Шри Ланкаас авах сургамж ба ТӨРИЙН БУРУУ МЕНЕЖМЕНТ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

Шри Ланка улс гадаад өрийн эргэн төлөлтөө хийж чадахгүй нөхцөл байдалд орсноо хүлээн зөвшөөрч, дефольт зарлаад буй билээ. 51 тэрбум ам.долларт хүрсэн гадаад өрөө эргэн төлөх боломжгүй байдалд орсныг, сар гаруйн өмнө Төв банкны тэргүүнээр томилогдсон, нэр алдартай эдийн засагч П.Нандал Вирасингхэ энэ сарын 19-ний өдөр мэдэгдсэнийг олон улсын хэвлэлүүд мэдээлсэн юм.

Гадаад өрөө төлж барагдуулж дийлэхгүй хэмжээнд хүрсэн нь Шри Ланка улсын нөхцөл байдал ихээхэн хүндэрснийг илтгэх үндсэн үзүүлэлтүүдийн нэг  бөгөөд уг шалтгаануудыг нь авч үзвэл улс төр, сайн засаглал, төрийн санхүүгийн сахилга бат алдагдсанаар бүхэл бүтэн улс үндэстэн хэрхэн яаж хүнд байдалд ордогийн орчин цагийн тод томруун жишээ болж байгаа юм.

Түүнчлэн гадаад өрийн дарамтаа улам бүр өсгөж, өрийг өрөөр санхүүжилж буйгаа л байнга ярьж буй манай Монгол Улсын  эрх баригчид хийгээд төрийн эрхийг сонголтоороо дамжуулан барьдаг ард иргэд бусад улс орны эл гашуун жишээг харж, нэгийг бодож, хоёрыг тунгаах шаардлагатайг эдийн засагчид судлаачид анхааруулж байна. Тухайлбал, эдийн засагч Д.Ган-Очир Шри Ланка улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн хосолмол хямралаас бид ямар сургамжийг авах хэрэгтэй болохыг тодотгосон цуврал мэдээллийг хүргэж эхэлжээ. Энэ хүрээнд  The Economist сэтгүүлд  дөрөвдүгээр сарын 9-ний өдөр гарсан ‘Sri Lanka’s economic crisis has created a political one’ (https://www.economist.com/.../sri-lankas.../21808595) нийтлэлийг орчуулан хуваалцаж буйг хүргэе.

“Саяхныг хүртэл Готабая Ражапакса Шри Ланк Улсын ерөнхийлөгч ажилдаа амар тайван тухайлж байв. Тэрбээр өөрийн эрх мэдлээ бататгахын тулд их зүйл хийж иржээ. Тухайлбал, тэрбээр 2019 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хууль тогтоох байгууллагаа тарааж, засгийн газрыг хамаатан садан, ойр дотны хүмүүсээр дүүргэжээ. 2020 оны парламентын сонгуульд түүний эвслийнхэн ялалт байгуулснаар үндсэн хуулиа өөрчлөх боломжтой болж, өөртөө илүү их эрх мэдэлтэй болжээ. Ингэснээр энэ айлын ахан дүүс 2005 оноос хойш энэ улсын төрийн эрхийг барьсаар иржээ.

Гэтэл 2022 оны гуравдугаар сараас эхлэн 22 сая хүн амтай Шри Ланк улс дахь ноён Ражапаксагийн байр суурь алдагдаж эхлэв. Шри Ланкийн эдийн засаг “чөлөөт уналт”-д оров. Төв банк хоёрдугаар сарын сүүлээс эхлэн ханшаа тогтмол түвшинд барих боломжгүй болсноор Шри Ланк рупигийн ам.доллартай харьцах ханш дөрөвдүгээр сарын эхэн гэхэд  30 гаруй хувиар унасан.

Шатахуун, хоол хүнсний хомсдол хэдэн долоо хоног үргэлжилсээр байна. Шри Ланкчууд олдох л бол хэт өндөр үнэтэй байсан ч хамаагүй ахуйн хий худалдаж авахаар халуунд хэдэн цагаар дугаарлаж байна. Өдрийн 13 хүртэлх цагийн турш  эрчим хүч тасарч байгаа нь бизнесийн үйл ажиллагааг доголдуулж байна. Цаасны дутагдалтай гэх шалтгаанаар шалгалтуудыг хойшлуулжээ. Улс даяар эмнэлгүүдэд зайлшгүй шаардлагатай эм тариа дуусчээ. Ийм хямралд барагтай болж өртөөд байдаггүй чинээлэг Шри Ланкчууд хүртэл энэ хомсдолтой нүүр тулах болжээ.
 


