Хана нь цуурсан 17-р сургуулийг ЗАСВАРЛААГҮЙ, БИТҮҮМЖЛЭЭГҮЙ байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

2021 оны есдүгээр сарын 2-нд Орхон аймгийн Ерөнхий боловсролын 17-р сургуулийн өргөтгөлийн барилгын хана, шал нь цуурч, сурагчид хичээллэх боломжгүй болсон талаар мэдээлж байв.

Тухайн үед энэ асуудал олны шүүмжлэлийг дагуулж байсан ч асуудал шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй тэгсгээд л намжсан. Тиймээс бид Орхон аймагт ажиллаж, тус сургуулийн барилгыг засварласан эсэх талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

Орхон аймгийн баруун хойд захын Баян-Өндөр суманд байрлах Ерөнхий боловсролын 17-р сургууль хичээлийн хоёр байртай. Хоёрдугаар байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2017 онд "Урагшлах" ХХК барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын 2-нд өргөтгөлийн барилга нь хана, шал нь цуурч, нуралт үүссэн байна. Тухайн үед аймгийн мэргэжлийн хяналтын газраас "Урагшлах" ХХК-аар хохирлыг барагдуулах дүгнэлт гаргажээ. Үүнээс хойш хагас жилийн хугацаа өнгөрч байхад "АЮУЛТАЙ" гэсэн улаан тууз татсанаас өөр өөрчлөгдсөн зүйл алга. 

Барилгын нэг давхрын баруун хэсгийн хана цуурч, их хэмжээний нуралт үүссэн байв. Мөн шал нь доош сууж, өнөө маргаашгүй нурах гэж байгаа мэт харагдаж байлаа. Энэ барилгад хэдий сурагчид хичээллэхгүй байгаа ч удирдах ажилтнууд нь хоёр давхрын өрөөндөө суусан хэвээр байна. 

ВИДЕО ҮЗЭХ
 

Н.АЛТАНЦЭЦЭГ: СУРАГЧДАА ХИЧЭЭЛД БҮРЭН ХАМРУУЛАХЫН ТУЛД ӨЛГҮҮРИЙН ӨРӨӨГӨӨ ХҮРТЭЛ АНГИ БОЛГОСОН 

Бид 17-р сургуулийн захирал Н.Алтанцэцэгтэй уулзаж, дээрх нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Өнгөрсөн есдүгээр сард сургуулийн барилгын хана цуурсан. Үүнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрч байхад барилга яг хэвээрээ байна. Сүүлд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр барилгын ажлыг хийсэн "Урагшлах" ХХК хохирлыг барагдуулах ёстой гэсэн дүгнэлт гарсан юм билээ...

-Манай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Урагшлах" компани өөрийн хөрөнгөөр засварлах ёстой гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл "Урагшлах" компаниас хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулж, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраар үнэлгээ хийлгэнэ гэсэн хариу өгсөн. Улмаар УМХЕГ-аас шинжээчид ирж ажилласан. Шинжээчийн дүгнэлт нь "Ашиглагч байгууллагын буруу" гэж гарсан.

-Ашиглагч байгууллагын буруу гэхээр яг юуг хэлсэн юм бол?

-Биднийг барилгад ус алдуулсан л гээд байгаа юм. Ус алдсанаас үүдээд шал цөмрөх, хана цуурах нөхцөл үүссэн гэж хэлсэн.

-Энэ барилгыг ашиглалтад орсноос хойш ус алдсан юм уу?

-Намайг ирэхээс өмнө нэг удаа ус алдсан гэсэн.

Сургуулийн өргөтгөлийн барилга 2017 оны нэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орсон. Харин би 2017 оны есдүгээр сард ирсэн. Намайг ирэхээс өмнө нэг удаа ус алдсан гэсэн. Сайн мэдэхгүй байна.

Гэхдээ нэг удаа ус алдсанаар ингээд барилга нураад байвал хэцүү биз дээ.

-Өргөтгөлийн барилгын хана, шал цуурснаас хойш та бүхэн "Урагшлах" ХХК-тай холбогдсон уу?

-Холбогдсон. Хэд хэдэн удаа өргөтгөсөн уулзалт хийсэн.

Ер нь энэ өргөтгөлийн барилгыг ашиглалтад орсон цагаас хойш "Урагшлах" компани жил болгон засвар хийсэн. Хана цуурах мэтийн асуудал олон гарсан.

-Тэгвэл одоо энэ асуудал ямар шатандаа явж байна. Хэрхэн шийдвэрлэх вэ?

-Маргаантай байгаа учраас шүүхэд хандаад явж байна. Манай сургууль шүүхэд хандах эрх бүхий байгууллага биш. Энэхүү өргөтгөлийн барилга аймгийн хөрөнгө оруулалтаар буюу орон нутгийн төсвөөр баригдсан учраас Орхон аймгийн барилга захиалагч, хууль зүйн хэлтэс энэ хэрэг дээр ажиллаж байгаа.

-Энэ хичээлийн жил өргөтгөлийн барилгадаа хичээллэх боломжгүй байлаа.  Одоо танай сургууль ямар нөхцөлд хичээллэж байна?

-Манай сургуулийн хичээлийн нэгдүгээр байр 320 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Харин энэ өргөтгөлийн барилга бол 280 хүүхдийн хүчин чадалтай сургууль болон цэцэрлэгийн цогцолбор байгаа юм. Сургуулийн насны буюу бага ангийн 560 хүүхэд, цэцэрлэгийн хоёр бүлгийн 70 хүүхэд хичээллэж байсан. Энд сурагчид хичээллэх боломжгүй болсон учраас манай сургуулийн нийт сурагчдын сурах орчин маш хүнд байна.

-Хичээлийн нэгдүгээр байранд одоо хичнээн хүүхэд хичээллэж байгаа вэ?

-320 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байранд одоогийн байдлаар 900 гаруй хүүхэд хичээллэж байна. 100 орчим хүүхэд нь өөр сургуульд хичээллэж байгаа.

Бид сурагчдаа бүрэн хичээлд хамруулахын тулд өлгүүр, багш нарын өрөө гэх мэт бүхий л өрөө, танхимаа анги болгосон.

-Таны сууж байгаа өрөөний доод талын хана цуурсан байгаа. Мөн таны өрөөний хана дээд хэсгээрээ цуурсан байгаа харагдлаа. Ийм нөхцөлд сууж ажиллах аюултай биш үү?

-Би шинжээчийн дүгнэлтэд итгэж байна. Шинжээчийн дүгнэлт бол хичээлийн байрыг нураах нь битгий хэл хоёр давхарт засвар ч хийх шаардлагагүй гэж гарсан.

Мөн хичээлийн нэгдүгээр байрныхаа бүхий л нөөц, бололцоог ашигласан учир сууж ажиллах ямар ч нөхцөл боломж алга.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top