УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.05.05/ хэвлэлийнхэнд Эрүүгийн хуульд тусгасан "доромжлох" гэдэг зүйл, заалтын талаар тайлбар өгч, байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Доромжлох гэдэг зүйл Эрүүгийн хуульд байсаар ирсэн. Харин 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар байхгүй болсон. Эрүүл шүүмжлэл бол доромжлох гэдэг зүйл биш. Комедиан нар хэн нэгнийг элэглэх нь доромжлол биш. Доромжлох гэдэг бол хүн төрөлхтний нийтлэг зан суртахууны эсрэг чиглэж байгаа үйлдэл шүү дээ. Зарим нь хүний зургийг газар дэлгэж байгаад шээж байгаа үйлдэл ч гаргаж байна шүү дээ. Энэ бол эрх зүйн дагуух зүйл биш. Хүн насанд хүрээгүй хүүхдүүдийн хажууд байж болохгүй бүх л үгээр хүнийг хэлж байна. Энэ бүхнийг таслан зогсоох ёстой. Сэтгүүлчид доромжлох гэдэг зүйлээр шалгагдаж, шийтгэгдэх ямар ч үндэслэл байхгүй. Ийм зүйл болохгүй. Цахим халдлагад өртсөнөөс болж амиа хорлож байгаа олон хүн байна. Тэр өнцгөөс нь харах хэрэгтэй. Өсвөр насныхан бие биенээ маш их цахимаар доромжилж байна. Тэр бүхнийг таслан зогсоох шаардлагатай, тэрийг харах хэрэгтэй" гэсэн тайлбарыг хийлээ.
Сэтгэгдэл ( 0 )