Хүүхэд хамгааллын хуулийг ЗГ-аас өргөн барьсан хуультай нэгтгэн хэлэлцэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Чуулганаар УИХ-ын нийт 13 эмэгтэй гишүүний өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив.

Уг хуулийн төсөлд Хууль зүйн салбар дахь хүүхэд хамгаалал гэсэн зүйл шинээр нэмж оруулж, орон нутгийн түвшинд /сум, хороонд/ хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, тэднийг бодлого, зохицуулалт, удирдлага арга зүйгээр хангах чиг үүргийг ХНХЯ, түүний харьяа агентлагийн чиг үүрэгт хамруулах зэрэг асуудлыг тусгажээ.

Засгийн газрын зүгээс хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлыг цогцоор шийдэх үүднээс Хүүхэд хамгааллын тухай хуулийн өөрчлөлтийг бэлэн болгоод байгаа аж. Тиймээс энэ долоо хоногийн /2022.05.17/ Нийгмийн  бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн билээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "3.4 дүгээр зүйлд гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хүүхдэд нэгэн адил хамаарна гээд оруулсан байна. Монгол Улсын хууль бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилнэ. Гадаад улсад үйлчлэхгүй. Үүнийг анхааралдаа аваарай. 91.3 зүйлд хүүхэд гэр бүлтэй холбоотой маргааныг хүүхэд гэр бүлийн мэргэшсэн шүүгч шүүнэ гэж тусгасан байна. би үүнийг дэмждэг. Бусад улсад мөрдөн байцаагч, өмгөөлөгч, шүүгч нь хүүхдийн сэтгэл зүйг ойлгодог мэргэжилтэнг томилдог. Үүнийг бид шийдэх ёстой. Хуулиараа бол дагнасан шүүхийг байгуулахдаа Засгийн газар Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал дээр тулгуурлан өргөн барих ёстой. Үүнийг анхааралдаа авахыг хүсэж байна. 9.5 зүйлд байгууллага аж ахуй нэгж бүр эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллана гэж байна. УИХ дээр эцэг эхийн зөвлөл байгуулагдах юм байна. Хэн дарга нь болох юм бол. Энэ зөвлөл юу хийх вэ, айл гэрийн дотоод асуудал руу ороод явчих юм биш биз дээ" гэсэн санал хэлэв.

Хууль санаачлагч С.Одонтуяа "Энэ хуулийг өргөн барьснаас хойш УИХ-аар нэлээд олон хууль батлагдсан. Дагнасан шүүх байгуулах ажлыг удахгүй оруулж ирнэ гэж Х.Нямбаатар сайд хэлсэн. Гэр бүлийн тухай хууль удахгүй орж ирэх гэж байна. Мөн  хүүхдийг цахим халдлагаас хамгаалах тусдаа хууль оруулж ирэхээр бэлдсэн байгаа. Биднийг өргөн барьснаас хойш маш олон хууль батлагдсан тул бид хэлэлцэх эсэхийг дэмжүүлсний дараа Хүүхэд хамгааллын тухай хуулийг цогцоор нь оруулж ирэх гэж байгаа юм. Тиймээс энэ хуультай бидний өргөн барьсан хуулийг хамт хэлэлцэхэд татгалзах зүйлгүй. Хууль л маш сайн боловсорч гарах ёстой. Тиймээс Засгийн газрын оруулж ирж байгаа хуулийн төсөл дээр хамтраад явъя. Гишүүд маань харин хэлэлцэх эсэхийг дэмжээд өгөөч гэдэг саналтай байна" гэдгийг тодотгов. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top