О.Батхүү: Арилжааны банкууд зээл судалсан нэрээр иргэдээс нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус үйлдэл

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Банкууд зээл судалсны шимтгэл гэж нэг хувийг авдаг нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн хуульч О.Батхүү олон нийтэд мэдээллээд буй. Түүнтэй уулзаж дараах асуултад хариулт авлаа.


-Арилжааны банкууд зээл олгохдоо иргэдээс шимтгэл нэрээр тухайн зээлийнхээ нэг хувийг авдаг. Банкуудын энэ үйлдэл хууль бус гэсэн үг үү?

-Зээл олголт бол арилжааны банкны үндсэн үйл ажиллагаа. Энэ үндсэн ажлаа хийснийхээ төлөө зээлдэгчээс нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Үүнтэй холбогдуулан гурван шатны шүүхийн шийдвэр гараад арилжааны банкууд хууль зөрчсөн байна гэдгийг тогтоосон. Гэтэл арилжааны банкууд нэг хувиа одоо болтол авсаар байна.

-Шүүхээр банкуудын энэ үйлдлийг нэгэнт хууль зөрчсөн гэж үзсэн юм бол цаашид дагаж мөрдөөд явж болохгүй юу?

-Шүүхийн шийдвэрээр банкууд зээлийн шимтгэл авч байгаа нь буруу. Тиймээс шимтгэлд авсан мөнгийг тухайн иргэнд буцаан олгох шийдвэр гарсан. Гэхдээ энэ шийдвэр нь шүүхэд хандсан хэдэн иргэдэд хамаатай асуудал юм. Учир нь манай улс Ром, Германы эрхзүйн системтэй учраас шүүхийн шийдвэр нь тухайн маргаантайгаа л хамааралтай гэж үздэг. Хэрэв Англи юм уу Америк шиг байсан бол шүүхийн шийдвэр нь хууль шиг мөрдөгдөх байсан. Тиймээс арилжааны банкууд дээрх шүүхийн шийдвэрийг тухайн зээлдэгчид л хамааралтай асуудал гэж үзээд хариуцлага хүлээхгүйгээр явсаар байна. Би хуульчийнхаа хувьд уг шударга бус байдлыг халахын төлөө энэ талаар нийгэмд дуу хоолой болоод явж байгаа юм. Арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг мэдсэн ч тухайн гомдол гаргасан иргэдээс бусдад нь хууль зөрчсөн байдлаараа зээлээ олгоод л явж байгаа. Энэ байдлыг засах ёстой.

-Яаж?

-Монголбанк онцгой анхаарах хэрэгтэй байна. Тийм ч учраас би шаардлага хүргүүлсэн.

-Ямар шаардлага хүргүүлсэн бэ?

-Яагаад Монголбанканд хандсан талаар одоо тайлбарлая. Төв банкны тухай хуулийн тавдугаар зүйлд зааснаар Монголбанк нь арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Түүнчлэн, банкуудаар үйлчлүүлж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл иргэдийн эрх ашиг илт хохирч байхад Монголбанк юу ч хийхгүй байгаа юм. Уг нь энэ чиглэлд ажиллах ёстой байгууллага. Судлаад үзэхээр, арилжааны банкууд иргэдэд олгосон зээлийнхээ нэг хувийг авах нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны долоодугаар сарын 19-ний 203 дугаар журмын дагуу үндэслэлтэй гэж үзэж байна. Миний хувьд үүнийг үндэслэлгүй гэж харж байгаа. Яагаад гэвэл банк зөвхөн хуульд заасан үйл ажиллагаа явуулах ёстой. Холбогдох хуулиудыг аваад үзэхээр шимтгэл авах боломжтой гэж заасан хууль байхгүй. Ийм байхад Монголбанкны ерөнхийлөгчийн гаргасан журмыг үндэслэж шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй юм.

-Монголбанкны журамд л гол асуудал нь байгаа юм байна шүү дээ?

-Монголбанк дээр дурдсан журмын заалтыг хүчингүй болгож, арилжааны банкууд Монголбанктай уулзалт хийх ёстой. Монголын арилжааны банкуудын хүү харьцангуй өндөр. Хамгийн бага нь зургаан хувь. Ийм өндөр хэмжээний хүүгийн орлого олдог байж хүмүүсээс нэг хувийн шимтгэл авах нь буруу юм. Иймээс иргэдийн эрх ашиг зөрчигдсөн энэ асуудлыг Монголбанк шийдвэрлэх үүрэгтэй.

-Хуулийн мэдлэг сайтай бас цаг завтай бол иргэд зээлийн шимтгэлд төлдөг нэг хувиа шүүхээр шийдүүлээд авах бүрэн боломжтой л юм байна. Тийм үү?

