Г.Алтандуулга: Сайн найзууд бие биенийхээ хүсэл зоригийг асаадаг

2022 оны 05 сарын 15

Кино урлагийн салбарт цахиур хагалж яваа "OI" энтертайнментийн жүжигчин Г.Алтандуулгатай ярилцлаа. Тэрбээр Манан зүсэгч, Галзуу дурла, Гайхамшигт ертөнц, "No rules" зэрэг олон кинонд дүр бүтээсэн билээ. Түүнийг үзэгчид “No rules” киноны Хүлэгийн дүрээр андахгүй болжээ.


-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Та хамгийн сүүлд тоглосон “Миний шинэ хот” уран бүтээлийнхээ талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Малчин телевизийн Хүннү пикчерсийнхээ анхны уран бүтээлд контент хийх саналыг бидэнд тавьсанаар зөвшөөрч ажиллахаар болсон. Тус пикчерсийн гол зорилго бол хотод хүн амын төвлөрөл их байна, хөдөө очоод гэр бүлээрээ, аз жаргалтай, тайван амьдарч болох талаар өгүүлэхийг зорьсон. Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирээд ямар бэрхшээл, хүнд хэцүү зүйл, хөгжилтэй явдал тохиолддог талаар энэ киноноос үзэж болно.

-Энэ киногоор дамжуулан нийгэмд ямар асуудлыг хөндөж байгаа вэ?

-Сүүлийн үеийн залуус малын хулгайн хэмт хэргийг тоохоо больж, цаана нь малчдад ямар их асуудлыг үүсгэж, эрэл хайгуул, зардал мөнгө, хохирол амсдагийг мэддэггүй. Малчин хүний талаас нь бодоход маш хүнд асуудал мөн. Хотод амьдардаг хүмүүс мэддэггүй л болохоос малчин айлын хүүхдүүд оюутан болоод хотод ирээд сургуульд сурах хугацаанд нь ар гэрт нь олон асуудал тулгардаг. Жишээ нь, байгалийн гамшигт мал нь уруудах, малаа хулгайд алдах гээд зөндөө бэрхшээл бий. Энэ нь тухайн малчин гэр бүлийн хувьд нэг хүнээ алдсан мэт сэтгэл санааны хямралд оруулж, өдрийн бодол, шөнийн зүүд болж эрж хайж явдаг. Малын хулгай гэдэг өдрөөс өдөрт нэмэгдэж,  гэгээн цагаан өдрөөр, хүний нүдэнд ил хулгайлах ч тохиолдол гарч байгаа. Энэ асуудлыг энэхүү контентоороо хөндсөн.

-Тэгвэл “No rules” киноны ялгааны талаар яриач. Залуусын анхаарлыг нэлээн татсан?

-“No rules” киноны бэлтгэл ажлыг зохиол дээрээ задаргаа, судалгаа хийж хоёр жилийн хугацааг зарцуулсан. Тус кино маань Улаанбаатарт болж буй үйл явдал биш Эрдэс хэмээх /уран сайхны аргаар зохиосон нэр/ нэгэн хотод болж буй үйл явдлыг уран сайхны аргаар харуулсан. Бүхий л уран бүтээлч өөрсдийн уран бүтээлээр дамжуулан нийгэмд болохгүй зүйлийг шүүмжлэхийг хичээдэг.  Энэ киногоор хар тамхи болоод хээл хахууль гэх зэрэг хар бараан сүүдрийг дагуулж байдаг асуудлын талаар хүчтэй дуугарсан нь үзэгчдэд маш их таалагдсан. 

-“No rules” кино үзэгчдийг байлдан дагуулж төгсгөлийн анги нь кино  театруудаар гарсан. Киног үзсэн үзэгчид дараагийн анги байгаа болов уу гэсэн хүлээлттэй байна.  Дараагийн ангийн талаар ярихгүй юу?

-Энэ талаар нууцалъя. Дараагийн анги хийгдэх гэж байгаа. Гэхдээ тодорхой хугацааг хэлэх боломжгүй байна.

-Одоогоор "OI" энтертайнмент ямар төсөл дээл ажиллаж байгаа вэ?

-Манай энтертаймент 2015 оноос тогтмол кино уран бүтээл дээр ажиллаж байна. Уран бүтээлийн төлөвлөгөөгөө хоёр жилээр гаргаад түүнийхээ дагуу ажиллахыг хичээдэг. Өмнөх онд “No rules”  10 ангит киногоо үзэгчдийн хүртээл болгожээ. Түүний дараагаар үргэлжлэл болох бүрэн хэмжээний уран сайхны киног бүх кино театруудаар гаргасан. Гайхамшигт ертөнц бүрэн хэмжээний киногоо амжилттай нээлээ. Одоогоор олон ангит киноны бэлтгэл ажилд орчихсон удахгүй мотор дуугарна. Ойрын хугацаанд хоёроос гурван олон ангит кино хийхээр төлөвлөн ажиллаж байна.

-"OI" энтертайнмент ямар ямар жүжигчид, найруулагчдын бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ. Танай продакшны бусдаас ялгарах онцлог  юу вэ?

-Албан ёсны найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, продюсер жүжигчинээр  Т.Нямдорж болон Г.Алтандуулга миний бие, жүжигчинээр Б.Болорчулуун болоод түүнээс гадна зураглаач туслах найруулагч гээд одоогоор олон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Нэг үеийн төгсөгчид найзууд учраас нийлэмжтэй, нэгнээ мэдэрч ажилладаг. Манай багийнхан шинэлэг, өвөрмөц  сэтгэхүйтэй, аливаад үргэлж эрэлхийлж байдаг чадварлаг хамт олон шүү.

-Урлагт татагдсан анхны мэдрэмжээ хаанаас авч байсан бэ?

