Ц.Баярмөнх: Дааврын эм ууж, сарын тэмдгээ ирүүлэх нь сөрөг нөлөөтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 17

Цэвэршилт гэдэг эмэгтэй хүнд тохиолдох зайлшгүй жам ёсны өөрчлөлт. Гэвч сүүлийн үед цэвэршилт залуужаад байгаа нь хэн хүний санааг зовоож байна. Цэвэршилтийн өмнөх хам шинж болон дараах үр дагавар зэрэг  сэдвээр “Цэвэршилтийн талаар эмч танд юу хэлээгүй байж болох вэ” гэсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн сэдэвтэй номуудын орчуулагч, судлаач  Ц.Баярмөнхтэй ярилцлаа.


-Эмэгтэй хүний цэвэршилт хэдэн наснаас эхэлдэг вэ, ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Дэлхийн цэвэршилтийн нийгэмлэгийн тогтоосноор дэлхийн эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж насыг 51 гэж үзэж байна. Улс орнуудаар авч үзвэл харилцан адилгүй бөгөөд нийтлэг цэвэрших нас бол 45-55 насанд байвал  хэвийн гэж үздэг. Цэвэршилт нь нэгдүгээрт насжилттай холбоотой дааврын бууралт юм. 

Дааврын бууралттай холбоотой хүний бие физиологид өөрчлөлт орж, сарын тэмдэг алдагдах, тасалдах, ихсэх, багасах, халуу оргих, хөлрөх, үтрээ хуурайших, сэтгэл санаа хямрах, нойргүйдэх, уйланхай болох, умайн хоргүй хавдар үүсэх, яс сийрэгжих цус алдах, зүрх, өвдөг, нуруу өвдөх, уур уцаар төрөх, сэтгэл гутрах, бэлгийн дур сонирхолгүй болох, зүрхний хэмнэл алдагдах зэрэг олон зовуурь илэрдэг. Ийм зовиуруудыг цэвэршилтийн хам шинж гэж нэрлэдэг.

Жишээ дурдахад 28 настай бүсгүйн сарын тэмдэг нь долоон сарын туршид ирэхгүй байх, 31 настай бүсгүй жирэмслэлтээс сэргийлэх эм нэг жил гаруй ууснаас үүдэлтэйгээр сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, сарын тэмдэг ирэхгүй, алгасдаг болсон. 53 настай бүсгүй гурван жилийн туршид халуу оргиж, хөлрөх зэрэг зовиуртай байсны улмаас эмчийн бичиж өгсөн жирэмслэлтээс сэргийлэх эм уусан, одоо хөх нь өвддөг болсон. 37 настай бүсгүй эндометриоз онош тавигдаж, визанна гэдэг эм уудаг, нэг өндгөвч нь хатангиршиж цэвэршсэн хүнийхтэй адилхан болсон. 43 настай бүсгүй би одоо цэвэршээд байна. Айгаад байх юм зэргээр бүсгүйчүүд маань хөөрөлдөж байна.

Ер нь дөрвөн бүсгүй тутмын хоёр нь юм уу, эсвэл гурав нь миом буюу савны хоргүй хавдартай байна. Надтай уулзаж, ярилцаж байгаа хүмүүсэс харахад 10 эмэгтэйн нэг нь умай авахуулах мэс засалд орж байна. Энэ их харамсалтай санагдах юм. Саваа авахуулсан эмэгтэй хүнд ээлж дараалан эрүүл мэндийн асуудал тулгарч байдаг шүү дээ.

-Цэвэршилт залуужлаа гэж ярилаа. Азиудын хувьд европчуудаас цэвэршилт хэдэн насны зөрүүтэй байна вэ. Энэ зөрүү нь цаг уур, орчин нөхцөлөөс хамаарах уу?

-Манай улсын эмэгтэйчүүдийн цэвэршиж байгаа дундаж насыг 49 гэж үзэж байгаа юм байна.  Европын орнуудын эмэгтэйчүүдийн хувьд дундаж нас нь 53-54 байдаг. Улс орнуудын эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж нас тухайн улс орны онцлог цаг агаар, амьжиргааны түвшин, амьдрах орчин гэх мэт олон зүйлээс хамаарч харилцан адилгүй байгаа ч, дунджаар таван жил дотор  хэлбэлзэлтэй байна. Цэвэршилтэд нөлөөлөгч олон хүчин зүйл байдгаас хувь хүнээс хамаарах нь илүүдэл жин, тамхи татах, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, байнгын стресс бухимдалтай байх гэх мэт.

-Цэвэршээд хэсэг хугацааны дараа сарын тэмдэг нь хэвийн ирдэг болсон жишээ хэр байдаг вэ?

