УИХ-ын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төсөл батлагдвал энэ наадмаас эхлэн хэрэгжиж эхлэх ба дараах өөрчлөлтийг тусгажээ.
Үндэсний бөхчүүд дөрвийн даваанаас эхлэн допингийн шинжилгээ өгнө. Цолны болзол хангасан бөхчүүдэд тухайн өдөр цол олгохгүй. Харин цол олгох батламж олгоно. Шинжилгээний хариу ирсний дараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж, бөхчүүдэд цол олгоно. Бөхчүүд дүрмийн шаардлага биелүүлээгүй бол барилдаанаас хасах, мөн зодог шуудагт стандарт тогтоох, бие биенээ гэмтээх зэрэг асуудалд хариуцлага тооцох зэрэг зохицуулалт оруулжээ.
Түүнчлэн Баяр наадмыг улс орон даяар нэг өдөр тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг зохицуулалт орж байгаа аж. Ингэхдээ цар тахал, гамшиг зэргээс бусад тохиолдолд нэгэн зэрэг тэмдэглэх юм байна.
Хурдан морины сэрвээний өндөр тооцож, эрлийз адуу уралдуулахгүй байх, сэрвээний өндрийг лазер төхөөрөмжөөр хэмжих, шүдэлгээ болон зурхай руу гарах үйл явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргах, эрлийз адууг тойруулгын уралдаанд оролцуулах эрхийг нээж өгөх зэрэг заалтууд мөн багтжээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Алслагдсан дүүрэгт өөрийн нутаг дэвсгэр дээр наадам хийж болно гэж тусгасан байна. Энэ заалтаас харахад, Х.Нямбаатар сайд өөртөө зориулж хууль бичсэн юм уу. Хоёрдугаарт, морьдыг сэрвээний өндөр, хэмжээгээр уралдаанд оруулах эсэхийг шийдэх гэж байгаа нь өрөөсгөл ойлголт. Монгол адууны генийн түвшинг тогтоож, монгол наадамд уралдуулах эсэхийг шийддэг байх ёстой” гэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-С.Чинзориг гишүүн та ойлголтыг зөрүүгээ засна уу. Би Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон төлөөлөл шүү. Алслагдсан дүүрэг гэдэгт Налайх, Багануур, Багахангай дүүрэг ордог. Энэ гурван дүүрэг тусдаа наадам хийх эрхийг хуулиар олгох гээд байгаа юм. Үүнээс гадна 141 см-ээс дээш өндөр адуутай маш олон уяач адуугаа уралдуулж чадахгүй байгаа тул тойруулгын уралдааныг хуулиар зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа.
Сэтгэгдэл ( 1 )
өөрийгөө өмөөрдөг чи хэн бэ? сайд гэхэд хэцүү