Дэлхийн банкны судлаачид ОХУ-Украины дайны Монголын эдийн засагт үзүүлэх дам нөлөөний талаарх урьдчилсан шинжилгээ хийснийг хүргэе. Тус байгууллагаас энэ онд манай улсын эдийн засгийн өсөлтийг 2.5 хувь байна гэсэн тооцооллыг сүүлийн байдлаар танилцуулаад буй юм.
Украины дайн Монголын эдийн засгийн хувьд хамгийн хүнд хэцүү үед тохиолдож байгаа нь харамсалтай хэмээн Дэлхийн банкны зүгээс тодотгож байна.
БНХАУ-тай хиллэсэн хил дээрх гадаад худалдаа удаан хугацаанд саатсанаар цар тахлын нөлөөнөөс эдийн засаг сэргэх үйл явц удааширч байна. Инфляц Төв банкны зорилтот түвшнээс бараг хоёр дахин өндөр түвшинд хүрч, Монгол Улсын Хөгжлийн Банкны гадаад бондын төлбөр 800 сая ам.доллар зэрэг улсын хэмжээнд төлж барагдуулах шаардлагатай томоохон болзошгүй өр төлбөр тулсан зэрэг нь өрийн тогтвортой байдалтай холбоотой эрсдэлийг улам даамжруулж байгааг дурджээ.
Түүнчлэн Украины дайн Монголын эдийн засагт худалдаа, үйлдвэрлэлийн өртөг, инфляц, санхүүгийн сувгуудаар хэрхэн нөлөөлөхийг урьдчилсан байдлаар шинжилсэн байна.
Худалдааны сувгаар дамжих нөлөөлөл
Монгол Улс нь ОХУ-тай худалдааны шугамаар, ялангуяа эрчим хүчний импортын чиглэлээр өргөн хүрээнд шууд харьцдаг. Монгол Улсын экспортын 1 орчим хувийг ОХУ руу гаргадаг бол импортын 28 орчим хувийг ОХУ-аас шууд авдаг, үүний 50 гаруй хувийг түлш, эрчим хүчний импорт бүрдүүлдэг.
Шатахууны импортын 90 орчим хувийг ОХУ эзэлдэг. Түүнчлэн ОХУ-аар дамжуулан Европын орнуудаас импортолдог бараа нь Монгол Улсын нийт импортын 10 орчим хувийг бүрдүүлж байна. 2021 онд БНХАУ-ын хил хаагдсан асуудлын улмаас импорт саатаж, Хятадын нутгаар дамжин өнгөрөх тээврийн зардал нэмэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын хилээр дамжих гадаад худалдааны ач холбогдол нэмэгдсэн байна.
2022 оныг дуустал БНХАУ-тай хиллэсэн хилийн асуудал бүрэн шийдэгдэхгүй байх төлөвтэй тул ОХУ-той хийх худалдаанд саатал үүсвэл импортын хүнс, түлш, бордооны нийлүүлэлтэд ихээхэн нөлөө үзүүлж, инфляцын дарамтыг нэмэгдүүлнэ.
Гэхдээ одоогоор ОХУ-аас авах импорт хязгаарлагдаагүй байна.
Үйлдвэрлэлийн өртөг ба инфляцад хэрхэн нөлөөлөх вэ?
Нефтийн нийлүүлэлт тасалдаж, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөх эрсдэл нь үйлдвэрлэл ба хэрэглээний өртөг, зардлыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын урсгал дансны тэнцэл, эдийн засгийн өсөлт, инфляцад нөлөөлж болзошгүй.
Монгол Улс нь газрын тосны цэвэр импортлогч бөгөөд 2019-2021 онд дунджаар нэг тэрбум ам.долларыг шатахууны импортод төлжээ. Урсгал дансны алдагдал 2021 онд ДНБ-ий 12.7 хувьд хүрсэн бол цаашид дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөнөөр уг алдагдлыг улам нэмэгдүүлэх юм.
