ЧУУЛГАН: Автомашин болгонд $40-400 өртөгтэй тахометр суулгах төслийг дэмжив

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар  “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг дэмжиж байнгын хороонд шилжүүлэв. 

Дараа нь “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуух асуулттай гишүүн байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулаад хуулийн төслийг дэмжив.

Энэ үед УИХ-ын гишүүн Н.Наранбаатар хуулийн төслөө татаж авахыг санал болгов. 

Учир нь дээрх хэлэлцээрт нэгдэн орсноор дижитал хяналтын төхөөрөмжийг олон улсын тээвэр хийх машин бүрд суулгаснаар тухайн жолооч хэдэн цаг машин жолоодож, хэдэн цаг амарч, хэр хурдтай давхисан зэргийг нь алсын зайнаас хянах боломж бүрдэх аж. Уг хяналтын төхөөрөмж 2010 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинуудад байдаг.

Хэрэв төхөөрөмжгүй бол худалдан авч, машиндаа суурилуулах шаардлага тавина. Энэ төхөөрөмж 40-400 ам.долларын үнэтэй байдаг бөгөөд олон улсын конвенцод нэгдэн ороход хяналтын төхөөрөмжийг зайлшгүй суулгахаас өөр аргагүй гэж хууль санаачлагчид тайлбарлаж байгаа юм.

Мөн түүнчлэн олон улсад тээвэр хийх машинуудыг Автотээврийн үндэсний төв алсын зайнаас нэгдсэн удирдлагаар хангаж байгаа тул нэмэлт зардал гарахгүй. Хэлэлцээрт нэгдэн орсны дараа эрх бүхий байгууллагад хяналтын төхөөрөмж оруулж ирэх эрхийг олгоно. Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо нь Олон улсын автотээвэрчдийн гишүүн байгууллага тул хяналтын төхөөрөмжийг оруулж ирүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна. Харин Автотээврийн үндэсний төв дээр итгэмжлэгдсэн лабораторийг байгуулаад хэдэн жил болж байгаа тул тэнд хяналтын төхөөрөмжийн засвар, баталгаажуулалтыг хийнэ. Конвенцын хүрээнд хяналтын төхөөрөмжийг оруулж ирэх, баталгаажуулалтыг хянах, хариуцах гээд зайлшгүй шат дамжлагыг бий болгохоос өөр аргагүй гэж байлаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(66.181.177.72) 2022 оны 05 сарын 23

Үйлдвэрлэгчид нь хийхээ мартчихаж тэрнийг нь Монголд оруулж ирж мөнгө хүүлэх угаах нэг арга юм байж болох эс бол бас нэгэн хүнд суртал ажилын тээр нэмэгдэж хэлэх ч үг олдохгүй юм даа...

0  |  0
Top