УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа.
Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар баталлаа.
Төсвийн тодотголыг баталснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ 17.9 их наяд төгрөг болж, батлагдсан төсөв 245.3 тэрбум төгрөгөөр хэмнэгдлээ гэж УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
Тэрбээр "Төрийн бүх шатанд хэмнэлтийн зарчмыг мөрдүүлж эхэлснээр УИХ, Засгийн газар нэгдмэл чиглэлээр хамтран ажиллаж хэмнэлтийн бодлогыг хуульчилж байна. Монгол Улсын төсвийн тодотгол батлагдснаар нэгдсэн зарлагын нийт хэмжээ 17.9 их наяд төгрөг болж, 245.3 тэрбум төгрөгийг хэмнэж байна. Төсвийн хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээг бууруулж, Улаанбаатар хотод шинээр цэцэрлэг байгуулахаар болж байна. Үндсэндээ төсвийн алдагдлыг 245.3 тэрбум төгрөгөөр буурууллаа" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )