Уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засагтай манай улсын хувьд уурхайн үйл ажиллагаатай танилцана гэдэг өдрийн цагаар од олж харахтай ижил зүйл. Гэвч Улаанбаатар хотоос 550 км зайд байрлах Оюу Толгой компанийн ил болон далд уурхайн үйл ажиллагаатай танилцах боломж тохиосон юм. Далд уурхайн үйл ажиллагаа нь бидний хувьд шинэ зүйл огт биш. Хэнтий аймгийн Бор Өндөр суманд 200 метрийн гүнд жоншны олборлолт явуулж байсан түүх бий. Гэвч энэ удаагийн далд уурхайн үйл ажиллагаа нь газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд олборлолт явуулдгаараа онцлогтой юм. Тиймээс манай сурвалжлах баг Оюу Толгойн уурхайгаас энэ удаагийн сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.
Оюу Толгойн уурхай нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт харьяалагддаг. Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас зүүн тийш 210 км, Ханбогд сумаас баруун тийш 45 км зайд байрладаг юм. Өмнийн говийг 23-25 хэмийн халуунд туулсаар Оюу Толгойд очив. Үйл ажиллагаагаа 1996 оноос хойш явуулж буй тус компани нь 64 км2 талбайд цогцлон байрладаг.
Тус цогцолбор газарт Баяжуулах үйлдвэрийн цогцолбор, ил уурхай, гүний уурхай, Тэсрэх бодисын үйлдвэр, Төв дулааны станц, Хаягдлын удирдлагын төв, Ус цэвэршүүлэх болон савлах үйлдвэр, Бетон зуурмагийн үйлдвэр, Хүнд машин механизмын засварын цехийн цогцолбор, бохир ус цэвэршүүлэх байгууламжууд, түлшний агуулах ба шатахуун түгээх станц, ажилчдын байрлах хотхон болон оффис байгууламжууд байрласан ажээ. Ойрхон л газар биш бол байрлах хотхоноосоо ажлын талбар руугаа явна гэвэл бүтэн өдөр бүү хэл нэг хоногийг зарцуулахаар том цогцолбор газар байв. Бид Оюу Толгойд нэг хоног ажилласан юм. Нэг өдрийн дотор ч энэхүү цогцолбор газраар явж, бүхий л үйл ажиллагаатай нь танилцана гэдэг “үлгэр” байв. Тиймээс уурхайн олборлолттой холбоотой хэсэгтэй танилцахаар боллоо.
Ажилчдын байрлах хотхонд манай сурвалжлах багийг байрлуулсан юм. Оюут, Оюут-2 болон Манлай гэсэн гурван хотхонтой. Гаднаас нь харвал 3-4 давхар бүхий чингэлэг загвартай хотхонууд урт цуваа үүсгэсэн байрлалтай байв. Нэг хотхондоо л гэхэд 20 орчим цуваа байгаа харагдлаа. Харин дотроо интернэт сүлжээ, скаймедиа телевизийн суваг болон шаардлагатай төхөөрөмжүүдээр хангасан байв. Аюулгүй байдлын хүрээнд галын системийн төхөөрөмжүүд, утаа мэдрэгч, бороожуулагч, хяналтын камер зэргийг суурилуулжээ. Өрөө бүр дотроо халуун, хүйтэн ус бүхий шүршүүр, боловсон ариун цэврийн өрөөтэй байв.
Мөн хотхоны гадна хогоо ангилах сав, саравч, спортын талбайтай байсан юм. Түүгээр зогсохгүй хоол хүнс үйлдвэрлэл, нисэх буудал, тээвэр зохицуулалт, амралт, чөлөөт цаг, үзвэр бүхий газартай байлаа. Ажилчдын амралт, чөлөөт цагт зориулсан спорт заал, биллиард, дартсын клуб, ширээний теннис, хөлбөмбөгийн талбай, шагайн харваа, сур харваа, гольфийн талбай, номын сан, кино театр, цахим тоглоомын төв, бүжгийн болон уран зургийн клубтай ажээ. Мөн хамгийн гол зүйл нь ажилчдын хоол хүнсийг шийдэх газар юм.
Тус цогцолборын хоолны газрыг Мазаалай гэдэг аж. Хоолны газарт 1500 хүн сууж үйлчлүүлэх боломжтой байлаа. Хоолны заал руу орохоос өмнө нийтийн гар угаах хэсэгтэй. Тус хэсгээр үйлчлүүсний эцэст хоолны газар руу орох боломжтой ажээ. Өглөө, өдөр, оройн монгол, гадаад, цагаан болон даюс амтлагчийг бууруулсан хоолны сонголттойгоор үйлчлүүлдэг байна. Харин хоолны газрас гарах хэсэгт боолтын хоол гэсэн том самбар бий. Боолтын хоол гэдэг нь хоолны газраар үйлчлүүлэх боломжгүй хүмүүст зориулсан авч явахад зориулсан, савласан хоол ажээ.
ИЛ УУРХАЙН ТАВДУГААР ҮЕ ШАТЫГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА
Цогцолбор газрын бүтээн байгуулалттай танилцсаны дараа уурхайтай танилцах ажил эхэллээ. Оюу Толгой бол бүтээн байгуулалт нь үргэлжилж буй дэлхийн томоохон зэсийн ордын нэг. Энэхүү уурхай нь Оюу Толгойн ордоос зэс, алт олборлох, боловсруулах уул урухайн төсөл юм. Оюу Толгойн зэс, алтны орд нь гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Оюутын бүлэг орд /Өмнөд, Баруун Өмнөд болон Төв Оюу, холбоос/, Хюго Дамметын бүлэг орд /Өмнөд болон Хойд Хюго/ болон Херуга бүлэг ордоос бүрддэг ажээ. Өмнөд Оюутын ордын ил уурхайн хөрс хуулалтын ажлыг 2011 оны наймдугаар сард эхлүүлсэн байдаг. Улмаар ил уурхайгаас анхны хүдрийг 2012 оны дөрөвдүгээр сард олборложээ. Ил уурхайгаар Оюу Толгойн үндсэн гурван ордын нэг болох Өмнөд Оюут ордоос хүдэр олборлодог гэсэн үг.
Ил уурхайгаас олборлолт хийхдээ таван үндсэн шат дамжлагыг дамждаг. Өрөмдөх, тэслэх, ачих, тээвэрлэх болон бутлах гэсэн үе шаттай. Өрөмдлөгийн тоног төхөөрөмж нь таван том, гурван жижиг өрмийн машинаас бүтдэг ажээ. Ил уурхайд эдгээр машинаар 18 метр хүртэлх гүн цооног өрөмддөг байна. Товчхондоо тэсрэх бодисыг хийх нүхнүүдийг өрөмддөг гэсэн үг юм.
Улмаар тэслэх шат дамжлага руу шилжинэ. Өрөмдлөгөөс үүдэж бэлэн болсон цооногт тэсрэг бодис хийж тэсэлнэ. Ингэснээр хөрс малтахад бэлэн болно гэсэн үг юм. Хуурай цооногт аммиакийн шүү, устай цооногт риофлекс хэмээх өндөр нягттай тэсрэх бодисын энэ үед ашигладаг байна. Дараа нь ачих шат руу дамжина. Тэсэлсэн чулуулгийг экскаватороор утгаж, өөрөө буулгагч машинууд руу аваачиж ачдаг аж. Ингэхдээ 34 шоо метрийн багтаамжийн шанагатай дизель, гидравлик ачигч хоёр, 56 шоо метрийн багтаамжийн шанагатай цахилгаан ачигч хоёр байдаг ажээ. Дөрөвдүгээрт, тээвэрлэх үйл явц. Хүдрийг өөрөө буулгагчаар анхдагч бутлуур руу зөөж, хоосон чулуулгийг овоолго руу тээвэрлэдэг байна. Эцэст нь бутлах үйл ажиллагаа руу шилжинэ. Ил уурхайгаас зөөвөрлөсөн хүдрийг гар бөмбөгний хэмжээтэй болгон жижиглэж, 2.7 км урт туузан дамжуулгаар баяжуулах үйлдвэрт хүргэдэг байна.
Ил уурхайн үйл ажиллагааг 11 дэх жилдээ үргэлжлүүлж байгаа. Энэхүү уурхайд ажилладаг ажилтнуудын 20 хувь нь эмэгтэй ажилчид байдаг ажээ. Мөн ил уурхайн ажилчдын дундаж нас 40-45 байдаг аж. Ил уурхайн үйл ажиллагаа 10 үе шаттай байдаг аж. Одоогийн байдлаар тавдугаар үе шатыг эхлүүлсэн байна.
Энэ талаар Оюу Толгойн ил уурхайн олборлолтын ахлах зөвлөх С.Сэргэлэн “Ил уурхайн олборлолтод гурван үндсэн баг бий. Ил уурхайн олборлолтын баг, Өрөм, тэсэлгээний баг, Далангийн хэлтсийн баг болон туслах дэмжлэг үзүүлэх багууд байдаг аж. Хамгийн гүндээ 430 метрт дөрөвдүгээр үе шат дууссан. Одоо баруун урд зүг рүү тавдугаар үе шатын ажлыг эхлүүлээд, ажиллаж байгаа. Тавдугаар үе шатын ажлыг 2026 онд 560 метрийн гүнд очно гэх төлөвлөгөөг гаргасан. Ил уурхайн үйл ажиллагааг 2037 оныг дуустал хэмээн тооцоолж, судалсан байдаг. Үүнээс цааш нөхөн сэргээлтийн ажил, далангийн хаягдал хадгалах байгууламжийн нөхөн сэргээлт, түүнийг барих гэх ажлуудыг хийнэ ” хэмээн мэдээлсэн юм.
Тус уурхайгаас өдөрт 100 мянган тонн хүдрээс 2000 тонн зэсийн баяжмалыг гаргаж авдаг ажээ. Мөн Хяналтын хэсгээс талбай дээрх бүхий л хөдөлгөөний мэдээллийг хардаг байна. Энэ талаар оператор Э.Энхбаяр “Тэслэлт хийхэд бэлэн болсон үед талбайд байгаа бүх хүмүүсийг талбайгаас гаргадаг. Хяналтын хэсгээс нэг ч хөдөлгөөн талбайд байхгүй гэх мэдээллийг өгснөөс найман цагийн дараа тэслэлтийг хийнэ. Хөдөлгөөн мэдрэгч, хяналтын камер, скайнер радар зэргийг уурхайд ашигладаг. Скайнер радар их үр дүнтэй систем. Энэхүү системийг ашигласнаар олон хүнийг эндэхээс сэргийлэх бүрэн боломжтой” гэсэн юм.
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР ХОНОГТ 120 МЯНГАН ТОНН ХҮДРИЙГ БОЛОВСРУУЛДАГ
Ил уурхайгаас олборлосон хүдрийг “Оюу Толгой”-н Баяжуулах үйлдвэрийн хэд хэдэн шат дамжлагаар боловсруулж, зэсийн баяжмал үйлдвэрлэдэг. Энэхүү үйлдвэрийг 2012 оны сүүлээр ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр нь хоногт 120 гаруй мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Нийт 581 км кабель татсан нь уурхайгаас Улаанбаатар хүртэлх зайтай ижил хэмжээтэй гэсэн үг юм. Ил уурхайгаас зөөвөрлөсөн хүдрийг 700 мямнган тонн хүдрийн багтаамжтай агуулах руу зөөвөрлөнө. Тэндээс хүдрийг зургаан тэжээгчээр дамжуулан, Баяжуулах үйлдвэрт хүргэдэг байна. Ингэхдээ туузан дамжуулгаар том тээрэмд хүргэдэг. Тээрмийн тойргийн хэмжээ нь 11.6 метр бөгөөд хүдрийг 200-75 мм болгож буталдаг ажээ.
