Хөвсгөл аймаг дахь мал төллөлтийн нөхцөл байдал болон салбар тойрсон асуудлаар тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяраас тодрууллаа.
-Хөвсгөл аймаг хэдэн сая толгой малтай вэ. Малынхаа тоогоор улсад хэдэд жагсаж байна?
-Аймгийн хэмжээнд 21 мянган малчин өрх бий. Өнгөрсөн онд манай аймаг 5.9 сая толгой мал тоолуулсан. Үүнээс 305 мянга нь адуу, 556 мянга нь үхэр, 2352 нь тэмээ, 2.8 сая нь хонь, 2.1 сая нь ямаа байна. Хөвсгөл аймаг нийт малын тоогоороо улсад нэгдүгээрт, үхэр, хонины тоогоороо хоёрдугаарт, ямааны тоо толгойгоор гуравдугаарт жагсаж байгаа.
-Танай аймагт энэ жил хэдэн хээлтэгч мал төллөхөөс хэд нь төллөөд байна вэ. Төл малын хорогдол хэр байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 2.6 сая толгой хээлтэгч мал төллөхөөс 809 мянга нь төллөсөн. Харин 2004 толгой хээлтэгч хээл хаяад байна. Түүнчлэн төлийн хорогдол 13 мянгад хүрээд байна. Ерөнхийдөө мал төлөлтийн хувь 33.6, төл бойжилт 98 хувьтай байна. Мал төллөлтийн хувь Бүрэнтогтох суманд 60, Рашаантад 57, Галтад 56, Жаргалантад 64 хувьтай байна.
-Өвс тэжээл хэр хангалттай нөөцөлсөн бэ. Одоогийн байдлаар нөөцийн хэдэн хувийг зарцуулаад байна?
-Өнгөрөгч онд малчид иргэдийн хүчээр 185.2 тонн хадлан, 7366 тонн давс, хужир шүү, 174 тн гар тэжээл, 3569 тн ногоон, үйлдвэрийн тэжээл 157 тн, дарш ногооны хаягдал 300 тн бэлтгэж 97 хувьтай ажилласан. Тариалан, Эрдэнэбулган, Их-уул, Цагаан-үүр сумын малчид өвс тэжээлийнхээ нөөцийг 100 хувь, Цагаан-уул сум 91 хувьтай бэлтгэсэн. Өнөөдрийн мэдээгээр малчдын бэлтгэсэн өвсний 90 хувь, сумын аюулгүйн нөөц өвсний 67 хувийг зарцуулжээ.
-Хөвсгөл аймагт эрчимжсэн мал ахуйн салбар хэр хөгжиж байна вэ, өндөр ашиг шимтэй үүлдрийн малыг хэр өсгөж байна вэ?
-Аймгийн хэмжээнд мах сүүний хосолмол ашиг шимт Алатау, Симменталь, Буган халиун үүлдрийн үхэр малладаг 37 өрх бий. Түүнчлэн 10 аж ахуйн нэгжийн 950 толгой үхрээс 417 толгойж саалийн үнээ. Мөн махны чиглэлийн Сэлэнгэ үүлдрийн үхэр үржүүлдэг 24 өрх, хоёр аж ахуйн нэгжийн 1621 толгой үхэр байгаагаас 810 толгой нь саалийн үнээ байна. Мөн 59 өрх 564 бүл зөгийг үржүүлж 3.3 тонн бал хураан авч ашиг шимийг хүртэж байна. Өндөр уулын болон ойт хээрийн байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон нутгийн үүлдрийн хурдны болон уналга эдэлгээний чиглэлийн Тэс үүлдрийн адуу, Дархад омгийн цагаан адуу, ноолуурын чиглэлийн Эрчим хар үүлдрийн ямаа, Мах-Өөх-Бүдүүвтэр ноост Дархад үүлдрийн хонь, Мах-өөхний чиглэлийн бүдүүвтэр ноост, өөхөн сүүлт Цагаан-Уул үүлдрийн хонийг тус тус өсгөн үржүүлэн маллаж байгаа.
-Засгийн газраас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор гурван хувийн хүүтэй 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар шийдвэрлэсэн. Танай аймгийн хувьд энэ зээл зорилтот бүлэгтээ хүрч чадаж байна уу?
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж-Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд жилийн гурван хувийн хүүтэй зээлийг ЖДҮ эрхлэгчид болон газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид, малчдад олгож эхэлсэн. Энэхүү зээлийн эх үүсвэрээс манай аймагт ажлын байрыг дэмжих зээл 7990 иргэнд 23 тэрбум 196 сая төгрөг, 74 аж ахуйн нэгжид 13 тэрбум 367 сая төгрөг, малчдад олгох зээл 1457 малчинд 14 тэрбум 397 сая төгрөг, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 11 иргэнд 352 сая төгрөгний зээл олгогдоод байна.
Нийт 2341 иргэн, малчин, газар тариалан эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд 51 тэрбум 314 сая төгрөгний зээл олгосон байна. Аймгийн хэмжээнд 73 аж ахуй нэгж, 813 иргэн газар тариалан, 19290 малчин өрх үйл ажиллагаа эрхэлж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээг сурталчлах зах зээлийг өргөтгөх зорилгоор “Хөвсгөл Брэнд-Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. 2022 онд "Шинэ хөдөө" төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтуулалтыг хэрэгжүүлж ажиллахаар техник тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд шинээр 76 байнгын ажлын байр, 204 түр ажлын байрыг нэмэгдүүлэн ажиллаж байна.
А.СҮЛЕНА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )