Г.Ёндон: "Тавантолгой" 2023 онд ашиг тараана

2022 оны 05 сарын 16

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой ярилцлаа.


-Өнөөдөр манай уул уурхайн салбар ямар түвшинд байна вэ?

-Нэг талаас харвал хүндрэл, бэрхшээл байна. Цар тахалтай холбоотойгоор манай гол хэрэглэгч БНХАУ хүндрэлтэй тулгарсан. Үүнээс болж хилийн боомтууд хязгаарлалттай ажиллаж байна. Хорио цээрийн хязгаарлалт үргэлжлэх гэх мэт олон шалтгааны улмаас уул уурхайн экспорт санасан хэмжээнд хүрэхгүй байгаа. Гол нь овор ихтэй ачаа болох нүүрс, төмрийн хүдэр илүү мэдрэмтгий байна. Харин зэс, алт үнийн өсөлттэй холбоотойгоор эерэг нөлөөлөлтэй байна. 2021 онд эрдэс баялгийн салбараас төсөвт орох орлого биелсэн байгаа. Гэхдээ нүүрсний үнэ өндөр байсан ч, төлөвлөсөн биет хэмжээгээр илүү их орлого олох боломж байсан. Манайх халдварын, хоригийн зэрэглэлийг бууруулснаар эдийн засаг сэргэх боломж бүрдэж байна. Гэтэл гадаад улс төрийн байдал хурцадсанаар дахин хүндрэлтэй тулгарч эхэлж байна.

Энэ нөхцөл байдлаас болоод манайд ОХУ-аар дамжин орж ирдэг олон химийн бодис урвалжууд гэх мэт уул уурхайн салбарт хэрэглэдэг олон зүйлс хилээр орж ирэхэд хүндрэлтэй болж байгаа. Хятадад цар тахлын нөхцөл байдал хүндэрснээр тус улсаас авдаг бараа материал химийн бодисууд ч ирэхэд хүндрэл үүсэж байна. Ний нуугүй хэлэхэд уул уурхайн салбар зарим бэрхшээлтэй тулгарч байна. Гэхдээ манай салбар монголын эдийн засагт маш их нөлөөтэй. Тэр утгаараа зогсох эрхгүй салбар. Энэ бүхнийг уурхайчид маань л нуруундаа үүрч явна.

-Танай салбарын оны эцсийн төсөөлөл ямар байна?

-Оны эцэст төлөвлөсөн орлогоо оруулна гэж бодож байна. Өнөөдөр зэсийн баяжмалын экспорт төлөвлөснөөс 20 гаруй хувиар давж байгаа. Манай салбарт хамгийн том орлогын орон зай эзэлж байгаа нь зэс, нүүрс байдаг. Алт, зэс, нүүрсний үнэ дажгүй байна. Төмрийн хүдрийн үнэ ч олон жилийн дунджаас дээгүүр байхаар байна. Гэхдээ төмрийн хүдрийн хувьд хилийн хорио цээрийн асуудлаас болоод биетээр гаргах хэмжээ нь хангалтгүй байна. Харин үнэ өсөлттэй учраас төлөвлөсөн орлогоо олох боломжтой гэж харж байна.

-Хилээр гарах хэмжээ нэмэгдэх үү?

-Нэмэгдэнэ. Одоо ч бага багаар нэмэгдэж л байгаа. Гашуун сухайт боомтоор өдөрт 330 орчим машин нүүрс гарч байна. Хятадын тал долоо хоног халдвар гарахгүй бол 30 машинаар нэмнэ гэсэн. Мөн бид Шивээ хүрэнгийн боомтыг нээхээр ажиллаж байна.

-Нүүрс, төмрийн хүдэр гаргахад яг юу саад болоод байна?

