Н.Алтанхуяг: Асуудлыг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй

2022 оны 04 сарын 28

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокуророос ирүүлснийг хэлэлцсэн юм. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд тайлбар өгөөд гарч ирэхдээ УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Хуурай гүжирт хариу үгүй гэж үгтэй Би буруугүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “АТГ-аас миний хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн 2019 онд Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой асуудлаар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.Одоогийн байдлаар гэрээнд зааснаас илүү төлөлттэй байгаа нь их хэмжээний хохирол учруулсан гэсэнтэй нийцэхгүй байна" гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Хөгжлийн банкны зээл олголтод гүйцэтгэх захирал дангаараа шийдвэр гаргадаггүй. Шийдвэр гаргалтад 16 хүн оролцдог. Тус банкны ТУЗ-ийн шийдвэр гарвал гүйцэтгэх захирал түүнийг дагах үүрэгтэй” гэсэн тайлбарыг өгсөн.

Бид ХБДХ-ны гишүүдэд тайлбар өгөөд гарч ирэх үеэр нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас  уг асуудлаар тодрууллаа.


-Таныг яг ямар хэргээр яллагдагчаар татаж байгаа вэ?

-Намайг яллагдагчаар татсан тогтоолыг өнгөрсөн баасан гарагт гаргасан юм байна лээ. Түүнтэйгээ энэ даваа гарагт ирж танилцаарай гэсэн. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дээр ч гэсэн намайг яг ямар хэрэгт буруутган яллагдагч болгоод байгааг ойлгохгүй байгаа гэдгээ хэлсэн. Гэтэл есөн жилийн өмнө Засгийн газрын гаргасан Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн засмал замыг MCS компаниас Эрдэнэс МГЛ компанид худалдах тухай тогтоолтой холбоотой юм байна. Энэ асуудлыг ер нь нээлттэй хэлэлцэх хэрэгтэй. 

-Тогтоол гаргахдаа Засгийн газрын хуралдааны дэгийг зөрчсөн гэдэг асуудал бас яригдаж байна?

-Ерөнхий сайд хүн Засгийн газрын хуралдааны материалыг бүрдүүлдэггүй. Асуудал оруулж байгаа яам нь тооцоо судалгаагаа хийгээд ЗГХЭГ-т өгдөг юм. Түүнийг ЗГХЭГ бүх яам руу явуулж, саналыг нь аваад хуралдаанаар оруулдаг. Үүний ард улс төр байна л гэж би ойлгож байна. Есөн жилийн өмнө тэр замыг 170 тэрбум төгрөгөөр авсан юм байна. Зам ашиглалтын хураамжаас 320 тэрбум төгрөг цугласан юм байна лээ. Үүнээс харахад улс болон Эрдэнэс МГЛ компанид ашигтай үйлдэл болсон байгаа юм. 

-Таныг өөр ямар асуудлаар буруутгаж байгаа юм бэ?

-Тэр зам худалдаж авсан 170 тэрбум төгрөгийг Эрдэнэс МГЛ компани Хөгжлийн банкаас зээлээр авчихаад төлөөгүй байгаа юм байна. Энэ чинь одоо надад ямар хамаатай юм бэ. 320 тэрбум төгрөгийг ашиг олчихоод 170 тэрбум төгрөгөө энэ компани төлчих л байсан байна шүү дээ. Би ямар тэдэн төгрөгөөр худалдаж ав, зээл ав гэсэн биш. Засгийн газрын тогтоол чинь энэ замыг авах нь зүйтэй байна л гэж гарсан юм.

-Нэхэмжлэгч нь хэн юм бэ?

-Мэдэхгүй шүү дээ.

-Та прокурорын гаргасан саналтай санал нийлэхгүй байна уу?

-Санал нийлэхгүй байна. Гаргасан тогтоол нь Монгол Улсад ашигтай болсон байгаа биз дээ. Гэтэл ийм асуудал яриад байгааг ойлгохгүй байна. Ер нь нэг намын хүмүүс хэтэрхий олуулаа орчих гээд байсан учраас “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг л юм хийж байна. Олон юм ярьдаг болохоор нь Н.Алтанхуягийг далимдуулаад дуугүй болгоод авъя гэсэн хэсэг ч байгаа байх. Халдашгүй байдлын дэд хороонд Ерөнхий сайд байсан, сайд хийж байсан хүмүүс байна. Нэг үгээр тэд Засгийн газар дээр шийдвэр яаж гардгийг мэдэж байгаа учраас ханатай хандах байх гэж бодож байгаа.

-Хэрвээ таныг түдгэлзүүлвэл яах вэ?

-Ер нь муйхарлая гэвэл 62-ийн кнопоор л явчихна. Гэхдээ тэр хүртэл зай ч, лай ч байна. Есөн жилийн өмнөх Засгийн газрынхаа шийдвэрээр яллагдагч болно гэдэг инээдтэй л сонсогдоод байгаа юм. Тэр шийдвэр нь улсад ашигтай байгаа шүү дээ. 

-АН-ын бүлгийн дарга, гишүүд тантай уулзсан уу?

-Бүлгийн дарга уулзаагүй. Гэхдээ бусад гишүүнтэйгээ хамт сууж байгаад гарч ирсэн.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top