-Нэгэнт цэвэршсэн бол сарын тэмдэг дахиж ирэхгүй. Хэрвээ тэгж ирж байгаа бол хэвийн биш, ямар нэг асуудал байна аа л гэсэн үг. Учир нь өндгөн эсийн нөөц дууссан байдаг. Янз бүрийн дааврын эм ууж сарын тэмдгээ ирүүлээд байгаа нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Байгалийн хуулийг зөрчсөн тохиолдолд эргээд заавал сөрөг нөлөө гардаг.

Цэвэршилт бол байгалийн жам болохоор энэ өөрчлөлтийг хүн өөрөө хэр зэрэг эергээр хүлээж авч,  шинжлэх ухаан талаас нь ойлгож, өөртэйгөө ажиллаж чадвал амьдралын энэ томоохон үеийг аз жаргалтай,  баяр баясгалантай байлгаж чадна. 55 наснаас хойш сарын тэмдэг нь зогсохгүй үргэлжлээд байвал хожуу цэвэршилт  гэж үздэг. Хожуу цэвэршилт нь нэг талаас тухайн хүний бие ерөнхийдөө эрүүл байгааг харуулдаг, мөн  зүрх судасны өвчин, ясны сийрэгжилтэд өртөх нь  бага байх талтай ч, хөх, умайн хүзүүний,  өндгөвчний хорт хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг болохоор тийм сайн зүйл бас биш юм. Бүх юм өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг.

-Цэвэршилт нь хөгшрөлтийг дагуулдаг. Энэ бүхэнд бүсгүйчүүд шаналдаг шүү дээ?

-Цэвэршилтийг нэгдүгээрт хүний амьдралын нэг чухал үе, бие физиологи, сэтгэл санааны өөрчлөлтийн үе гэдэг талаас нь ойлгож, ухаалгаар удирдаж чадвал сэтгэл санаагаа сайхан байлгаж, ажил хөдөлмөртөө амжилт гаргаж, амьдралынхаа энэ үеийг баяр баясгалантай амьдарч чадах боломжтой. Манай бүсгүйчүүд үүнд реакц үзүүлж сэтгэлээр унах, бухимдах хандлага ихтэй байдаг.

Эмэгтэйчүүд цэвэршилтээс айж эмээж, ичиж нэрэлхдэг, тулгарч байгаа зовуурь бэрхшээлээ яахаа мэдэхгүй, ихэнхдээ чимээгүйхэн зовж явдаг. Асуудлаа шийдвэрлэхийн тулд эмчийн бичиж өгсөн синтетик дааврын эм хэрэглэх төдийхнөөр л аргалж цаг хугацаа алддаг. Гэтэл тэдэнд ингэж зовж явахгүйгээр, синтетик дааврын эм, мэс заслаас зайлсхийж, өвчин зовуурьгүй явах боломж, шийдэл, арга ухаан нь байдаг юм.

-Монгол эмэгтэйчүүдийн дунд амархан цэвэршихэд нөлөөлдөг суурь өвчин, эсвэл амьдралын чанар хэр байна гэж боддог вэ?

-Эрт цэвэршихэд хүргэж байгаа нийгмийн нэг том шалтгаан бол бидний амьдарч байгаа орчин эрүүл биш, бохирдолтой, стресс бухимдлын түвшин өндөр байгаа нь маш их нөлөөлдөг. Бидний амьдрах орчны бохирдол, нүүрсний утаа, хөрсний бохирдол, нефть, химийн бодис, ялангуяа машины утаа зэрэг бохирдуулагч  ксеноэстроген гэх хүний биед байдаггүй гаднын гармоныг бий болгосноор хүний дотоод шүүрлийн тогтолцоог эвдэж гэмтээж байдаг. Хоёрдугаарт, нас ахих тутам хүний биед явагддаг дааврын өөрчлөлт, амьдралын хэв маяг, хоол тэжээл, дасгал хөдөлгөөн гэх мэт хүчин зүйлс нөлөөлнө л дөө.

Тухайлбал, Төв цэвэрлэх байгууламжийн лагийг саармагжуулахад хэрэглэгдэж байгаа олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх химийн бодис, тэндээс ялгарах хорт хий, нүүрсний утаа, нүдэнд харагдахгүй л байгаа болохоос утаанаасаа дутахгүй бидний эрүүл мэндийг хохироож байгаа. Мөн хөрсний бохирдол, автомашинаас ялгарах хорт бодис зэрэг бохирдуулагчид нь хүний дотоод шүүрлийн тогтолцоог нурааж байдаг байх нь. Ийм бохирдуулагчид нь хүний биед нийцэмжгүй ксеноэстроген гэх гадны дааврыг ялгаруулахаас гадна ясны сийрэгжилт төдийгүй, цаашилбал бүх төрлийн хорт хавдруудыг үүсгэж байдаг. Учир нь, хүний биед ийм гаднын дааврыг хүлээж авах рецептор байдаггүй.

