Л.Оюун-Эрдэнэ: Яагаад нэг орлогчтой байж болохгүй гэж, өмнө нь болоод л байсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

УИХ-ын өнөөдрийн /2022.04.29/ чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, · Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.  

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би ч бас дүүргийн газар, хэлтсийн дарга хийж л байсан. Орон нутагт ажиллаж л байсан. Жаргал, зовлонг нь мэднэ. Гэхдээ одоо аймгууд хоёр орлогчтой болсон байна. Зарим аймаг гурав, дөрөв дэх орлогчоо оруулж ирж байна. Хот зургаан орлогчтой болсон байна, удахгүй 10, 11 орлогчтой болоод явна. Засгийн газрын тогтоолоор явахаар ялгаатай хандлаа гээд асуудал үүсээд байгаа юм. Нэг талд нь шийдсэн зөв. Яагаад нэг орлогчтой байж болохгүй гэж. Өмнө нь ажиллаад л явж байсан шүү дээ" гэв. 

Түүнчлэн "Нэг чиг үүргийг гурван хүн хийгээд байх нь зохисгүй. Улс төрийн томилгоо байгаа нь үнэн шүү дээ. Нэгдсэн тогтолцоондоо ороод явахгүй бол маш их данхаасан байна. Төрийн албан хаагчдын цалинг нь нэмж чадахгүй байдалд орсон байна. Хэмнэлтийн цаг хугацаа байгаа дээр ингээд хуультай болох нь дээр байх аа. Хуульчилсан нь зүйтэй л гэж бодож байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top