Энэ бүхэн удаан хугацаанд үргэлжилсэн эдийн засгийн тэнцвэргүй байдал, гадаад сөрөг шокийн нөлөөлөл, төрийн буруу менежментийн үр дүн юм. Ражапаксагийн ах болох Махинда (энэ ерөнхий сайд ах нь 2005-2015 оны хооронд тус улсын ерөнхийлөгч байсан)-гаар тэргүүлүүлсэн засгийн газар одоогоор эдийн засгийн үр өгөөжөө өгч эхлээгүй байгаа дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхийн тулд маш их хэмжээний гадаад өр тавьж, зээл авчээ.

2019 оны 11 дүгээр сард байгуулагдсан Засгийн газар татварыг бууруулсан нь КОВИД-19 тахлаас үүдэн жуулчид  (гадаад валютын гол эх үүсвэр) ирэхгүй болохоос өмнө засгийн газрын орлогыг эрс багасгасан. Валютын урсгал татарснаас нөөц дэх ам.доллароо хэмнэхийн тулд бордоо импортлохыг богино хугацаанд хориглож, дотоодын хүнсний үйлдвэрлэлд том цохилт өгчээ.

Засгийн газар нь Олон Улсын Валютын Сан (ОУВС)-д “хадаг барьж очих”-оо энэ оны 3 дугаар сар хүртэл хойшлуулж, аялал жуулчлал эргэж сэргэнэ, Хятадаас тусламж үзүүлнэ гэж найдаж байв. Гэвч аялал жуулчлал сэргэж эхлэхтэй зэрэгцэн Украин дахь дайн эхэлсэн нь түүхий эдийн үнийг нэмж өсгөж, импортын шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэв.

Эдийн засгийн хүндрэл нь хүмүүсийг гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлж жагсахад хүргэсэн. Эсэргүүцлийн жагсаалаас зайлсхийж, саяхныг болтол ноён Ражапаксагийн хүчирхэг угсаатны “үндсэрхэг үзлэл”-ийг дэмжиж ирсэн дундаж давхаргынхан хүртэл энэ хямралын бурууг ерөнхийлөгчид шууд тохож байна. Нийслэл Коломбо хотын жүжгийн зохиолч Ферозе Камардин "Эдгээр нь улс төрийн зохион байгуулалттай жагсаалд нэг уут будаа, хагас шил аррак авахаар ирдэг хүмүүс биш, харин гэртээ архины шүүгээтэй хүмүүс байна" гэж хэлжээ.

Шри-Ланкчууд хоол хүнс худалдаж авах гэж тэмцэлдэж байх үед Махиндагийн хүү (мөн залуучууд, спортын сайд) Мальдив улсад онгоцонд сууж байгаа талаар мэдэгдсэн нь асуудлыг улам хүндрүүлсэн. Хүмүүс зүдэрч байна. “Гота гэртээ харь!” гэсэн үгийг шүүрнээс эхлээд гэрийн тэжээвэр амьтдын хүзүүвч хүртэл бүх зүйл дээр байрлуулжээ. Энд "гэр" гэдгийг тэд ноён Ражапаксагийн хэдэн жил амьдарсан Америкийг хэлж буй ажээ.

Засгийн газар олон нийтийн хүсэл эрмэлзлийг ойлгож чадаагүйгээс айлган сүрдүүлэх, арга ядсан байдлаар хариу арга хэмжээ авч, эдийн засгийн сүйрлийг улам хүндрүүлэхүйц улс төрийн хямралыг бий болгов. 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нд ноён Ражапакса гэрийнхээ гадаа болсон жагсаалд цочирдож, онц байдал зарлав. Энэ нь армид үймээн самууныг дарах эрх мэдлийг өгсөн. Гэхдээ амжилтад хүрээгүй тул тэрбээр амралтын өдрүүдээр хөл хорио тогтоож, олон нийтийн сүлжээг хориглов. Яаж ч байсан хүмүүс гудамжинд жагсаж эсэргүүцлээ илэрхийлсээр байв.