-Тэгвэл энэ бохирдолтой орчинд бид яаж өөрсдийн эрүүл мэндийг хамгаалж чадах вэ?

-Цэвэршилтийг амжилттай даван туулахын тулд эмэгтэйчүүд бид байгалийн дааврыг физиологийн тунгаар хэрэглэж дааврыг тэнцвэржүүлэх ёстой юм. Үүнийг дагаад бусад олон хүчин зүйлс байдаг. Тэр бүхнийг хослуулж, бие сэтгэл, оюун ухааны тэнцвэрийг олж чадсан цагт өвчин зовуурь  аяндаа илааршина. Эрүүлжсэнээр хүний амьдралын чанар дээшилнэ гэж би боддог. Эмэгтэйчүүд байгалийн дааврыг хэрэглэх нь аюул багатай, хүний биед тохиромжтой.

Сарын тэмдэг ирэх болгонд жирэмслэлтээс сэргийлэх эм ууж өндгөн эс гадагшлалтыг дарангуйлахад өндгөн эс хэдэн зуугаараа устаж алга болж, цагаасаа өмнө өндгөн эсийн тоо цөөрч, эсвэл барагдаж, үр тогтолт явагдахаа больдог. Синтетик эмүүдийг патентжуулж болдог, патентжуулсан эм нь байгалийн бодисоос илүү ашиг орлого өгдөг учраас эмийн компаниуд үйлдвэрлэдэг юм. Эмийн компаниудын үйлдвэрлэсэн синтетик дааврыг хэрэглэх нь хүний биеийг хямрааж, маш хурдан тэнцвэрээс гаргадаг.

Жишээлбэл, Өмнөд Калифорний их сургуулийн доктор Жиске Урсин жирэмслэлтээс сэргийлэх эмийг 1-6 сарын хугацаанд хэрэглэхэд л умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон. Британийн даавар судлаач, анагаахын доктор Эллен Грант жирэмслэлтээс сэргийлэх эмүүд нь цус харвалтаар нас барах эрсдэлийг дөрөв дахин, зүрхний шигдээсийн эрсдэлийг дөрөв дахин, цусны даралт ихсэх эрсдэлийг хоёр дахин, 25-50 насны эмэгтэйчүүдэд хорт хавдраас, ялангуяа умайн хүзүү, умайн салст бүрхэвчийн хорт хавдраас болж нас барах эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлж байснаас гадна өндгөвчний хорт хавдар, бамбай булчирхайн болон элэгний хорт хавдруудаар нас барах эрсдэл, умай болон эсвэл өндгөвчөө авахуулах зэрэг олон асуудлыг үүсгэж байсныг тогтоожээ.

-Тэгвэл жирэмслэлтээс сэргийлэх эмүүд учруулж болох хор хөнөөл ихтэй юм бол жирэмслэлтээс сэргийлэх өөр ямар сонголт, боломж байна вэ?

-Хэрэглэхэд амархан боловч бас жирэмслэлтээс найдвартай хамгаалдаг төгс шийдэл гэж байхгүй юм. Жирэмслэлтээс сэргийлэх синтетик дааврууд (эм, тариа, суулгац) аюултай болох нь ойлгомжтой бөгөөд спираль буюу ерөндөг ч бас адил юм. Спираль умайг байнга цочроодог. Эрэгтэй, эмэгтэй бэлгэвчүүдэд байдаг эр бэлгийн эсийг задлагч бодисууд олон асуудал үүсгэдэг ч, эмээс арай аюул багатай байж болох боловч үрийн шингэнийг устгаж байгаа хор нь умайг ч бас хордуулна гэсэн үг юм.

Жирэмслэлтээс сэргийлэх маш үр дүнтэй бөгөөд аюулгүй арга бол өндгөн эс гадагшлалтыг хянах явдал юм. Өндгөн эс гадагшлалтыг хянах арга нь биеийн юмын мөчлөг, биеийн дулааны хэм, үтрээний салстын ялгарлын тогтмол байгаа эсэхээр хэзээ үр тогтох боломжтойгоо мэдэх арга юм. Үр тогтох боломжтой ийм өдрүүдэд бэлгийн харилцаанд орохоос татгалзах, эсвэл хамгаалах өөр аргыг ашиглах хэрэгтэй юм.

-Та Анагаахын доктор Жон Ли, Жесс Ханли, Виржиниа Хопкинс нарын туурвисан Америкт бестселлер болсон цэвэршилтийн талаарх номуудыг монгол хэлнээ орчуулсан шүү дээ. Энэ номд бүсгүйчүүлд хэрэгтэй ямар зөвлөгөө, мэдээлэл багтсан бэ?