-Хүүхэд байхдаа Цоглог студи гээд дугуйланд явдаг байсан. 2006 онд Найрамдал хүүхдийн зуслан руу урлагийн наадамд явахад газар газраас хүүхдүүд ирсэн байсан. Тэр дунд Жалам хар бүжгийг онцгой бүжиглэдэг өндөр бор хөвгүүн байлаа. Тэгээд танилцан найз болоод хоорондоо ярилцаж СУИС-д хамтдаа суралцахаар шийдсэн. Тэр найз маань Т.Нямдорж юм. Хамтдаа нэг сургуульд орж одоог хүртэл хамтран ажиллаж байна даа. Сайн найз гэдэг бие биенийхээ хүсэл зоригийг унтраадаг биш асаадаг, сайн сайханд хөтөлж дагуулдаг байхгүй юу. Тиймээс залуу дүү нар маань зөв найзаа олж нөхөрлөх хэрэгтэй гэж энэ ташрамд зөвлөе. Бид хоёр цаашид маш олон уран бүтээл дээр хамтран ажиллаж, олон сайхан бүтээл хийнэ гэж ярилцдаг.

-Таны бүтээж байсан дүрүүдээс хамгийн хэцүү, чадвар шаардсан ямар дүр байсан бэ?

-Хамгийн хүнд гэвэл “No rules” киноны Хүлэгийн дүр байсан. Үзэгчдийн хувьд дуугүй ноомой дүр л дээ. Миний хувьд амьдрал дээр дуугүй байж чаддаггүй, хэлэмгий, хөдөлгөөнтэй хүн болохоор төвлөрөх шаардлага их гарсан. Тэгээд найруулагч маань анхнаас нь хөгжим сонсгож, амьдралдаа нэг ч бүтэн ном уншаагүй хүнийг ном уншуулж төвлөрүүлсэн. Хэчнээн хэцүү ч гэсэн аз жаргалтайгаар ажиллахыг хичээдэг.

-Өнөөг хүртэл дэлгэцийн хэчнээн уран бүтээлд тоглоод байна вэ?

-Миний хувьд оюутан байх үеэсээ өнөөг хүртэл ихэнхдээ киноны ард зураглаач, зургийн даргаар ажилласан байдаг. Одоогоор дэлгэцийн таван уран бүтээлд тоглоожээ.

-Анхны дүрийнхээ талаар дурсахгүй юу. Ямар дүрд тоглож байв?

-Анх оюутан байхдаа 2011 онд Анхны хайр гэдэг киноны Дэлдэн гээд сахилгагүй залуугийн дүрд тоглож байсан. Тэр дүр маань яг л би. Надтай зан араншин төстэй санагдсан учраас тоглоход ч дөхөм байсан шүү.

-Урлагийн хүн гадуур явахад биеэ авч явах соёлоос эхлээд их үүрэг хариуцлага шаарддаг юм шиг. Танд бэрхшээлтэй санагддаг уу?

-Өмнө нь хаана харсан хүн билээ, нутгийн залуу билүү гэх нүдээр харж байсан. Харин “No rules” кинонд тоглосноос хойш таньдаг болж. Хүлэг явж байна гэхчилэн ярих болсон доо. Түүнийгээ дагаад олны газар биеэ зөв авч явах хариуцлага их ирдэг юм билээ. Урлагийн замыг сонгосон л юм чинь хаа ч биеэ зөв авч явж залуустаа зөв үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй гэж боддог.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу. Аль салбарын хүн байдаг вэ. Ер нь гэр бүлийн үнэ цэнийн талаар та юу гэж боддог вэ?

-Миний эхнэрийг Б.Золзаяа гэдэг Оранж прадакшнд продюссерээр ажилладаг. Хоёр хүүтэй. Том хүү маань гуравдугаар ангид сурдаг. Харин бага хүү дөрвөн настай хүүхдүүд маань том болсон учир хамтдаа ажиллахад бэрхшээлтэй зүйл гарахгүй байна. Адилхан салбарын хүн учраас бие биеэ ойлгоход амар байдаг даа.

Миний бодлоор залуус хоорондоо үерхэж нэг нэгнээ сайн таньж мэдэхгүй байж гэр бүл зохиогоод шууд хүүхэдтэй болчихдог. Тэгээд анх хайртай гээд л хамт амьдраад нэгнээ таниад ирхээр зөрчилдөөнөө давж чадаагүйн улмаас салчихдаг болов уу. Тэгэхээр шууд гэрлэх, хүүхэдтэй болох бус сайн нэгнээ мэдэж үерхэл нөхөрлөлийг чухалчилж үзэх хэрэгтэй. Гэр бүлийн үнэ цэн итгэл дээр оршдог гэж боддог. Хосууд бие биедээ үнэнч, анх хэлсэн үгэндээ багтаж амьдардаг байвал аз жаргал аяндаа цэцэглэнэ шүү дээ

-Жүжигчин мэргэжлээс гадна таны хийх дуртай хобби байгаа юу?

-Цаг заваараа эрүүл байхын төлөө фитнессээр хичээллэдэг. Сүүлийн үед хотын түгжрэлээс шалтгаалан дугуй сайн унах болсон.

-Орчин үеийн залуусын хандлага их өөрчлөгдсөн. Та энэ талаар ямар үнэлэмжтэй явдаг вэ?

-Арван жил төгсөж буй хүүхдүүд мундаг боловсролтой ухаалаг өөрсдийн гэсэн ертөнцтэй болсон. Тэдэнтэй юм яриад суухаар маш зорилготой мундаг мөрөөдөлтэй, соёлтой болжээ. Тэд боловсон хүчин болоод бэлтгэгдэн гарч ирэхэд нийгэм сайхан болно.

Б.НАРАНГОО

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top