Хүдэрт агуулагдаж буй зэс болон хаягдал материалыг хөвүүлэн баяжуулах аргаар салгана. Хөвүүлэн баяжуулахад үндсэн болон цэвэршүүлэлтийн гэж хоёр шат дамжлагаар явдаг ажээ. Улмаар баганан флотацид дахин хөвүүлэн баяжуулсны дараа баяжмал бий болно. Энэ шат дамжлагыг дамжсаны эцэст үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн бий болдог юм. Бий болсон баяжмалын 35 хувь нь ус байдаг. Ихээхэн дарж, шүүсний эцэст 25-30 хувийн зэсийн агууламжтай, маш нарийн ширхэгтэй, эцсийн бүтээгдэхүүн бий болдог ажээ. Агуулахаас ирсэн баяжмалыг хоёр тоннын уутанд савлаж, химийн шинжилгээний сорьц авч жинлээд, шошго зүүнэ. Гаалийн үзлэгийн дараа баяжмал ачсан машиныг нэг цуваа болгон зохион байгуулалттайгаар зах зээлд гаргадаг ажээ.
Энэ талаар Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны хэлтсийн Савлах үйлдвэр хариуцсан ажилтан н.Хишигжаргал “Өнөөдөр ойролцоогоор 960 шуудай баяжмалыг савлана. Нэг шуудайнд хоёр том баяжмал байдаг. Хүний ажиллагаа их шаарддаг. Гэсэн ч автомат тоног төхөөрөмж ч бий. Тэгэхээр хагас автоматжуулсан үйлдвэр гэх нь зүйтэй. Өдөр бүр тасралтгүй ажиллана. Өнөөдрийн байдлаар 16 хүн ажиллаж байгаа” гэлээ.
ГҮНИЙ УУРХАЙН НИЙТ ХОНГИЛ 110 ГАРУЙ КМ УРТТАЙ БАЙНА
Ил уурхайн үйл ажиллагаатай танилцсаны дараа гүний уурхайг зорилоо. Ил уурхайн хэсэгт газрын гадаргаас дээш 96 метр өндөр бүхий саарал барилга болох босоо ам байрлана. Энэхүү байгууламжийн өндөр нь эрх чөлөөний хөшөөтэй ижил аж. Зориулалтын хувьд гүн рүү хүн болон ачаа тээвэрлэх, бүтээгдэхүүн болох хүдрийн чулуулгийг дээш гаргах зориулалттай ажээ. Газрын гүнд байгаа ордыг ашиглахад шаардагдах дэд бүтцийг барьж байгуулах, гүний уурхайг газрын гадаргатай холбох гүүр болж өгдөг байна.
Гүний уурхайн хувьд нийт таван босоо амтай ажээ.
Үүнд:
Бид гүний уурхай руу орох аюулгүй ажиллагааны дүрэмтэй танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмжөө бэлдэж, уурхайн гүнийг зориход бэлэн болов. Уурхайн гүн рүү үйлчилгээний өргүүрийг ашиглан буудаг. Үйлчилгээний өргүүр рүү явах замд “Уурхайн хамгийн том олдвор нь уурхайчин та юм” гэсэн бичгийг бичжээ. Ингэхдээ уурхайчдыг хамт зурсан байлаа. Магадгүй энэхүү бичгийн уурхайн гүн рүү орох болгондоо уншиж буй ажилчид аюулгүй ажиллагааны дүрмээ баримталж, эсэн мэнд гарч ирэх сэдэл нь болдог биз ээ. Мөн ханаар дүүрэн манай улсын онцлог, ёс заншил, түүхийг гоёор зурсан нь чамин хийгээд тус газраас олж харна гэж бодоогүй зүйл байсан юм. Энэхүү бүтээлүүдийг контемпорари чиглэлээр бүтээл туурвигч С.Заяасайхан зурсан байна.
Уурхайн гүн рүү үйлчилгээний өргүүр буюу нэг удаад 300 хүнийг тээвэрлэх боломжтой хүн тээвэрт суусан юм. Энэхүү өргүүр нь газрын гадаргаас доош 1300 метрт 2.5 минутын дотор буудаг. Ингээд тооцвол нэг секундэд 8.7 метр замыг туулна гэсэн үг юм. Газрын гадарга дээр 25 хэмийн дулаан байсан ч газрын гүнд ч ялгаагүй байлаа. Бүгчим, дуу чимээ ихтэй, тоосжилт шороотой мэт боловч маш өндөр хонгил бүхий гэрэлтүүлэгтэй орчин угтсан нь гайхах, сонирхохыг зэрэг төрүүлж байв.