-Мэдээж хэрэг шүү дээ. Хорио цээр. Шанхайд хөл хорио тогтоож байсан байсан бол Бээжинд бас хорио тавьж эхэллээ. Харин манай хил ойролцоо Өвөр монголд арай гайгүй байх шиг байна. Тиймээс манайхаас гадна бас, урд хөршийн дотоодод хорио цээрийн дэглэм нэмэгдэж байна. Хятадад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнд хүрч, удахгүй дотоод байдал сайжирвал манай эрдсийн экспортын биет бүтээгдэхүүнүүд бэлэн байгаа. Тухайлбал, өнөөдөр Цагаан хадад гурван сая гаран тонн нүүрс бэлэн байна.

-Ойрын үед манай уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүний төрөл болон тэлэлт хэр нэмэгдэх бол?

-Шинээр ордууд нээх зайлшгүй шаардлага бий. Хайгуулын тусгай зөвшөөрлийг ил тод цахимаар олгохоор болсон. Сүүлийн үед жилд 50 орчим тусгай зөвшөөрөл олгож байсан. Энэ бол маш хангалтгүй тоо. Манайх уудам том нутаг дэвсгэртэй боловч геологийн хайгуул маш бага хийгдсэн орон.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг бууруулсан нь энэ салбарт сөрөг нөлөө үзүүлсэн гэж ярьдаг. Үнэн үү?

-Хайгуулын зөвшөөрлийг бууруулсан нь буруу байлгүй яахав дээ. Уул уурхайн ажлаас геологи хайгуулийн ажил 20-30 жилээр урьдчилж явах ёстой. Тэгж байж уул уурхайн салбар тасралтгүй өсөлттэй явагддаг. Сүүлийн арваад жил хайгуулын ажил үндсэндээ зогссон.

-Жилд олгодог 50 тусгай зөвшөөрөл хангалтгүй юу?

-Хангалтгүй. Хайгуулын тусгай зөвшөөрлийг дагаж гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэг. Манай эдийн засаг 17 хувиар өсөж байсан үед геологи хайгуулын ажил маш сайн явагдаж байсан шүү дээ. Геологийн хайгуулын төсөл бүр үр дүнд хүрэхгүй. Хайгуулын ажил болгон их хэмжээний хөрөнгө, хугацаа шаарддаг. Маш их хэмжээний цаг хугацаа, хөрөнгө зарж хийсэн хайгуулын ажлын маш бага хувь нь л үр дүнд хүрдэг. Бид дараагийн Оюу Толгой, Эрдэнэтийг хайж илрүүлэх хэрэгтэй. Ийм хэд хэдэн ордтой байж улсынхаа эдийн засгийг авч явна. Чили, Австрали гээд уул уурхайн орнууд байна. Зөвхөн Автралид л гэхэд 300-гаад сайн ордыг ашиглаж байдаг. Ганц Оюу Толгойгоо тойроод л хэрүүл хийгээд байвал эрдэс баялгийн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө нэмэгдэхгүй л дээ. Олон Оюу Толгой хэрэгтэй.

-Одоогоор илэрсэн томоохон ордууд бий юу?

-Байгаа. Алтны салбар шороон ордоос үндсэн орд руу шилжиж байна. Жишээлбэл, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь зэрэг аймгуудад алтны үндсэн ордын төслүүд хэрэгжиж байна. Эдгээр төслүүд олборлолтод шилжээд эхлэхээр орд тус бүрээс жилд нэг тонноос багагүй алт авдаг болно.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид орж ирэхэд юу саад болж байна?

-Манайд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тал дээр муу байна. Их хэмжээний хөрөнгө, хугацаа зараад хайгуулаа хийчихээд, ашиглалтаа эхлэх гэхээр орон нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарч байна. Улс төрийн тогтворгүй байдал гэж нэрлэгддэг Засгийн газар нь ойр ойрхон солигддог. Хууль эрх зүйн талаасаа хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан заалт бүдэг, сулхан байдаг. Харин хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ дээр байгаа. Мөн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ дээр ид хэлэлцэгдэж байна. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдлаа. Эдгээр нь хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл бүрдүүлнэ гэж найдаж байна.

-Төр тусгай зөвшөөрөл олгодог, орон нутаг эсэргүүцдэг. Энэ бүхнийг хуулиар зохицуулах боломжтой юу?

