С.Одонтуяа: УИХ-ын гаднаас нь биш дотроос нь тэмцэх ёстой

Админ | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 

Та Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн? Яг ямар учиртай шаардлага вэ?

Сонгуулийн холимог тогтолцоог устгахаар санаатайгаар, хуйвалдан Үндсэн хуулийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолыг Улсын Их Хурлын хаврын чуулганы яаралтай горимоор хэлэлцэн хүчингүй болгох шаардлагыг хүргүүлж байгаа юм.

УИХ-ын гишүүнийхээ хувьд дээрх тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.

Тиймээс тогтоолын төсөлд яаралтай хариу өгөхгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана.

Яагаад гэвэл Монгол Улсад үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн хямралын шалтгаан нь сонгуулийн санал гээгддэг мажоритор тогтолцоо, түүний үр дагавар гэж үзэж байгаа.  Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн хүчин парламентын суудлын 80 орчим хувийг эзэгнэж байгаа нь гажуудал юм.  

Зарим УИХ-ын гишүүд жишээлбэл Т.Доржханд гишүүн гаднаас нь тэмцэнэ гэж мэдэгдсэн. Та дотроос нь тэмцэнэ гэсэн байна.?

УИХ санаачлагатай ажиллавал асар олон боломжууд байна. “Энэ бол ойлголцсон, тохиролцоонд хүрсэн асуудал болохоос хэн нэг улс төрчийн шуугиулах сэдэв биш. Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн хүчин парламентын суудлын 80 орчим хувийг эзэгнэж байгаа нь гажуудал мөн.

УИХ өөрсдөөс хамаарах зөв алхамыг хийж чадвал 2012 оны сонгуулийн холимог тогтолцоо эргээд хүчин төгөлдөр болох нөхцөл үүснэ. Ингэснээр Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах асуудлыг  БАГЦААР НЬ НЯГТ УЯЛДААТАЙ боловсруулж, УИХ-д өргөн барих хэрэгтэй. Ингэхийн тулд  юуны өмнө Үндсэн хуулиндаа улс орны хөгжлийн бодлого , ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг бүрнээ илэрхийлсэн, ямар ч алдаа мадаггүй, нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагатай.

Жишээлбэл УИХ-д сүүлийн 6 жилд нэг нам хэт олонх болсноор  төрийн хяналт суларч, олонхоороо түрүү барьж дур зоргоороо хуульд өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжилт ч хангалтгүй болж байгаа нь ил тод болсон.  ТЭГХЭЭР УИХ-ЫН ГАДНААС НЬ БИШ ДОТРООС ТЭМЦЭХ ЁСТОЙ.

Та Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

Зарчмын хувьд дэмжиж байгаа. Яагаад гэхлээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог  улс орны нэгдмэл эрх ашиг, улс төрийн намуудын сонирхолд нийцүүлээгүй тохиолдолд сонгуулийн тухай,  улс төрийн намын тухай хуулийг боловсруулж хэлэлцэхэд ямар ч үр дүн гарахгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top