минь аваачихаар гарсан юм. Тэр биднийг үлгэрийн баатруудын зураг бүхий өнгөлөг ханатай шатаар дагуулан буулаа.

Аргазүйчийг даган “Монгол ёс заншлын өргөө”-нд оров. Хаалга нээгээд хамгийн түрүүнд тал дүүрэн бэлчиж буй таван хошуу малын зураг нүдэнд туссан юм. Өндөр уулан дээр суугаад тал дүүрэн бэлчих хонин сүргээ дурандан, цээж тэнэгэр суух мэдрэмжийг төрүүлэх шиг.

Өрөөний голд эсгий олбогон дээр хүүхдүүд тав, таваараа хуваагдан сууж шагайн наадгайгаар тоглоно.

Өргөөний таазанд гэрийн тооно тогтоосон байх бөгөөд голоос нь таван өнгийн хадаг уясан байх аж. Дор нь хаан, хатны сэнтий байх агаад түүн дээр ихэс, ноёдын хувцас тавьсан харагдана. Тэрхүү хувцсыг багачуудад өмсүүлж үзүүлэхэд, яг л эртний Монголын ноёд хатад шиг харагдаж байсан юм.

Тус ангид хичээл орж буй ангийнхан бэлтгэл Б бүлгийнхэн байсан бөгөөд ангийн багшийг нь Д.Мөнхзул гэдэг. Тэрбээр “Монгол зан заншлын энэхүү өргөөнд хуваарийн дагуу хичээллэж байна. Манай ангийнхан хэзээ энэ өргөөндөө хичээллэх үү гээд байнга асууж, шалгаадаг. Энэ өргөөндөө хичээлд суух их дуртай” гэж ярьсан юм.

“Монгол ёс заншлын өргөө”-тэй танилцсаны дараа бид монгол ахуйг сургаж буй ангиар зочиллоо. Тус ангид гэрийн доторх заслыг жам ёсоор нь харуулсан монгол гэр байх аж. Гэрт байрлуулсан тулганы өмнө нэгэн охин цай чанаж байгаа бололтой их л завгүй сууна. Гэрийн баруун талд байрлуулсан орон дээр нэгэн хүү эмээл, хазаар янзалж байгаа бололтой тун завгүй харагдана.

Тун удсангүй гэрийн эзэд бололтой нөгөө хоёр бяцхан маань хувин дамжлан, зэл тийш зүглэв.

Ангийн нэг буланд нимгэн модоор сийлж, зүсэж хийсэн үхрийн дүрс байх бөгөөд дэлэнг нь бээлийгээр орлуулжээ. Үхрийн хажууд хадгаар хүзүүвчилсэн тугал байх аж. Хоёр бяцхан хүүхэд хувингаа дамжлан зэлэн дээр очоод, хүү нэн тэргүүнд тугалаа эхэд нь хөхүүлэн эвлэгэв. Түүний дараа охин сандал дээр суун үнээгээ сааж эхэллээ.

Гэхдээ үнээ саах ажил тийм амар биш бололтой. Охин нэлээд хүчтэй дэлэн шувтарна. Сайн аживал дэлэнгийн оронд байрлуулсан бээлийний үзүүрээс сүү мэт зүйл гарч байв. Үүнийг багш Д.Түвшинцэцэгээс тодруулахад “Бээлийний дөрвөн хуруунд хярам маягийн зүйл хийгээд үзүүрийг нь маш жижигхэн цоолсон байгаа. Үүнийг сааж, сүү гаргахад хүүхдийн хурууны жижиг булчингууд хөгжих давуу талтай. Хүүхдүүд маань үнээгээ саах гээд бүр оочерлоно шүү дээ” гэж ярилаа.

Ийнхүү хярам хийдэг учир нь хүүхдүүдэд “цагаан сүү гардаг шүү” гэх ойлголтыг өгөхөд оршдог бөгөөд уулгахгүй байх тал дээр онцгой анхаарч, хянадаг талаараа багш нар ярьж байв. Гэхдээ дүрсгүй нэгэн нь ууж л байсан байх даа гэх бодол төрснийг нуух юун.

Монгол ахуй орчин, зан заншлаасаа хөндийрч буй өнөөгийн хүүхдүүдэд сэтгэл зүтгэл гарган сурган хүмүүжүүлж байгаа 188 дугаар цэцэрлэгийн удирдлага, багш нарт “браво” гэж хэлмээр санагдав. Тэдний энэ арга туршлагыг улс даяараа дэмжин, хөдөлгөөн болгон өрнүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүснэ. Дараагийн сурвалжилгаа яг л ийм жишиг цэцэрлэгээс хийхийн ерөөл тавиад өнөөдрийн сурвалжилгаа өндөрлүүлье.

Н.Еркегүль, Б.Нарангоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top