Газрын гүнд амьдардаг хотын бяцхан гурван хүүхэд газрын гадаргыг зорьдог үйл явдалтай багадаа үзэж байсан кино мэт орчин угтсан нь ихэд хачин мэт боловч газрын гүн рүү орсон гэдэг нь сонин мэдрэмж төрүүлж байлаа. Сэрүүхэн, хүйтэн орчин угтах болов уу хэмээн бодсон нь ч эсрэгээрээ. Алхам тутамд хөд хөдөлгөөнтэй, аймгийн төвөөр явж буй мэт сэтгэгдэл төрөхөөр орчин. Учир нь том том машинууд болон уурхайн ажилчид нааш цааш холхилдсоор. Энд тэндгүй малтаж, дуут дохио хангина. Олон хонгилууд байгаа нь эцэс төгсгөлгүй мэт санагдахаар. Биднийг машинд суулган гуравдугаар давхар руу буюу олборлолтын хэсэг рүү авч явлаа. Энэ үеэр машинд зогсоо зайгүй станц дуугарна. Зорих газраа хүрээгүй атлаа зогсоход нь гайхан харвал замын түгжрэл үүссэн байлаа.
Газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд ч түгжирч байгаа нь нэг бодлын хөгжилтэй санагдав. Уурхайн гүний зам ганц урсгалтай учраас ийн түгжрэл үүсдэг аж. Мэдээжийн хэрэг явган хүний зам байхгүй тул ажилчид, машинууд нэг замаар зорчино. Харин замын хажууд эртний хүн суугаад гал гаргахыг оролддог жижиг агуй мэт зүйлс байсан юм.
Энэ талаар бидэнд хөтөч хийж явсан Уурхайн олборлолт хариуцсан инженер Б.Батзаяа “Явган хүн, машин хоёр нэг замаар зорчдог. Тиймээс ойр ойрхон ийм хэсэг тааралдана. Энэ нь машин зорчих үед ажилчдын орж зогсдог, нэг төрлийн зогсоол гэсэн үг. Ажилчдын аюулгүй байдлыг хангадаг хэсэг юм” гэлээ.
Оюу Толгойн бүлэг ордын нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд байдаг. Ил уурхайн ордтой харьцуулахад гүнд буй бүлэг орд нь эрдсийн өндөр агуулгатай байдаг ажээ. Газрын гадаргаас 700 метрийн гүнээс эхлэн орших эдгээр бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй байдаг юм. Өмнө дурдсан гурван гол ордын нэг Хюго Даммет нь газрын гүнд оршдог тул далд уурхайн аргаар олборлож, авах боломжтой байдаг. Гүний уурхай дөрвөн түвшинтэй. Эхний түвшин нь дээд улаар огтлох, хоёр дахь түвшин нь улаар огтлох хэсэг ажээ. Харин гурав дахь хэсгийг олборлолтын хэсэг хэмээн нэрлэх бол дөрөвдүгээр хэсгийг тээвэрлэлтийн хэсэг хэмээн нэрлэдэг байна.
Уурхайн олборлолт хариуцсан инженер Б.Батзаяа “Эхний түвшин нь өрөмдлөгийн ажил ямар түвшинд байгааг шалгах зориулалттай, нураан олборлох зориулалт бүхий хэсэг юм. Хоёрдугаар түвшин нь тэсэлгээний ажлаар эхний хэлбэрийг гаргах түвшин. Хоёр болон гуравдугаар түвшинг холбосон хүдэр буулгаврыг өрөм, тэсэлгээний аргаар гаргадаг. Гуравдугаар түвшинд түүнийг олборлож, дараа нь тээвэрлэдэг” хэмээн хэлсэн юм.