Дөрөвдүгээр сарын 3-нд ерөнхийлөгч арга барилаа өөрчилсөн. Тэрбээр олон нийтийн сүлжээг сэргээж, Засгийн газрын танхимаа огцруулж, зөвхөн өөрийгөө болон одоогийн Ерөнхий сайд Махиндаг үлдээсэн. Маргааш нь тэрбээр хөл хорио цээрийн дэглэмийг цуцалж, Сангийн сайд (өмнө нь уг албан тушаалыг Ражапакса ерөнхийлөгчийн өөр нэг ах хашиж байсан) зэрэг дөрвөн шинэ түр сайдыг томилов.

Тогтвортой байдал нь эргэлзээтэй хэвээр байна. Шинэ Сангийн сайд Али Сабри энэ албан тушаалд ердөө 24 цаг ажилласныхаа дараа дөрөвдүгээр сарын 5-нд огцорчээ. Мөн өдөр ноён Ражапаксагийн эвслийн хамтрагчид эвсэлээс гарснаар засгийн газрыг парламентад олонхигүй болгов. Ерөнхийлөгч хэдхэн цагийн дараа онц байдлыг цуцаллаа. Жагсагчид Ражапаксагийн талынхныг төрөөс явуулахыг хүсч байгаа ч Готабая огцрох тухай ямар ч мэдэгдэл хийгээгүй байна. Түүний түр засгийн газарт нэгдэх уриалгыг сөрөг хүчнийхэн няцаажээ. Тэд хямралын үед хариуцлага хамт үүрэлцэх дургүй байх шалтгаан бий. Шри Ланка улс шинэ сонгууль явуулах санхүүгийн боломжгүй байдалд байна.

Шри-Ланк улс хямралын өмнө ДНБ-ий 9 орчим хувьтай тэнцэх буюу 7 тэрбум ам.долларыг 2022 оны эцэс гэхэд өр болон хүүгийн төлбөрт төлөх ёстой. Энэ оны долоодугаар сард 1 тэрбум ам.долларын бондын төлбөр төлөх ёстой. Шри Ланкийн ам.долларын нөөц бараг дуусч, дэлхийн зээлийн зах зээлээс 2 жилийн турш эх үүсвэр татах боломжгүй байв. Энэтхэг улс 2.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийн шугам, тусламж үзүүлж, төв банкных нь төлөх өрийн төлбөрийн хугацааг хойшлуулжээ.

Гэвч Шри Ланкад маш их хор уршигтай дефольт болохоос зайлсхийхийн тулд бусад өрийн эргэн төлөлтийг яаралтай зогсоох шаардлагатай. Түүнчлэн урт хугацааны өрийн бүтцийг хэрхэн өөрчлөх, бондын зах зээлд дахин нэвтрэх талаар хэлэлцээ хийх хэрэгтэй болж байна. Энэ хооронд ойрын саруудад хүнс, шатахуунаа импортлохын тулд Дэлхийн банкны одоо хэрэгжиж буй цар тахлын нөлөөг бууруулах санхүүгийн дэмжлэгийн механизмаар дамжуулан зээл, тусламж хэрэгтэй болно.

Тогтвортой Засгийн газар байхгүй байгаа нь эдгээр хэлцлийг хийх боломжийг улам хүндрүүлж байна. ОУВС-тай хийх анхны хэлэлцээ дөрөвдүгээр  сарын эхээр эхэлсэн ч ерөнхийлөгч шинэ Сангийн сайдыг томилох хүртэл албан ёсны хэлэлцээ хойшлогдож магадгүй юм. Гэсэн хэдий ч тус сангаас тусламж авах нь хямралыг шийдвэрлэх эхний чухал алхам юм. Бусад зээлдүүлэгчид ОУВС-гийн дэмжлэггүйгээр шинэ зээл олгох эсвэл одоо байгаа зээлийн бүтцийн өөрчлөлтийг зөвшөөрөх магадлал багатай.

Бүх найдвар тасарчихаагүй байна. ОУВС-тай ярилцах шийдвэр гаргаж, дөрөвдүгээр сарын 7-нд Төв банкны шинэ тэргүүнээр нэр хүндтэй эдийн засагч П.Нандал Вирасингхэг томилсон зэрэг нь Засгийн газар нөхцөл байдал ноцтой байдалд хүрснийг ойлгосон байх магадлалтайг харуулж байна. Энэ нь бухимдсан Шри-Ланкчуудыг эмх замбараагүй байдлыг зогсоох боломжтой гэдэгт итгүүлж чадах эсэх нь дараагийн өөр асуулт юм.” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top