ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний аюулгүй байдлыг хангах төслийг дэмжив

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцээд, дэмжив. 

Манай улсын гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс  малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна. Харин сүүн бүтээгдэхүүн 27.1%, гурилан бүтээгдэхүүн 38.2%, хүнсний ногоо 38,5%, өндөг 48.6%, цөцгийн тос 67.4 %, тахианы мах 98%, ургамлын тос 98.5%-ийн импортын хамааралтай байна. Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалах боломж хязгаарлагдмал буурцагт ургамал, цагаан будаа, элсэн чихэр болон загас, загасан бүтээгдэхүүний хангамж 100% импортын хамааралтай байна.

2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсийг импортолсон ба жилд дунджаар 2.5 их наяд төгрөгний импорт хийж байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэмд ямар нэгэн сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд дотоодод үйлдвэрлэх хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулж, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах зэрэг хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбарлав. Уг тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар дэмжсэн ба анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хороонд шилжүүлэв. 

Дараа нь Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top