-Цэвэршилтийн өмнөх хам шинжийн тухай ном бол  30-50 насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд зориулагдсан. Энэ насанд бүсгүйчүүд маань жин нэмж, дасгал хийж хоолны дэглэм бариад ч жин хасч чаддаггүй, тэгвэл үүний учир шалтгаан юу вэ, жирэмслэлтээс сэргийлэх эмүүд эмэгтэй хүний биед ямар хор уршиг учруулдаг вэ, эмэгтэй хүний өндгөвч, умайг хэрхэн эрүүл байлгах вэ, 30, 40 насанд үргүйдлийн асуудалтай тулгарч байгаа нийтлэг шалтгаан юу вэ, залуу нас, гоо үзэсгэлэнгээ удаан хадгалж, үргэлжид сайхнаараа байх үндэс болсон даавруудыг хэрхэн байгалийн аргаар тэнцвэржүүлж, эрүүл мэндийг хангах вэ гэсэн олон, олон асуултын хариуг бүсгүйчүүд маань энэ номоос олж мэдэж болно.

Доктор Жон Ли амьдрах орчны бохирдол хүний  эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл учруулж, дааврын тогтолцоог эвдэж, гэмтээж, маш олон өвчний шалтгаан болж байдгийг тайлбарлаж, ийм бохирдолтой орчинд хүн өөрийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах арга замыг зааж өгсөн   юм. Энэ хоёр ном ганц цэвэршилтийн асуудалд зориулагдсан биш, бүхэлдээ эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн номууд юм. Бид дотоод шүүрлийн тогтолцоог тэнцвэржүүлэхгүйгээр зүрх, тархи, ясны сийрэгжилт зэрэг олон өвчнийг эмчлэх гээд оролдоод байдаг. Өнөөдөр анагаахын салбарт ололт амжилт олон байгаагийн зэрэгцээ алдаа, төөрөгдөл ч байгаа. Номын зохиогч болох доктор Жон Ли эмэгтэй, эрэгтэй хүний дааврын эмчилгээг төөрөгдлөөс гаргаж, зөв голдиролд оруулах зүг чигийг зааж өгсөн.

-Таны хэлээд буй байгалийн даавар Монголд нэвтэрсэн үү?

-Дааврын тариа (жишээлбэл, депо провера) хийлгүүлэх нь сүүлийн үед залуу бүсгүйчүүдийн дунд моод болж, интернэтээр депо провераг сурталчилж, дуртай нь аргагүй бичиж өгч байгаа нь үнэхээрийн эмгэнэл юм. Энэ нь жирэмслэлтээс сэргийлэх амархан шийдэл мэт санагдавч үр дагавар нь жирэмслэлтээс сэргийлэх ууж хэрэглэдэг эмтэй адилхан хүний эрүүл мэндийг сүйтгэх маш хор уршигтай гэдгийг санах хэрэгтэй. Эмэгтэй хүн биедээ гурван сарын туршид дааврыг тээж явах нь маш хортой. Тиймээс байгалийн дааврын тусламжтай дотоод шүүрлийн тогтолцоог тэнцвэржүүлж, цэвэршилтийн болон цэвэршилтийн өмнөх үеийг хэрхэн зовиур шаналгаагүй даван туулах хэрэгтэй.

Байгалийн даавар гэдэг нь эмэгтэй хүний өндгөвч, эрэгтэй хүний төмсгөнд байгалиасаа ямар даавар ялгардаг вэ, яг тийм дааврыг бүтээсэн гэсэн үг юм. Тэгэхээр хүнд байгалиас заяагдсан дааврыг хүний бие ямар ч саадгүй хүлээж авч, үйлчлэлээ үзүүлж чаддаг. Өндөр хөгжилтэй орнууд биологийн төст даавраар хүний дотоод шүүрлийн тогтолцоог тэнцвэржүүлэх боломж, шийдлийн талаар танин мэдэж, практикт нэвтрүүлснээс хойш 20 жил болсон байна. Энэ ялгааг, алдаа төөрөгдлийг бид  нэг олоод харчихвал, тэгээд амьдралд, бодит байдалд хэрэгжүүлээд үр шимийг нь нэг үзчихмээр байгаа юм. Манай бүсгүйчүүд түрүүчээсээ ийм дааврын үр шимийг хүртэж байна. Хүний дотоод шүүрлийн тогтолцоог тэнцвэржүүлэхгүйгээр ямар нэг эд эрхтнийг эмчлэх гэж оролдох нь өрөөсгөл юм байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.77.222) 2022 оны 04 сарын 18

chi uuruu daavarin em zardag bizde

0  |  1
Top