-Эрх зүйт төртэй улсад хуулиар зохицуулах ёстой. Хөрөнгөө оруулсан хүн тодорхой ашиг олох гэж л яваа. Энэ оруулсан хөрөнгөнөөс зөвхөн хөрөнгө оруулагч биш Монгол Улс, орон нутаг гэх мэтээр бүгд хожих ёстой. Гэтэл хөрөнгө оруулагч ашиг олох нь бүү хэл оруулсан хөрөнгөө эргүүлж олох боломж олгохгүй байна.

Тусгай зөвшөөрөлтэй хөрөнгө оруулагч үйл ажиллагаа явуулах гэхээр тусгай зөвшөөрлийг нь зүгээр цаас мэтээр үзээд саад хийж байна. Зүй нь энэ тохиолдолд Эрүүгийн хуульд ч заалт оруулах хэрэгтэй. Тэгж байж л улс орон хөгждөг. Түүнээс хэн хүн дураараа аашлаад байдаг оронд хэн ч хөрөнгө оруулахгүй. Зөвхөн гадны хөрөнгө оруулагчдыг гэлгүй, дотоодын хөрөнгө оруулагчдаа ч бас хамгаалсан хууль байх ёстой. Хууль эрх зүйн орчинг маш сайн бүрдүүлэх шаардлагатай.

-Гаднынхан таны үгийг сонирхож байгаа байх. Ойрын ирээдүйд та тэдэнд юу хэлэх вэ?

-Хэн нэгэн сайдын хэлэх үгнээс хамааралгүй хууль эрх зүйн орчинг л маш ойлгомжтой, тодорхой бүрдүүлэх шаардлагатай юм. Түүнээс биш, би орон нутагт очоод л зөрчил гаргагчидтай байлдаад байх биш л дээ. Хууль эрх зүйн таатай орчинг ойрын үед бүрдүүлнэ.

-Өнөөгийн нөхцөлд хөрөнгө оруулалт орж ирэхгүй юу?

-Орж ирж байгаа л даа. Гэхдээ хангалттай биш байна. 1990-ээд оны дунд үе, 2000-аад оны эхэн үед хангалттай орж ирж байсан. Тэр үеийг л авчрах хэрэгтэй байгаа юм. Тэгж байж л бид олон том ордуудыг шинээр нээнэ. Хэрэв тийм үе байхгүй байсан бол өнөөдөр Оюу Толгойн орд байхгүй л байсан шүү дээ.

-Урт нэртэй хууль уул уурхайн салбарт том саад болсон гэж гэж ярьдаг байсан. Энэ саад одоо бий юу?

-Хуулийн үйлчлэл хэвээр байгаа. Байгаль орчноо хэвээр нь авч үлдэх зайлшгүй шаардлагатай л даа. Хууль санаачлагчид энэ тал дээр ажилласан. Гэхдээ нөгөө талдаа олон хөрөнгө оруулагчид хөрөнгөө нөхөж авч амжаагүй байхад хууль үйлчилж эхэлсэн. Тэд нөхөн олговор авах хүсэлт гаргасан. Улс нөхөн олговор олгоогүй. Энэ нь бас хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болсон. Өнөөг хүртэл хохирсон олон компани бий.

-Тоон үзүүлэлт байна уу?

-123 компани “220 гаруй тэрбум төгрөгийг нөхөн олговорт олгооч ээ” гэж тухайн үеийн Засгийн газарт хүсэлт гаргасан байдаг. 

-Төмөр зам ашиглалтад орсноор уул уурхайн салбарт хэр их үр дүн гарах бол?

-Маш их. Бид оргил үедээ 36 гаруй сая тонн нүүрс экспортлож байсан. Өнгөрсөн онд цар тахлын хорио цээрээс болоод ердөө 17 орчим сая тонн болсон. Төмөр замын тээвэрт цар тахал, хорио цээрийн дэглэмийн нөлөөлөл бага байдаг. Хилийн боомтоор экспортын гарц, хэмжээ ч нэмэгдэнэ. Автотээврийн нэг жолооч 120-130 тонныг л гаргах бол, төмөр замын нэг машинист 3250 орчим тонн нүүрс гаргана.