Энгийнээр тайлбарлавал хүдрийн биетийг доороос нь тэсэлгээ хийж олборлоно гэсэн үг юм. Тэсэлгээ хийсэн хүдрийн биет нь хөдөлгөөнд орж, уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан нурдаг байна. Улмаар нурсан хүдрийг доороос нь татан авч, олборлодог ажээ. Тэсэлгээ хийсэн учраас уулын цул буюу бүхэл биет бутарч, хүнд даацын машин ачих хэмжээтэй болдог гэсэн үг. Жижиг хэмжээтэй болсон чулуулгыг татан авахад цаана нь үүсэх хоосон орон зайны улмаас дээр орших хүдрийн биетүүд өөрөөрөө нуран унадаг байна. Ингэснээр байнгын тэсэлгээ хийх шаардлагагүй болдог ажээ. Нураасан чулуулгаа хутгагч машинд ачиж, бункерт хийдэг. Бункер нь 460 тоннын багтаамжтай бөгөөд гуравдугаар түвшин буюу олборлолтын хэсэгт байрладаг.
Харин дөрөвдүгээр түвшин буюу тээвэрлэх хэсэгт бункерын доороос ачигч машин шууд ачиж явдаг ажээ. Энэ үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хүний оролцоо шаардагдахгүй, бүрэн автомажсан юм байна. Ачааны машин олборлолтыг зөөвөрлөж, нэгдүгээр бутлагч руу хийдэг. Бутлагчаас гарсан хүдрийн биетийг 1.7 км урттай туузан дамжуургаар зөөвөрлөнө.
Энэ талаар Гүний уурхайн барилгын ахлах ажилтан Б.Билгүүн “Туузан дамжуургаар зөөвөрлөх биет маань 1146 гэх түвшинд очдог. Улмаар хоёр тийш хуваагдана. Тэнд хоёр хувааж дамжуулах станц-5 гэж бий. Тус станц нь нийт ирсэн хүдрийн 70 хувийг налуу амаар явуулаад, үлдсэн 30 хувийг босоо ам руу дамжуулж, Баяжуулах үйлдвэр рүү аваачдаг” гэсэн юм.
Гүний уурхайн нийт хонгилын урт 200 гаруй км байхаас одоогийн байдлаар 110 км урттай байгаа ажээ. Уурхайн газрын гүн дэх ажилтай танилцахад хэдийн гурван цагийг зарцуулсан байв. Машиндаа суун өнөөх үйлчилгээний өргүүр рүү зүглэв. Тэр цагт ажилчдын ээлж солигдох үе болсон байлаа. Нэг мэдэхэд газрын гадарга дээр гарч ирэхэд хүнд, хатуу хувцаснаас болсон уу эсвэл газрын гүн болон гадаргын халуунаас болсон уу, ямартай ч бүгд хөлөрч, тамиргүйдсэн байсан юм.
Манай улсад орж ирдэг гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувь нь дан ганц Оюу Толгой төсөлд хамааралтай. Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 3.65 тэрбум ам.долларыг улсад төлсөн байдаг. Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ-ын хураамж ч үүнд багтдаг байна. Гүний уурхайгаас гарч ирэх замдаа уурхайн олборлолтын ажиллагаа, газрын гүнд 12 цаг ажиллах, тэндээ боолтын хоол идэх, дараа ирэхэд хэр өөрчлөгдсөн байх бол зэрэг элдвийн зүйлийг бодон явсан юм. Ээлжээ сольж, газрын гүнийг зорихоор зогсох залуусын нэг нь “Гүний уурхай руу ордог мөн ч азтай хүмүүс юм даа” хэмээн биднийг хэлэх нь дуулдав. Манай улсын 3.4 сая хүний хэд нь гүний уурхай руу орсон бол гэх бодол эргэлдсээр Оюу Толгойн уурхайтай танилцах ажил маань дууссан юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Үнэхээр уул уурхайн салбар дахь агуу том бүтээн байгуулалтын ажил шүү яахын аргагүй Дэлхийн түвшиний бүтээн байгуулалт эндээс олон ч чадварлаг залуу мэргэжилтэнгүүд төрөн гарч эхнээсээ Дэлхийн зах зээл дээр ажиллаж эхлээд бгаа. Мэдээж шүүмжлэлтэй зүйлсүүд байдаг ч ОТ эхлээгүй бол Монгол улс хаана байх бсан бэ нээж илрүүлээгүй бол Монгол улсын эдийн засгийн хэмжээ ямар байх байсан бол гэдэг их бүрхэг санагддаг юм\n