Эдийн засгийн байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Ч.Хүрэлбаатар мөнгө хэвлэх хуулийн төсөл оруулж ирлээ хэмээн шүүмжлэв.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
2022 онд эдийн засагт тулгамдаж байгаа гол асуудал бол үнийн өсөлт. Үнийн өсөлтийг мөнгө хэвлэж шийднэ гээд оруулаад ирлээ. Мөнгө хэвлэж үнэ тогтворжуулдаг гэдгийг би лав мэдэхгүй юм байна. Алтанхуягийн Засгийн газар мөнгө хэвлэж Монгол Улсын эдийн засгийн сонгодог утгаар нь алсан. Тэр давтагдах гээд байна. Хамгийн болохгүй шийдлийг сонгож, улс орноо хорлох юм оруулж ирж байгааг би ойлгохгүй байна. Мөнгө хэвлэхийг Монгол Улсын хуулиар хорьсон шүү. Одоо ам.долларын ханш хоёр өөр байна. Эрх мэдэлтэй хүнд 2900 төгрөгөөр ам.доллар олдож байгаа байх. Ард иргэдэд бол 3200 төгрөгөөр олдож байгаа шүү. Ханш хоёр өөр байна гэдэг нь ам.долларыг зарцуулах эрх мэдэлд ойрхон байгаа хүмүүс 1 ам.доллар дээр 300 төгрөгийн ашиг хийж байгаатай ижил юм. Мөнгө хэвлэх юм бол ханш улам гаарна.
Хоёрдугаарт, Хууль зөрчиж Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 14 тэрбум төгрөг олгосон. Эргэж төлсөн үү?
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
Монголбанкны зүгээс мөнгө хэвлэж, нийлүүлэхгүй. Монголбанкны репо санхүүжилт буюу үнэт цаасыг барьцаалаад арилжааны банкууд өөрт байгаа эх үүсвэрээ цааш олгодог. Засгийн газрын эдийн засгийг сэргээх хөтөлбөр ч энэ янзаар олгосон.
Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд Монголбанкны барьцаат зээлийн журмаар 90 хоногийн хугацаатай зээл аваад, банкны зүгээс сунгах хүсэлт тавьсан. Монголбанкны журмаар 60 хоног сунгах боломжтой.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Та нар мөнгө хэвлэж байна. Хэрэв мөнгө хэвлэхгүй гэвэл яаж хийдэг вэ гэдгийг би хэлээд өгөх үү. Арилжааны банкууд тэр зээлээ аж ахуй нэгжид олго. Хүүгийн зөрүүг нь төсөв дээрээ тавиад өг. Энэ арга Монгол Улсын бүх хуульд нийцнэ. Ингээд төсвийн тодотголд тусгаад өргөн барьчих. Ямар ч зовлонгүй шийдэл энэ. Гэтэл заавал мөнгө хэвлээд валютын нөөц рүү дайраад, өчнөөн хүн эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаа алдааг давтах гээд байна.
Сэтгэгдэл ( 0 )