Г.Өлзийхишиг: Авьяасгүй, мэдрэмжгүй хүн гэж байдаггүй

2022 оны 05 сарын 20

Мастхинаар зурдаг зураач Г.Өлзийхишигтэй ярилцлаа.


-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай уншигчдад уран бүтээл болоод ямар чиглэлээр зурдаг тухайгаа танилцуулна уу?

-Хүний байгаа байдлыг  юм уу,  гадаад  орчныг зурахыг нийгмийн зураг гэж байгаа юм. Миний бүтээлийг хүмүүс модерн талдаа хэмээн ярьдаг юм билээ. Миний зургууд будгаас гадна зурган дээрээ палидер наах болоод нэмэлтээр шинэлэг зүйл оролцуулахыг хичээдгээрээ онцлог. Нөгөө талаас холимог техник орж байгаа болохоор модерн чиглэлийн болоод байгаа юм.  

-Таны зураг бусад зураачийн зурагнаас өөр харагдаж байна. Ямар хэрэгсэл ашиглаж зурсан бэ?

-Би мастхинаар зурдаг. Мастхинаар зурахаар ажиллагаа нь нэгэн жигд, өнгө нь тод, цоглог, эрч хүчтэй гарч, зурж буй дүрслэл илүү өвөрмөц ойлгомжтой болдог.

-Таны бүтээлийн онцлог юу вэ?

-Дүрслэх урлагийн өвөрмөц хэлбэр  нь сонгодог урлаг юм. Тэгэхээр нийгмийн шоу талдаа бус илүү дотогшоо гүн гэсэн үг. Миний бүтээлүүдийг харвал дотроо бясалган сууж буй хүнийг олонтаа зурсан байдаг. Хүн бүр гэрлэн бүрхүүлтэй. Гэрлэн бүрхүүлдээ анхаарлаа хандуулан, өдөр бүр өөрийгөө ойлгож, танин мэдэн, гэрэлтүүлэх хэрэгтэй. Би ерөнхийдөө гэрэл цацарсан бүтээлүүд туурвидаг. Харин сүүлийн үед ямар нэгэн утга хамааралгүй, илүү өөрийгөө ирж хайсан, мэдрэхүй, мэдрэмж талын бүтээлийг их туурвих болоод байна.

-Та уран бүтээлээ туурвихын тулд хэрхэн төвлөрдөг вэ?

-Ямарваа нэгэн бүтээлийг хийхэд бэлтгэл болоод сэтгэлзүй чухал нөлөө үзүүлдэг. Нийгмийн болоод ар гэрийн асуудлаа бодож байхдаа зурна гэж байхгүй. Урлан дээрээ лаа асаагаад орчноо бүрдүүлээд сэтгэл санаагаа төвлөрүүлээд бүтээл туурвих нь сайн бүтээл гарахад нөлөөлнө. Хамгийн чухал нь сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй. Өөрийгөө бясалгаж байгаад бүтээл “төрүүлнэ” гэсэн үг.

-Бүтээл дуусах хугацааг шууд хэлэх боломжтой юу?

-Бүтээл дуусах хугацааг тодохой хэлэх хэцүү. Цагаан дэлгэц дээр анхны өнгө тавиад эхлэх нь гоё ч,  зургаа яаж дуусгах  вэ гэдэг хэцүү. Зарим нэг дуусаагүй зургуудаа хэрхэн дуусгах талаар бодоход л толгой гашилдаг.

-Нэг бүтээлийг туурвихад хэчнээн хугацаа зарцуулдаг вэ?

-Бүтээл хурдан гарах эсэх нь тухайн үеийн сэтгэл зүйгээс шалтгаалдаг. Том бүтээлүүд сарын дотор ч гарна. Зарим үед дуусаагүй зургаа бариад суухаар арай бүрэн болох цаг нь болоогүй юм шиг санагдаад орхичихдог. Хамгийн удсан зураг хоёр жил гаруй болж байна. Бүтээлийн бэлэн болох цаг хугацаа гэж байдаг. Илүү гоё бүтээл хийхийн тулд өөрийгөө илүү чөлөөлж, хайрцагнаасаа гарах хэрэгтэй. Тэгж хэмээн оюун санаагаа төвлөрүүлж чадсанаар сайн уран бүтээл төрнө.

-Таны урланд нэлээд олон бүтээл харагдаж байна. Та уран зургаараа үзэсгэлэн гаргаж байсан уу?

-Би уран зураач гэхээс илүүтэй багш хүн л дээ. Урьд нь олон үзэсгэлэнд оролцож байсан. Харин бие даасан үзэсгэлэн гаргах гээд төлөвлөж байсан боловч цар тахлын  улмаас хойшилсон. Монгол уран зургийн галерей үзэсгэлэн­гийнхээ товыг жилээр нь төлөвлөн гаргадаг. Хуваарийн дагуу  “Хаан банк”-ны “Хаан арт галерей”-д ирэх оны нэг­дүгээр сард анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар болоод байна. Ерөн­хийдөө өөрийн дотоод мэдрэмжээ гадаад улс оронд түгээхийг зорьж байгаа. Одоогоор бие даасан үзэсгэлэндээ ач холбогдол өгч гаргах бүтээлээ туурвисаар байна.   

-Та өөрийгөө зураачаас илүү багш хүн гэлээ?

