Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж Г.Занданшатар УИХ-д 5 чиглэлд анхаарч ажиллах үүрэг өглөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.13/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, хүнсний хувьсгал хийхийг уриалсан билээ. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар гадаад, дотоод цаг үеийн шаардлагад нийцсэн, Монгол эх орон, монгол хүний язгуур эрх ашигт бүрнээ нийцэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эх оронч санаачилгыг дэмжиж, УИХ дараах 5 чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзлээ. 


ҮҮНД: 

1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүнсний аюулгүй байдал, хангамжийн талаар санаачилсан хууль,тогтоомжийн төслийг дараалал харгалзахгүй шуурхай хэлэлцэн шийдвэрлэх;

2. Ерөнхийлөгчийн санаачилсан тогтолцооны шинэчлэлийн зорилтуудын хүрээнд хууль эрх зүйн орчныг давхардлыг арилгах, Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг ойрын хугацаанд боловсруулж, хэлэлцэн батлахыг БОХХАА-н байнгын хороо, ХХААЯ-нд;

3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг кластераар хөгжүүлэх,түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, хууль тогтоомжийн төслийг санаачлан ажиллахыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд;

4. Хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, оновчтой бүтэц, тогтолцоог бүрдүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний салбарын мэргэжилтэй хүний нөөцийг бүрдүүлэх, санхүү даатгалын оновчтой тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох Байнгын хороо, яамдад;

5. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, бодлого шийдвэр гаргах УИХ-ын Ажлын хэсгийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан байгуулах, шаардлагатай гэж үзвэл Түр хороо байгуулах.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top