Хөгжлийн бэрхшээлтэй оюутан, залуусын чуулга уулзалт болж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, "Шүхэр" нэгдсэн бодлогын төвтэй хамтран зохион байгуулж буй "Хөгжлийн бэрхшээлтэй оюутан, залуусын чуулга уулзалт" өнөөдөр болж байна. (2022.05.27)

Энэхүү уулзалтад хөгжлийн бэрхшээлтэй 16-35 насны залуус оролцож, тэдэнд тулгамдаж буй асуудлаа хуваалцан албаны хүмүүстэй санал солилцлоо.  

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох орчинг сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар хэлэлцлээ. 

Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Э.Тамир "Улсын хэмжээнд төрийн албанд 208 мянган иргэн ажилладаг. Үүнээс ердөө 2148 нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байна.

Хувиараа бизнес эрхэлдэг, гэрээр ажилладаг хүмүүс бий. Энэ хүмүүсийг оролцуулаад улсын хэмжээнд 12 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байна гэсэн тооцоо байна. Энэ мэдээж хангалттай тоо биш. Тиймээс бид энэ тоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломжийг хайж байна. Өнөөдрийн энэхүү чуулга уулзалт үүний нэг хэсэг байгаа юм" гэлээ. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир "Бид Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн амьдралд оролцоход саад бэрхшээл болж байгаа дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэнэ. Өнөөгийн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зам, барилга байгууламж болон мэдээллийн хүртээмжгүй байдал тулгамдсан асуудал болоод байна. 

Тухайлбал, Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн зайлшгүй дохионы хэлмэрчээр дамжуулан нийгэмтэй холбогдоно. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд  зайлшгүй дохионы хэлмэрчтэй байна. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн мэдээлэл авахад шаардагдах технологиудыг зайлшгүй хэрэглэнэ гэх мэт заалтыг тусгаж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ялгаварлан гадуурхалтад маш их өртдөг. Тэднийг өрөвдөх хандлага их ажиглагддаг. Тэгэхээр бид хүний эрхийн ойлголттой байж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил нийгмийн амьдралд оролцох боломжтой, эрхтэй хүмүүс шүү гэдгийг ойлгох хэрэгтэй" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top