Дэлхийн хамгийн алдартай хошин дуурийн нэг болох Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурь энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Сонгодог урлагт элэгтэй үзэгчдийн дуртай тус жүжгийн гол дүр Розинад МУГЖ дуучин Ө.Уянга тоглох юм. Ж.Россин Францын алдарт зохиолч П.О.Бомаршегийн “Севилийн үсчин” драмын жүжгээс сэдэвлэн дууриа бичсэн бөгөөд 1816 онд Ромын “Аргентина” театрт анх тоглож байжээ. Тэгвэл Монголын тайзнаа 83, 84 дэх удаагаа тоглогдох гэж буй уг жүжгийн талаар болон дуучны уран бүтээлийн талаар ярилцлаа. Сэтгэл хөдөлгөм, жавхаалаг хөгжимтэй “Севилийн үсчин” дууриас та юу мэдрэх бол.
-Таны уран бүтээл өндөр үү. ДБЭТ-ын тайзнаа “Севилийн үсчин” дуурь тун удахгүй тоглогдох гэж байна. Уг жүжиг шинэчилсэн найруулгаар 2017 онд тавигдаж байсан. Энэ удаа ямар найруулгаар тоглох вэ?
-Уран бүтээл ихтэй, завгүй өдрүүд үргэлжилсээр байна. Манай театрт “Севилийн үсчин” дуурь 2017 онд Италийн алдарт найруулагч Стефано Монтигийн шинэ тавилтаар найруулж байсан, яг л тэр хувилбараараа тоглох гэж байна. Их гоё орчин үеийн дэгжин хээнцэр хувцаслалттай болсон шүү дээ. Энэ удаагийн тоглолтын удирдаачаар Ц.Гансүх ажиллаж байна. Гол дүрд хоёр состав буюу хоёр өөр уран бүтээлч дуулна. Миний хувьд Розинагийн дүрд дуулна, нөгөө дүр маань Б.Одонзаяа гэж залуу, авьяаслаг дуучин байгаа. Энэ сарын 14 буюу бямба гарагт би тоглох хуваарьтай. Фигарод Э.Отгонбат, Л.Болдцэрэн хоёр дуулах бол Альмавивагийн дүрд М.Даваадорж, Г.Дашчанрав нар ээлжилж дуулна. Ташрамд хэлэхэд Италийн нэрт зохиолч Ж.Россинийн зохиосон 20 гаруй зохиолуудаас хамгийн алдартай нь “Севилийн үсчин” дуурь юм.
-Та энэ дуурьд хэдэн жил дуулж байна вэ?
-“Севилийн үсчин” дуурьд хуучин хувилбараар нь нэлээд олон жил дуулж байсан. Өнөөдөр ч гэсэн дуулж байна. Тоогоо алдаж байна даа, их олон дуулжээ. Гранд опера буюу том хэмжээний дууриудын эмгэнэлт дуурьд “Богем”, “Чио Чио Сан”, инээдмийн дуурьд “Севилийн үсчин” дуурь ордог. Эмгэнэлт дуурийн төрөлд шинээр “Паяцы” дуурь саяхан амжилттай хоёр өдөр тавигдсан. “Паяцы” дуурийг ДБЭТ-аас ОХУ-д найруулагчаар сурч буй С. Баттулга найруулж тун чадварлаг, шинэ уур амьсгалыг бүрдүүлсэн сайхан тоглолт болсон.
-Нийгэм бухимдалтай, үнийн өсөлтөд дарлуулсан, өвчин зовлонд баригдсан олон асуудал иргэдийн сэтгэл санааг зовоож байна. Ийм үед “Севилийн үсчин” дуурь хүний сэтгэлд ямар итгэл, гэрэл гэгээг бэлэглэх вэ?
-Хэт хошин биш сонгодог инээд өөрөө их хоржоонтой, егөөтэй хэрнээ эрхэмсэг их гоё л доо. Хөгжим нь ч их хөнгөн ритмтэй, дуурийг эхлэн сонсож буй хүнд болон хүүхдүүд үзэхэд тун тохиромжтой. Хором бүрийд аз жаргал, инээд наргиа, сонгодог инээд бэлэглэж үзэгчдийг хүмүүжүүлээд гаргах байх гэж бодож байна.