-Би тусдаа сургалтын тэнхимтэй. Мэргэжлийн уран зургийн сургууль төгссөн цагаас хойш тасралтгүй багшаар ажилласан. Анх хүүхдүүдэд зурах техник заадаг байлаа. Харин одоо илүү мэргэжлийн зургийн сургалт явуулж байгаа. Энэ чиглэлээрээ бүтээл хийдэг хүний хувьд өөрийн ойлгосон мэдэрсэн зүйлээ хүнд зааж чиглүүлэх  дуртай.

-Та одоогоор хэчнээн шавьтай болоод байна вэ?

-Би багш болоод таван жилийн нүүрийг үзээд байна. Энэ хугацаанд Цэнхэр мод урлан, Бодь арт клуб, Мэдрэмж академид Хувцас дизайн, зургийн багшаар ажиллаж байлаа. Одоо Арту урланд ажиллаж байна.  Энэ хугацаандаа нийт 400 гаруй шавьтай болсон.

-Хүмүүсийн мэдрэмжийг хэрхэн таньж, мэдэрч дуртай зүйлд нь чиглүүлдэг вэ?

-Зургийн багш гэдэг маш эмзэг мэргэжил. Хүн бүр өөр өөрийн гэсэн мэдрэмжтэй. Тухайн хүний өөрийн мэдрэмжийг гаргаж ирэх нь чухал. Харин тэгэхгүй өөрийнхөөрөө кодлоод заагаад байж болохгүй. Анх би хүүхдүүдэд заадаг байхдаа тэднээс л суралцдаг байсан. Тэдний дотоод мэдрэмж үнэхээр гайхалтай, чөлөөтэй сэтгэж чаддаг. Хүүхдүүдтэй тулж харьцах шаардлага гардаг. Тэгээд зааварчилгааны дагуу зурахаараа түүнээсээ ачаалал их аваад байдаг юм. Тийм учраас хүүхэд гэхээс илүүтэй насанд хүрсэн хүмүүс мэргэжлийн зургийн сургалтыг ойлгомжтой заадаг.

-Та зурах сонирхол руу нь хэрхэн чиглүүлдэг вэ?

-Насанд хүрсэн хүмүүст харандаа бийр яаж барих, будгийг хооронд нь хэрхэн холих, гэрэл сүүдэр алслалт гээд бүгдийг эхнээс нь заадаг. Үүнийг ойлгосны дараагаар өөрөө юу зурах сонирхолтой ойлгож эхэлдэг бөгөөд тэр үед нь  чиглүүлдэг. Эхэндээ тухайн ойлголтоо олж авах нь нэн чухал. Түүнийхээ дараа өөрийнхөөрөө зурж болно.

-Хүмүүсийн дунд би угаасаа л зураг зурж чаддаггүй одоо ч сурахгүй болов уу гэх бодол байдаг. Та энэ тал дээр зөвлөгөө өгөөч?

-Авьяасгүй мэдрэмжгүй хүн гэж байдаггүй. Харин түүнийгээ ашигладаггүй хичээдэггүй хүн гэж байдаг. Би зурж чаддаггүй надад ямар ч чадвар, авьяас, мэдрэмж байхгүй хэмээн ярьж болохгүй. Бүх хүнд мэдрэмж, авьяас байдаг. Түүнийгээ хичээж хэрхэн гаргах нь чухал. Сурахыг хүсвэл сэтгэлзүйгээ бэлтгэх хэрэг­тэй. Аливаа зүйлд тэмүүлж байгаа хүнд авьяас, мэдрэмж гарч ирж байдаг. Ерөнхийдөө сурах гэж буй хүмүүс би юу ч мэдэхгүй, чадахгүй гэсэн хэдий ч надад сонирхол байна гэж ярьдаг. Тэр үед нь  би зүгээрээ хүрээд ир гол нь чи л сонирхож байвал  болно гэж хэлдэг.

-Манай улсын уран зургийн хөгжлийг та хэрхэн үнэлж, дүгнэх вэ?

-Би урлаг судлах сонирхолтой хүн л дээ. Манай улсын уран бүтээлчид маш чадвартай. Гадаад орны үзэсгэлэнд уран бүтээлчид маань дээгүүр үнэлэгддэг. 

-Анх дүрслэх урлагтай хэрхэн холбоглож байв?

-Үйлдвэр урлалын сургуульд, График дизайнерын ангид суралцдаг байлаа. Сурч байх хугацаандаа урлагийг маш их сонирхож Э.Х.Гомбрих “Урлагийн түүх” гэх 600 хуудастай номыг богино хугацаанд уншин дуусгаад түүнээс л урлагийн сайхныг ойлгож авсан. Тэр үед л урлагийн яруу сайхныг мэдрэн гүнээ дурлах болсон. Тэгээд л ДУДэС уран зургийн ангид  зураач мэргэжлээр элсэн орж шатаар нь алхах мөчид диваажинд очсон мэт санагдаж байсан. Өөрийнхөө мөрөөдлийн дагуу сураад түүнийхээ дараагаар над шиг дурлаж суралцах хүсэл тэмүүллээр дүүрэн хүүхдүүдэд хичээл зааснаар үгээр хэлэмгүй гоё мэдрэмжийг авдаг.

Б.НАРАНГОО

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top