Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн түүх давтагдах уу!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Монголчууд сүүлийн 20-иод жил 20 гаруй тэрбум ам.долларыг нефтийн бүтээгдэхүүнд зарцуулжээ. Энэ их мөнгөөр одоо баригдаж байгаа төрийн нефтийн үйлдвэрийг арав шахмыг байгуулах боломжтой. Манай импортын ихэнхийг энэ бүтээгдэхүүн бүрдүүлнэ. Мөн инфляц, үнийн өсөлтөд чамгүй түлхэц өгнө. Сүүлийн жилүүдэд иргэд цахилгаанаас илүүтэйгээр шатахууны хараат болсон.

Цахилгаан тасрахад ямар нэгэн зүйлээр орлуулаад амьжиргаагаа залгуулна. Харин шатахуун тасарвал бэлчээрт байгаа хониндоо ч хүрэх аргагүй болсон. Энэ нь монголчуудын буруу биш. Дэлхийн хөгжиж байгаа орнууд ийм л хандлагатай. Гэхдээ манайхаас ялгаатай эрх баригчид нь түлшний асуудлыг тодорхой хэмжээгээр шийдсээр ирсэн байдаг. 1990 оноос хойш нефтийн үнэ олон удаа ойж, буусан. Мэдээж улс орнуудад тодорхой хэмжээний асуудал үүсдэг. Гэхдээ манай орон шиг хүнд байдалд ордоггүй гэнэ.

1990-ээд оны дундуур анх удаа бид түлшний хомсдолтой учирсан. Тухайн үед өнөөгийнх шиг олон машин байгаагүй ч нийслэлийнхэн өглөө, орой ажил гэр рүүгээ явахад хүндрэл үүсэж байсан. Өнгөрсөн жил оросууд “үйлдвэртээ засвар” хийж, хятадууд гэнэт хилээ хаасан. Тухайн үедээ олон албан тушаалтнуудыг буруутгаж байсан боловч, зарим эх сурвалжийн мэдээллээр Пентагоны дэд сайдын гэнэтийн айлчлалтай холбоотой гэдэг. Түүхэндээ манайхан нэг удаа Зүүнбаянд нефтийн үйлдвэр ажиллуулж, байсан Оросын алс дорнодод их хэмжээний нефтийн орд илэрсэн учраас хаагдсан гэдэг. Харин өнөөг хүртэл хаагдсан шалтгааныг “үйлдвэр шатсан” учраас хэмээн тайлбарласаар иржээ.

Харин өнгөрсөн долоо хоногт УИХ Дорноговь аймгийн Алтан ширээд баригдаж байгаа үйлдвэрийн тухай хэлэлцэхэд Уул уурхайн сайд 2025 онд тус үйлдвэр орох тухай зарлав. Биелэлтгүй олон амлалт сонссон УИХ-ын дарга Г.Занданшатар индэр дээрээс шууд нэвтрүүлгүүдээр цацах үед шавдуулсаар түүний амыг авч чадсан юм. Харин Уул уурхайн сайд Ёндон үйлдвэрийн асуудлаар ҮАБЗ-д хандахаа мэдэгдсэн. Зарим эх сурвалжийн мэдээллээр Алтан ширээгийн үйлдвэрийн ажил зуун задгай, жаран хагархай гэдэгтэй адил гэнэ. Үйлдвэрийн ганц гялтайх, итгэж болох гэрээ нь түүхий нефть дамжуулах хоолойг нүүрсээр төлбөр хийж бариулах юм. Мөн гишүүдийн дунд маргаан үүсгээд байгаа Тамсагийн ордын нөөц ч үйлдвэрийн хувь заяаг ноцтой байдалд оруулж мэдэхээр байна.

 

ЗҮҮНБАЯНГИЙН НЕФТИЙН ҮЙЛДВЭР НӨӨЦӨӨ БУРУУ ТООЦСОНООС БОЛЖ ХААГДСАН

 

 Манай улсын нефтийн түүх маш богино. Монгол Улсад байгуулсан анхны нефть боловсруулах үйлдвэр Дорноговь аймгийн Зүүнбаянд 1950-иад оны эхээр байгуулж, уг ордоос олборлосон тосыг нэрж шатахуун, түлш гаргаж байсан. Тус үйлдвэр 1950 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж, тухайн жилдээ 209 тонн тос олборложээ. 1951 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар бүгд 10 цооногийг ашиглаж байсан боловч боловсруулах үйлдвэр бүрэн ашиглалтад ороогүйгээс 1951 оны гуравдугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 26 хүртэл олборлох үйлдвэрийг түр зогсоосон байв. 1951 онд газрын тос боловсруулах үйлдвэрийн энгийн нэрэх байгууламж, 1952 оноос дулааны крекинг байгууламж, 1952 оны сүүлчээр коксын байгууламж ашиглалтад орсон аж. Улмаар нефтийнхээ 25 хувийг автобензин, 13 хувийг дизелийн түлш, тав орчим хувийг кокс, 50 хувийг мазут болгон үйлдвэрлэж байв. Зүүнбаянгийн ордоос 1950-1957 онд 300 гаруй мянган тонн нефть олборложээ.

