Чихэрлэг ундааны хэрэглээг хуулиар л зохицуулж чадна

Админ | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баярсайхан, Т.Доржханд, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нар УИХ-ын дарга Г.Занданшатарт Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн.

Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах талаар бичсэн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нийтлэлийг хүргэж байна.

 


ЧИХЭРЛЭГ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭГ ХУУЛИАР Л ЗОХИЦУУЛЖ ЧАДНА

Сахароз нь донтуулах үйлчилгээтэй, эрүүл мэндэд урхагтай бодис юм. Иргэд өөрсдийн ухамсар, эрүүл амьдралын хэвшлээрээ сахарын хэрэглээгээ зохицуулчихна гэж найдах ямар ч боломжгүй болохыг дэлхийн олон үндэстнүүд баттай ойлгожээ. Тийм учраас тусгайлсан хууль гаргаж зохицуулах арга замыг сонгож байна.

Хууль тогтоогчийн хувьд хүний хөгжлийг аль болох урт хугацаанд харж, учирч болох эрсдлээс иргэдийг хамгаалж, эрүүл амьдралын хэв маяг руу чиглүүлж байх итгэл үнэмшил надад бий. Аливаа асуудалд гал унтраах байдлаар, шинж тэмдгийн  эмчилгээ байдлаар хандах нь үр дүн авчирдаггүй. Суурь, язгуур шалтгааныг олох, арилгах нь урт хугацаандаа үр дүн өгөх шийдэл юм.

Олон улсын туршлагаас харахад боловсролын системд хийсэн өөрчлөлтийн үр дүн 5 - 10 жил, эрүүл мэндийн салбарын бодлогын өөрчлөлт түүнээс ч урт хугацааны дараа л үр дүнгээ үзүүлдэг. Хэт чихэрлэг ундааны хэрэглээг  бууруулах эрх зүйн зохицуулалт нь хэрэглэгч, үйлдвэрлэгч болон бусад оролцогч талуудын эрх ашгийг хангахуйц байдлаар боловсруулагдсан. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хэмжээний чихрийн агууламжтай ундааны үнэд өөрчлөлт орохгүй. Харин хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулахын тулд тодорхой татварыг ноогдуулах юм.

Ерөнхий боловсролын дунд сургуулийн 2100 сурагчдын дунд хийгдсэн чихэрлэг ундааны хэрэглээ ба хүүхдийн өөхлөлт таргалалтын судалгаанаас  үзэхэд нийт хүүхдүүдийн 14 хувь нь илүүдэл жинтэй байна. Таргалалттай хүүхдүүдийн өдөрт ууж буй шингэний гуравны хоёрыг хэт чихэрлэг ундаа эзэлдэг болох нь тодорхой боллоо.

ЯАГААД ЧИХЭРЛЭГ УНДААНААС ЭХЛЭХ БОЛОВ?

Чихрийн хэт хэрэглээний 65 хувийг чихэрлэг ундаанаас авч буй нь асуудлын гол шалтгаан болж байна.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний судалгаанаас харахад 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд 4 хувь байсан бол 2017 онд 28 хувь болж 7 дахин нэмэгджээ. Энэ судалгаагаар 15-49 насны эрчүүд, эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь сэтгэл түгшээх хэмжээ мөн.

Хүүхэд дэлгүүрт ороод хамгийн түрүүнд хамгийн хямд, хамгийн чихэрлэг ундааг сонгодог байна. Харин чихэр ихтэй ундааны үнэ нэмэгдсэнээр цэвэр ус болон чихэр багатай ундаануудын үнийн үнэ өрсөлдөх чадвар чадвар нэмэгдэж хүүхэд багачууд энэ ундаа руу хүссэн хүсээгүй шилждэг нь олон улсын туршлагаар батлагджээ.

Өсвөр насны хүүхдүүдийн дунд эрүүл шүдтэй хүүхэд нэн ховордсон нь хэт чихэрлэг хүнстэй шууд холбоотой. Ийм учраас багачуудыг өвдсөн, эрхтэн системд нь эргэлт буцалтгүй өөрчлөлт өгсөн хойно нь өндөр өртөг зардал гаргаж эмчлэх бус суурь шалтгааныг нь арилгах нь иргэдэд ч эмнэлгүүдэд ч, эрүүл мэндийн салбарт ч тустай юм.  

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулгаас 2016 онд улс орнуудад хандан, таргалалт, чихрийн шижинг бууруулахын тулд хэт чихэрлэг ундаанд  татвар ноогдуулах зөвлөмжийг гаргасан. өгсөн. Хэт чихэрлэг ундаа нь шимт бодисгүй бага хирнээ өндөр илчлэгтэй тул халдварт бус өвчний нэг үндсэн шалтгаан нь болдог ажээ.

2021 оны байдлаар Австрали, Камбож, Дани, Финланд, Их Британи, Чили, Мексик, АНУ зарим муж зэрэг дэлхийн 50 гаруй улсад хэт чихэрлэг ундааны татварыг тавьснаар шууд үр дүн гарч эхэллээ. Бидний санаачилсан хуулийн төслөөр нь нийт чихэрлэг ундаанд татвар ногдуулахгүй юм. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хэмжээ буюу 100 мл ундаанд 5 гр чихэр агуулагдсан бол татвар авахгүй. Харин энэ хэмжээнээс дээш агуулгатай чихэрлэг ундаанд татвар ногдуулна.

Ийм зохицуулалт нь хүүхэд багачууд, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад одоогоор хамгийн өртөг багатай, үр дүнтэй арга юм. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Хэт чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулснаар жилд нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8 литрээр бууруулах боломжтойг тооцоолжээ.

Нийгмийн эрүүл мэндийн төлөө ийм өөрчлөлтийг хийх цаг болсон. Бид өөрчлөхгүй бол хэрэглээ өөрчлөгдөхгүй, өвчлөл буурахгүй.

Хууль хэрэгжих хугацаа 2024 оны 1 сарын 1-ний өдөр гэж товлосон нь үйлдвэрлэгчдэд ундааны найрлага дахь чихрийн хэмжээг бууруулах, эрүүл хэрэглээний сурталчилгаа, ойлголтыг өгөх боломжыг олгож байгаа юм. Хууль хэрэгжснээр бүрдэх татварын орлогоор цэвэр ус уух боломжийг цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар бий болгох, эрүүл зохистой хоол хүнсний соёлыг хэвшүүлэх, сурталчлахад зарцуулна.

Тэгснээр Тогтвортой хөгжлийн  нэгэн чухал зорилт болох халдварт бус өвчинтэй тэмцэх, таргалалт, илүүдэл жин, чихрийн шижин, шүдний өвчлөл болон зүрх судас, даралт ихсэх зэрэг олон өвчний суурь эрсдлийг бууруулна. Бусад орны туршлагаас харахад Чихэрийн хэрэглээг бууруулснаар 5-10 жилийн дараа эдгээр өвчнөөс шалтгаалан эрүүл мэндийн салбарт учирдаг зардал эрс буурах юм.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД, БИДНИЙ ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ЭРҮҮЛ ӨСӨЖ БОЙЖИХ НӨХЦЛИЙГ ХАНГАХЫН ТӨЛӨӨ ЭНЭ ШИНЭЧЛЭЛ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙЖ БАЙГААГ БҮГД ДЭМЖИЖ, НЭГДЭЭСЭЙ гэж эцэст уриалъя.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top