-Тийм. Гэхдээ нэг асуудал байна.  Өдгөө ипотекийн зээлтэй 80-90 мянган хүн байна. Хүн болгонд хуулийн мэдлэг байхгүй. Хуулийн мэдлэгтэй нь гэхэд 500 мянгаас нэг сая төгрөг авах гээд гурван шатны шүүхээр хоёроос гурван жил явах боломжгүй. Иймээс л хуульч хүнийхээ хувьд нийгмийн сайн сайхны төлөө өмгөөлөл хийж байна. Энэ асуудлыг Монголбанканд эхэлж тавих нь зөв. Тус банк арилжааны банкуудтай уулзалт хийж, иргэдийн хохирч байгаа нөхцөл байдлыг зогсоогооч гэсэн шаардлага хүргүүлж байгаа.

-Иргэдийн зүгээс ч арилжааны банкууд зээлийн шимтгэл авах нь хууль бус гэдгийг мэддэг, шаардлага тавьдаг баймаар юм байна?

-Яг үнэндээ иргэдэд ямар ч сонголт байхгүй байна. Аль ч банканд очсон бүгд л авдаг. Тэгэхээр зах зээл дээр давуу байдалтай аж ахуй нэгж байгууллагууд  ийм хатуу нөхцөл тулгахыг “Гэрээний стандарт нөхцөл” гэдэг. Уг “Гэрээний стандарт нөхцөл” нь хууль бус болж байна. Учир нь хуулин дээр байхгүй шимтгэлийг стандарт нөхцлөөр тулгаад бидэнд ямар ч сонголт өгөхгүй, өөрчлөх ямар ч бололцоогүй  байлгасаар өдийг хүрсэн.

-Зээлийн шимтгэлийн хувь бүгд нэг хувь байна уу. Та судалж үзсэн үү?

-Хувь, хэмжээний хувьд янз, янз байна. Ипотекийн зээлүүд шимтгэл нь ижил нэг хувьтай байна. Бизнесийн зээл болон том үнийн дүнтэй зээл 0.5, 0.3 гээд янз, янз байна. Гэхдээ л  үндсэн агуулгаараа бүгд л хууль бус. Чи бод доо, 70, 80 мянган иргэн орон сууцны зээл авсан. Тэд бүгд нэг хувиа төлсөн гэхээр  хэдэн тэрбумаар яригдана. Тэрийг нь Монголбанк мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөж болохгүй. Хуульд зээл судалсны шимтгэл авч болно гэсэн заалт байхгүй. Үнэхээр зээл судалсны шимтгэл гэж авч байгаа бол зээл нь бүтээгүй хүнээс ч төлбөр авах ёстой. Тэгэхээр зөвхөн зээл нь бүтсэн хүнээс нэг хувийн шимтгэл авч байгаа нь болохгүй зүйл. Банк өөрийн үйл ажиллагааны зардлыг иргэдээс гаргуулж болохгүй. Монгол Улсын Банкны тухай болон бусад холбогдох хуулиудад энэ шимтгэлийг авч болно гэсэн заалт байхгүй.

-Банканд зээлийн шимтгэл төлсөн иргэд хуулийн байгууллагад хандаж, шимтгэлээ буцааж авъя гэж бодъё. Тухайн авсан зээл хэдэн жилийн өмнө байсан ч хамаагүй хуулийн байгууллагаар явж болох уу?

-Банк хуулинд заагаагүй үндэслэлээр нэг иргэнээс сая төгрөг авчихжээ. Үүнийг үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа гэж хэлж болно. Үүнтэй холбоотой гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацаа нь арван жил байгаа юм. Тиймээс хүмүүс өөрийнхөө асуудлыг оройтсон гэж бодох хэрэггүй. Арван жил доторх хугацаанд хуулийн байгууллагаар шийдүүлэх боломжтой. Дахин хэлэхэд, зээл судалсны шимтгэлийн ихэнх тохиолдол бодитой зардал гэхээс илүүтэй авах ёстой мөнгө болон хувирч байгаа юм. Яаж ч бодоод үзсэн цалингийн зээл авлаа гэхэд банк тэр зээлийг судлахад хөрөнгө мөнгө гаргаад байх шаардлаггүй. Зээлдэгчдэд л шаардлага тавьж, бичиг баримтыг нь бүрдүүлдэг. Ингэснийхээ төлөө зээл судалсан нэрээр шимтгэл авч байгаа нь шударга бус юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хах(99.230.64.174) 2022 оны 05 сарын 04

Мөнгөө буцааж авах хэрэгтэй,,, банкууд дандаа худлаа татвар авдагийн нэг жишээ,,,,

0  |  0
зочин(79.98.213.82) 2022 оны 05 сарын 02

энэ асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт тавьж буй шаардлагын жагсаалтанд оруулах хэрэгтэй. Тэгвэл зээл авсан хүмүүс буюу манай улсын ихэнх иргэд мөнгө буцаан авах боломжтой

1  |  0
Зочин(192.82.84.203) 2022 оны 05 сарын 02

Зөв бодит асуудлыг хөндсөн шүү. Одоо ажил хэрэг болгох хэрэгтэй байна. АМЖИЛТ 2

2  |  0
Top