Түүнчлэн дэлхийн зах зээлд үнэ өссөнөөр дотоодын хэрэглээний шатахууны үнийг хурдацтай нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн өртөг, зардлыг их хэмжээгээр нэмэгдэхэд хүргэж болзошгүй. Бидний тооцоолсноор дотоодын шатахууны үнэ 10 хувиар нэмэгдэхэд хүнсний үнийг 1.2-1.4 хувиар нэмэгдүүлэх магадлалтай байна.
Үүний зэрэгцээ, улаан буудайн нийлүүлэлтийн 24-28 хувь (буудайны импортын 100 хувь), бордооны 88 хувь нь ОХУ-аас гаралтай учраас дайн байлдааны нөхцөл байдлын улмаас нийлүүлэлт хязгаарлагдвал хэдийн өндөр түвшинд байгаа хүнсний инфляцыг улам нэмэгдүүлж цаашид өсөлт, хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Дайны нөлөөгөөр дотоод зах зээлийн хүлээлт муудаж, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлж байна. Украины дайны нөлөөгөөр зах зээлийн итгэлцэл, хүлээлт суларч, тодорхой бус байдал нэмэгдсэнээр гадаад валютын эрэлт эрчимжлээ. Гадаад валютын нөөц буурч байгаа тул арилжааны банкууд валютын арилжаагаа хязгаарлаж эхэлсэн.
Энэ нь аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн орц болон капитал хөрөнгийн импортыг хязгаарлах тул эдийн засгийн өсөлтийг мөн сааруулах чиглэлд нөлөөлнө. Гадаад валютын албан ханш болон параллель ханшийн зөрүү сүүлийн үед нэмэгдэв.
Мөн Украины дайн тулаан, ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээ нь эдийн засаг, байгаль орчны хувьд томоохон нөлөөтэй, ОХУ болон Монгол Улсын хамтарсан төслийг эрсдэлд оруулж болзошгүйг дурджээ.
Монгол Улс нь ОХУ болон БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг транзитаар дамжуулах гэж арав гаруй жил хичээн хэлэлцэж ирсэн. Тус төсөл нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэг Монгол Улсын эдийн засаг, байгаль орчинд ихээхэн эерэг нөлөөтэй байх боломжтой. Дээд түвшний уулзалт хэлэлцээрүүд ихээхэн ахицтай байж, Монгол Улс саяхан бэлтгэл ажлыг эхлүүлэхээр Газпром компанитай (ОХУ-ын ТӨҮГ) тохиролцсон билээ.
Барилгын ажлыг 2023 онд эхлүүлэхээр төлөвлөсөн ч хориг арга хэмжээнд эрчим хүчний үйл ажиллагааг оруулбал Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт ба цэвэр эрчим хүчний боломжийн чухал эх үүсвэр болох төсөл хойшлогдож болзошгүй.
Бид Монголын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллийг өмнөх 5.1 хувиас бууруулж, энэ удаад 2.5 хувьд хүргээд байна. Тухайлбал, дэлхийн зах зээл дэх хүнс, шатахуун, бордооны үнэ өсөж Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлд сөргөөр нөлөөлснөөр эдийн засгийн өсөлтийг 1.7 нэгж хувиар бууруулах тооцоотой байна.
Өмнө нь 2021 оны 10 дугаар сард боловсруулж байсан төсөөлөлтэй харьцуулахад БНХАУ-тай хиллэдэг боомтуудын саатал нь өсөлтийг мөн 1.3 нэгж хувиар бууруулах үндэслэл боллоо. Мөн Монгол Улс нь БНХАУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын нягт харилцаатай учраас Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл өмнөхөөс 0.1 нэгж хувиар бууруулсан нь Монголын ДНБ-ий өсөлтийг 0.09 нэгж хувиар буурах хүчин зүйл боллоо. Эцэст нь хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор саяхан хэрэгжүүлж эхэлсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр нь өсөлтөд эергээр буюу 0.5 нэгж хувиар нөлөөлнө гэж тооцсоноо судлаачдын зүгээс тодотголоо.
Сэтгэгдэл ( 0 )