ТҮГЖРЭЛ: Хөдөөгийн гишүүд хойргошиж, тэдэнд хамаагүй мэт аашлав

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

УИХ-ын чуулганаар хөнгөн галт тэрэг байгуулахад Засгийн газар 510 сая ам.долларын баталгаа гаргах эсэх асуудлыг оруулж ирээгүй тул нийслэлийн гишүүд шүүмжлэв. Харин орон нутгаас сонгогдсон гишүүд ийм их өр зээл тавих нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь гурван тэрбум төгрөгийн хэмнэлтийг яаж хийх вэ гэж толгойгоо гашилгаж байгаа энэ үед 3 их наяд төгрөгийн зарлага гаргах нь буруу гэж шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Парламентад үзэл бодлын зөрүүгээр "зодоон" хийдэг байсан бол одоо хот, хөдөөгөөрөө "зодолддог" болох нь. Хот, хөдөөгөөрөө хуваагдаж асуудал ярих гээд байгаа юм бол алалцана" гэж их хурлын индэр дээрээс мэдэгдэв.  Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар би ард түмнээс сонгогдсон болохоос төрийн албан хаагч биш. Гудманд гарч ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ гээд "Төсвийн байнгын хороонд нийслэлээс сонгогдсон дөрвөн гишүүн байдаг. Хотоос сонгогдсон гишүүн уг байнгын хороонд цөөхөн тул нийслэлийн асуудал ярихаар хойш тавиад байдаг. МАН-ын бүлгийн гишүүд түгжрэл ярихаар хэдэн автобус оруулж ирсэн гээд л болчих юм уу. Ер нь бол түгжрэлтэй холбоотой асуудлаар 2024 оноос маш том жагсаал болох байх. Би асуудал шийдэх гэж энд орсон ирсэн болохоос албаны хэн нэгэн биш. Түгжрэлийн дайнд ялагдаж байснаас энд ажлаа хийж чадахгүй байгаа ард түмний төлөөлөлтэй хамтраад тэмцэх нь чухал юм. Мануухай болж суух гээгүй" гэв. 

Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тайлбарлахдаа:

–Хөнгөн галт тэрэг буюу LRT төслийн хувьд баталгаа гаргах хүсэлт ирсэн байна лээ. Нийтдээ гурван үе шатанд  3.5 орчим тэрбум ам.доллараар бүтнэ. Бодоод үзэхэд өрийн босго давсан. Хэрэв уг төслийг хэлэлцвэл төсвийн тодотгол хууль зөрчсөн болно. Төсвийн тусгай шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл өрийн босгыг давсан байхад оруулж ирсэн гэх асуудлаар хууль зөрчинө. Тиймээс Төсвийн байнгын хороо хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн. Гурван тэрбум төгрөг хэмнэхийн тулд гишүүд асуудал үүсгэж байна. Гурван тэрбум хэмнэх гэж байгаад 3.5 тэрбум ам.долларын баталгаа гаргах юм уу. Баталгаа нь зээл гэсэн үг. Улсын өрөө хэмжээ нэмэгдэж байна. Үүнтэй огт нийцэхгүй учраас хэлэлцүүлэх боломжгүй. Агентлаг, улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит ААН-ийн дэд даргын тухай ярилаа. Би хувьдаа  Б.Энхбаяр гишүүнийг бодит, судалгаатай зүйл ярьдаг гэж боддог. Тиймээс эргэж бодож үзэх шаардлагатай гэж бодож байна. Үүнийг ажлын хэсэг дээр эргээд ярилцана.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Хөнгөн галт тэрэг барихад 3,5 тэрбум ам.доллар гэдэг бол аймшгийн их мөнгө. Саяхан 2016 онд нэг хүн 15 сая төгрөгийн өртэй боллоо гээд айлгаад байсан гэтэл өнөөдөр 30 гаруй сая төгрөгийн өртэй болчихлоо" гэв. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top