-Итали характерийг тодорхойлсон алдартай бүтээл гэж тодорхойлогддог “Севилийн үсчин” дуурийг хайр сэтгэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хайр сэтгэлд өрнөж буй зөрчил нь өнөөгийн баячуудын дүр төрхийг егөөдсөн ч юм шиг?
-Нэр алдар, алт мөнгө байхад хайр сэтгэлийг гартаа оруулж дөнгөнө гэсэн хөгшин Бартологоор дамжуулж өнөө цагт буруу гараар хөлжиж бүхнийг өөрийн болгох гэсэн атгаг санаатай хүмүүсийг ёжилсон болов уу. Үзсэн хүн өөрт нэгийг бодож хоёрыг тунгаагаад гарах байх. Эцэст нь ариун хайр сэтгэл бүхнийг ялдаг гэдэг нь хүн зөв сайхан явахыг ч давхар өгүүлж буй. Мөн хүн хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэж, хайртай хүнээ алдахгүй байх нь бүх амьдралаа аварч буй хэрэг юм гэдгийг жүжигтээ тусгасан.
-Үсчин Фигарогийн ари бол дэлхийн хамгийн алдартай жавхаалаг баясгалант ари. Энэ аригүйгээр “Севилийн үсчин”-г төсөөлөхийн аргагүй шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Энэ ариг багачууд ”Том Жерри” хүүхэлдэйн киноны Томын дуулдаг дуугаар нь сайн мэдэх болов уу. “Фигаро, Фигаро, Фигаро” хэмээн дуулахад л сэтгэл сэргээд ирмээр. Фигарод Э.Отгонбат, Л.Болдцэрэн хоёр заяагдсан юм шиг гоё нийцэж өгсөн. Тэдний уран чадвар, төгс мэдрэмжээр энэ дуурь утга учиртай, баяр баясгалантай болж байгаа юм.
-Ихэнх дуурь эмгэнэлтэй төгсдөг. Дуурийн төгсгөлд Розинаг аз жаргалтай төгсөнө гэхээр нэг л өөр хүлээлттэй үлдчих юм шиг?
-Ихэнх дуурийн гол дүрийн эмэгтэй эсвэл эрэгтэй нь амиа алдсанаар дуусдаг. Харин энэ бүтээл эсрэгээрээ. Хамгийн аз жаргалтайгаар төгсдөг. Бүгд өөрийн хайр дурлалаа олно. Тийм болохоор хайртай хосууд хамтдаа ирж үзвэл бүр ч сонирхолтой байх болов уу.
-Тантай хамтран дуулж буй Б.Одонзаяа нэгэнтээ “Розина бол торонд хашигдсан шувуухай” гэж хэлж байсан. Хөгшин эр Бартолотой л гэрлэх ёстой гэж “богтлогдсон” цэл залуухан охины сэтгэлийг та яаж гаргасан бэ?
-Хүн бүхэн 16 насыг тойроогүй дайрч гардаг шүү дээ. Ямар энхрий, эмзэг, гэнэн хонгор байдаг билээ дээ. Тэр л сэтгэлийг бүх л зүрх сэтгэлээсээ гаргасан байхад хоолой нь тийм л гарна. Бүх л дүр өөр, өөрийн гэсэн онцлогтой. Дүрийг амьдруулахын тулд тухайн дуучнаас асар их мэдрэмж, хичээл зүтгэл, хөдөлмөр шаарддаг. Жишээлбэл, Моцартын “Увидаст лимбэ” дуурьд эхний өдөр Шөнийн хатан, дараагийн өдөр Шөнийн хатны охиных нь дүрд тоглож байлаа. Охин нь сайхан сэтгэлтэй, гэгээлэг дүр бол, ээж нь өшөө хорсолд автсан хорон муу санаатай дүр л дээ. Шөнийн хатныг олон жил тоглосон туршлагатай болохоор тэр дүр миний биед суучихсан, амар байсан.
