Б.Пүрэвдорж: НӨАТ-ын татварыг 5 хувь болгож, буцаан олголтыг 40 хувьд хүргэе

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын татварыг таван хувь болгох, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийн төслийг санаачилсан ч Сангийн сайд НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх боломжгүй гэж мэдэгдсэн. Мөн сугалааг болиулж байгаа юм. Иймд Б.Пүрэвдорж гишүүн өөрийн санаачилсан хуулийн төслийг яаралтай хэлэлцэх горимын санал гаргалаа. 

Тэрбээр “Тэтгэврийг тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар биш таван жилийн цалингийн дунджаар тогтоох хуулийн төслийн ажлын хэсэг байгуулж, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцсэнд баярлаж байна. С.Чинзориг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг маш яаралтай хуралдаж, миний санаачилсан хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж өгнө гэж найдаж байна.

Төв талбайд жагссан залуус НӨАТ-ын буцаан олголтыг багасгах тухай шаардлага тавьсан. НӨАТ-ын татвар бол бүртгэлийн татвар. Аливаа худалдаа үйлчилгээг бүртгэх зорилготой. Гэвч энэ өнөөдөр зорилгоосоо хэтрээд, эдийн засаг хүндрэлтэй үед компаниуд ашиг орлого, эргэлтийн хөрөнгө бага байхад арван хувийн татвар авч байна. Нийгмийн даатгалын шимтгэл ч ялгаагүй. Тиймээс хоёр жилийн өмнө өргөн барьсан НӨАТ-ын татварыг таван хувь, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгөхийг шаардаж байна.

Өнөөдөр 130 мянган ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Засгийн газар НӨАТ-ын татварыг таван хувь болговол орлого буурна гэсэн. Гэхдээ тийм зүйл болохгүй. Учир нь НӨАТ-ыг таван хувь болговол үлдсэн 50 мянган ААН НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top