-Гадаадад тоног төхөөрөмжүүд бас гацаж байгаа гэсэн мэдээ байна.

-Тээвэртэй холбоотойгоор Эрдэнэт, Бороо Гоулд гэх мэт компаниудын томоохон хөрөнгө оруулалттай төслийн тоног төхөөрөмжүүд Эрээн дээр гацаад байгаа юм. Нөгөө талдаа ОХУ-д тавьсан хоригоос болж Европоос ирэх ачаа тээвэр бас гацсан зүйлс байгаа. Гэхдээ энэ нь салбарт их хэмжээний нөлөө үзүүлэхгүй ч зарим компаниудад нөлөөлөөд байгаа юм.

-Уул уурхайгаас олох орлого одоогоос буурахгүй гэж ойлгож болох уу?

-Болно. Зэс, алтны үнэ ойрын үед өнөөгийнхөөс огцом буурахгүй гэж бид төлөвлөж байгаа.

-Төмөр зам ашиглалтад орохоор авто тээвэр зогсох уу?

-Авто тээвэр үргэлжилнэ. Гэхдээ төмөр замаар тээвэрлэх өртөг бага шүү дээ. Бид аль болохоор их хэмжээний экспорт хийх зорилготой учраас боломжтой бүх тээврийн сувгийг ашиглана.

-Төмөр зам ашиглалтад оруулахад шилжүүлэх цэгийн асуудал шийдэгдсэн үү?

-Ерөнхий сайд өвлийн олимпын үеэр холболтын цэгээ тохирчихсон, одоо энэ чиглэлд ажил хийгдэж байгаа. Өргөн царигтай зам нь хятадын нутаг руу орно. Нарийн царигтай нь манайх руу орж ирнэ. Аль аль нь шилжүүлэн ачих боломжтой болно. Терминалын ажил явагдаж байгаа.

-Оросууд Хятад руу нарийн царигтай зам тавьсан. Манайх тэгж болохгүй юу?

-Манайх Монголын нутаг дэвсгэрт өргөн төмөр замтай байхаар хуульчилсан байдаг. Хил орчмын бүсэд бол орж гарах л байх.

-Хүнд үйлдвэрийн бодлого танай яаманд харьяалагддаг. Ойрын үед ямар өөрчлөлт гарах вэ?

-"Эрдэнэт" үйлдвэр технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл авсан. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулагдана. Дорноговийн Алтанширээд “Газрын тос боловсруулах үйлдвэрийн”, “Алтан ширээт” хар төмөрлөгийн аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажил ид хийгдэж байна. Таван толгойд нүүрс-химийн чиглэлээр парк байгуулагдана. Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. 2024 онд эхний 10 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Нийтдээ 30 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр байгуулагдана.

-Нүүрсний хэрэглээ буурахгүй юу?

-Дэлхий болон БНХАУ-ын бодлого, хандлага тийм байгаа. Гэхдээ бид гүн боловсруулалт хийх замаар орлогоо нэмэгдүүлнэ. Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тосны үйлдвэр чинь нефть-химийн салбарын суурь болж байгаа юм.

-Дотоодын гангийн хэрэгцээний хэдэн хувийг хангах бол?

-Одоогоор 55-60 хувь гэсэн тооцоо бий. Дарханд мөн “Монгол ган-I” цогцолбор, Эрдэнэтэд Бэрэн группын “Хар төмөрлөгийн цогцолбор” байгуулагдана. Эдгээр үйлдвэр ашиглалтад ороход бид дотооддоо 580 орчим мян.тонн ган үйлдвэрлэнэ. Манай дотоодын хэрэгцээ 1.0 сая тонн болно гэж төлөвлөсөн.

-"Эрдэнэт"-ийн нөөц дуусах тухай яригддаг байсан.

-Өнгөрсөн онд 60-70 жилийн нөөцтэй гэсэн шинэчилсэн тооцоо нь батлагдсан байгаа.

-Тавантолгой компани иргэдэд дахин ашиг тараах уу?

-2023 онд тараана.

Х.БАТТӨГС

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top