Харин охины дүрд харц, үйл хөдөлгөөн, жүжиглэлтээс эхлээд дуулалтын хувьд илүү зөөлөн, уянгалаг хоолойгоор дуулах ёстой учраас анхаарал, мэдрэмж, хөдөлмөр шаардсан шүү. “Богем” дуурийн Мимид олон жил дуулсан. Мими бол ядуу зүдүү айлын өвчин зовлон туссан, охины ялдамхан дүр. Тус дуурьд гардаг Музетта бол галзуу, аальгүй хүүхний дүр. Хүмүүс намайг энэ дүрд тохирно гэж хэлдэг Гэхдээ анх сургууль төгсөж ирээд л тоглосон дүр болохоор Мимидээ маш их хайртай. “Богем” дуурь бол маш уянгалаг, романтик хөгжимтэй. Тэр дундаа Мимигийн хөгжим чимж байдаг. “Травиата” дуурийн Виолетта бас л энхрий хонгор дүр. Хайр сэтгэлийнхээ төлөө шаналж, өвчин зовлон амсаж яваа дотоод сэтгэлийн өвдөлтөөрөө Мимитэй адил боловч Виолетта язгууртан эмэгтэй гэдгээрээ ялгаатай. Язгууртан эмэгтэйн харц, үйл хөдөлгөөн ямар байх вэ гэдгийг хүртэл дотроо бодож ялгаж харуулах хэрэгтэй. Тийм учраас дүрээс дүрийн хооронд өөрийнхөө бие, сэтгэлийг шилжүүлж, заримдаа шөнө хүртэл зүүдэлнэ шүү дээ.
-“Севилийн үсчин” дуурь уран бүтээлч хүнээс дуулахаас гадна ямар ур чадвар илүү шаардаж байна вэ?
-Хөнгөн хөгжимтэй болохоор эхнээсээ дуустал зогсолтгүйгээр жүжиглэж, зогсолтгүй хөдөлгөөн дунд өрнөдөг. Дуулангаа жүжиглэнэ гэдэг асар их бэлтгэл шаарддаг учир эртхэн сургуулилтаа эхэлдэг. Хоолойны хувьд ч техник шаарддаг дуурь. Гурван цагийн турш тайзан дээр дуулахаас гадна бүжиглэнэ, удирдаачтайгаа харьцана, хамтран тоглож байгаа хүмүүстээ анхаарал тавина гээд их авхаалж самбаа шаарддаг. Дэлхийн том сонгодгуудын нэгт ордог дуурь учраас уран бүтээлч хүнээс тал талын авьяас чадвар шаарддаг.
-Тантай хамтран дуулж буй М.Даваадоржийн дуулалт, ур чадварын онцлог нь юу вэ?
-М.Даваадорж маань хөрвөх чадвартай дуучин. Хэдхэн хоногийн өмнө драматик тенор дуулж байсан бол одоо хөнгөн техник шаардсан газар, тэнгэр шиг ялгаатай хоёр дүрд хувирч чадаж байна. Хүнд байсан дүрээсээ маш хурдан хугацаанд гарч хоолойгоо хөнгөн жанрын дуурьт өнгөлнө гэдэг их хэцүү л дээ.
-Жүжгийг өмнө нь монгол хэл дээр дуулж байсан. Энэ удаа итали хэлээр дуулах уу?
-Жүжгийн бүхий л хэсгүүд итали хэл дээр тавигдана. Итали хэл дээр дуулах нь жүжгийн гол санааг алдагдуулахгүй байх бас нэг арга юм. Монгол хэл дээр дуулбал жүжгийн утга санаа тэр чигтээ өөрчлөгдөнө. Хөгжим ч мөн адил. Тиймээс тайзны хоёр талд байрлуулсан дэлгэцэн дээр монгол орчуулга нь гарах учраас үзэгчид ойлгохгүй болов уу гэж санаа зовох явдалгүй.
-ДБЭТ долоодугаар сард амардаг. Хаалтаа хийх хүртэл “Севилийн үсчин” дуурь дахин тоглогдох уу?
-Хаалт хийх хүртэл дахин тоглохгүй. Энэ сарын 07, 08-ны өдрүүдэд л тоглох учир аз жаргалыг мэдрэхийг хүссэн үзэгчдийг урьж байна.
-Цар тахлын өмнө та “Зул сарын үдэш” тоглолтоо хийсэн. Тоглолтын өмнө өгсөн ярилцлагадаа өөрийн хоолойд тохирсон мэргэжлийн нэг цомог, ардын дууны аритай нэг цомог гаргах бодолтой байгаа гэж та ярьж байсан. Хувийн уран бүтээлийн олз омог хэр арвин байна вэ?
-Цар тахлын хоёр жилийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн. Бид тогтмол хоолойны бэлтгэлтэй байсан. Монгол романстай ардын дууны найруулгатай үдшийг цар тахал шувтарч байхад хийсэн. Зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Цомгоо Анир студид хийж байгаа. Одоохондоо хэвлэлтэнд хараахан яваагүй байна. Б.Шарав ах маань бурхан болохоосоо өмнө “Уянга аа чи, лирическое сопрано хоолойд зориулсан дэлхийн сонгодог бүтээлүүдээр цомог болгож, европын зах зээлд нийлүүлнэ гэж бодоорой гэж захиж байсан. Хоолой маань хөгшрөөгүй байгаа дээр би тэр захиасыг биелүүлэх юмсан гэж хичээж явна. Мөн ардын дууны найруулга гэж том төрөл байдаг.
Биднийг багад Ардын жүжигчин Х.Уртнасан, А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж гуай нар Радиогийн алтан фондод дан төгөлдөр хууртай ардын дууны найруулгыг дуулж байсан. Мартагдаад байгаа энэ төрлийг эргэн сэргээж пянз ч юм уу, цомог болгож үлдээхгүй бол хойч үе маань мэдэхээ больж байна. Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Г.Бирваа гуайн бүтээсэн найруулгыг дуулж мөнхлөх юм сан гэж боддог. “Цэнхэрлэн харагдана”, “Гоолингоо”, “Хандармаа”, “Аргагүй амраг”, “Бүүжидмаа” гээд ардын дууны урын сан баялаг шүү дээ. Ардын дуу гэдэг тэр чигтээ философи. Үгнээс нь, аялгуунаас нь ухаарал авч байдаг. Б.Шарав агсны “Сэрсэн тал”-ын бүтээлийн 35 жилийн ойд зориулсан тоглолтоор ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй “Бүүжидмаа” дууг шинэчилсэн хувилбараар дуулж байсан. Симфони оркестор, морин хуур, төгөлдөр хуур, ятга, үндэсний найрал хөгжмийн алинтай нь хослуулж дуулж болно.
-Таны дууг сонсдог ард түмэн хэзээ тоглолтоо хийх бол гэж хүлээж байгаа байх?
-Миний хувьд ДБЭТ-таа ажиллахын сацуу “Яг түүн шиг” шоунд оролцож байгаа учраас тасралтгүй зураг авалттай, тоглолттой тун завгүй байна. Тун удахгүй шинэхэн уран бүтээлээрээ ард түмэндээ бэлэг барих болно.
-Та уран бүтээлч хүн өөртөө хэт ханасан үед юм гардаггүй гэж байсан. Залуу уран бүтээлчдэд хандаад юу гэж зөвлөх вэ?
-Уран бүтээлч хүн зогсолтгүй хөдөлмөрлөж байх ёстой. Энэ зогсолтгүй хичээл зүтгэл нь өөрийг нь алхам алхмаар урагшлуулж, хөгжүүлж, чадавхжуулж байдаг. Нэг ёсондоо тэр хүн зогсох л юм бол нэг алхмаар ур чадвар нь хойшилдог. Хүний биеийн булчин гэдэг дасгал хийх тусам зурайж гарч ирдэг шиг хүний хоолой сургуулилт хийж, дуулж байх тусам л улам өнгө ороод байдаг. Гэхдээ амралт, ажлаа сайн тааруулж хувийн зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Дуурийн дуучин гэдэг олон цаг дуулахад зориулагдсан байдаг учраас тасралтгүй дасгал сургуулилтаа хийдэг дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Hyamdhan yanhan haha goshnogo goyo doloodog
baliar yanhan