Зүүнбаянгийн ордоос олборлох нефть 1956 оноос эрс буурснаас шалтгаалан нефть боловсруулах заводыг түүхий эдээр хангахын тулд 1957 оноос ЗХУ-аас нефть импортоор авах болсон. 1957 онд 15000 тонныг импортолж байсан бол энэ хэмжээ жилээс жилд өссөөр 1968 онд 52000 тонн, 1969 онд 50000 тонн болсон байна. Нефть олборлолтын хэмжээ буурснаас нефтийн өөрийн өртөг өссөөр иржээ.

Тухайлбал, 1960 онд нэг тонн нефтийн өөрийн өртөг 211.73 төгрөг байсан бол 1968 онд 601.72 төгрөг болсон байна. Гэтэл Зөвлөлтөөс импортоор авдаг нефтийн үнэ 226.08-264.9 төгрөг болж байсан нь 1967, 1968 онуудад манай нефтиэс 2-3 дахин хямд байжээ. Нефтийн үйлдвэрийн эдийн засгийн үзүүлэлт муудаж, алдагдал ихсэж, нефть олборлолтын хэмжээ эрс буурч, нефть боловсруулах үйлдвэрийнхээ түүхий эдийн 15-18 хувийг хангадаг болсон. Цагаан элсний хайгуул үндсэндээ дуусаж, олборлох үйлдвэрлэл байгуулах нь ашиггүй гэсэн дүгнэлт гарсан учир 1966-1967 онуудад үйлдвэрийг цаашид хэрхэх вэ гэсэн асуудал тулгарсан байна.

Зүүнбаянгийн ордоос олборлох нефть 1956 оноос эрс буурснаас шалтгаалан нефть боловсруулах заводыг түүхий эдээр хангахын тулд 1957 оноос ЗХУ-аас нефть импортоор авах болсон. 1957 онд 15000 тонныг импортолж байсан бол энэ хэмжээ жилээс жилд өссөөр 1968 онд 52000 тонн, 1969 онд 50000 тонн болсон байна. 1969 оны 11 дүгээр сарын 8-нд крекинг байгууламж халуун эргэлтийн горимд ажиллаж байхад эвоаппараторын дээд тал тасран унаж тэсрэлт үүсэж, гал гарсан юм. Ийнхүү үйлдвэрт осол гарсны дараа үйлдвэрийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна. Тухайн үед эхлээд хятадуудыг дараа нь оросуудын галдсан хэмээн иргэдийн дунд хардлага үүсэж байсан боловч Намын төв хорооны зүгээс эл хардлагыг таслан зогсоож чаджээ.

Харин 1990 оны дундуур тухайн үйлдвэрт ажиллаж байсан нэгэн Оросын мэргэжилтэн “Монголчууд түүхий нефтийнхээ нөөцийг дутуу тооцсон. Алс дорнодод том орд илэрсэн болохоос ашиглаж эхлээгүй байсан. Үнэн хэрэгтээ үйлдвэр хэн хэндээ тээртэй байсан. Одоо бол Монголын хаана ч үйлдвэр байгуулсан хаяанаасаа түүхий нефть аваад нэрэх боломжтой шүү дээ” хэмээн ярьжээ.  Боловсруулах үйлдвэрийн түүх ердөө л энэ. Монгол нефтийн түүхийн үргэлжлэл өнөөгийн Тамсагийн ордын олборлолт. Тус ордыг түшиглэн ихээхэн хэмжээний өр тавьж, үйлдвэр байгуулж байгаа ч УИХ-ын дарга болон зарим гишүүд нөөцөд эргэлзэж байгаа бололтой юм.

Газрын тос боловсруулах төрийн шинэ үйлдвэрт жилд 1.5 сая тонн түүхий нефть шаардлагатай. Гэтэл сүүлийн жилүүдийн олборлолтыг харвал Тамсагийн ордоос жилд 500 гаруй мянган тн л түүхий нефть олборлож байна. Эндээс харвал нефтийн үйлдвэр баригдсан тохиолдолд зөвхөн түүхий эдээр дотоодоос хангах ҮАБЗ-тогтоолоос болж  үйлдвэр үйл ажиллагаа явуулах боломж хомс. Үйлдвэр баригдаад ч гаднаас түүхий эд авахыг хориглосон, дотоодын хангалт  дутах тул монголчууд тэрбум гаруй ам.долларын өрөнд орох болно.

Энэ удаад бид Монголд нефть боловсруулах үйлдвэр баригдсан тохиолдолд зөвхөн дотоодын түүхий эдэд тулгуурлана гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмж гарах үед  Монгол Улсын сайд асан, академич, доктор, Төрийн соёрхолт Т.Намжимийн эрх баригчдад хүргүүлсэн зөвлөмжийг бүрэн эхээр хүргэж байна. Дараагийн дугаарт бид төр, засгийн шийдвэрүүд зөрөлдсөнөөс болж өнөөг хүртэл нефтийн үйлдвэр байгуулах ямар их боломжийг алдсан тухай, магадгүй төрийн нэрээр хувийн төслүүдийг булаах оролдлого хийсэн байж магадгүй үйлдлүүдийг баримтаар толилуулах болно.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Коффи Аннан(192.82.89.35) 2022 оны 05 сарын 31

Хятадын зэвсгийн том компани болох Норинко интернешнл сүүлийн үед Монголын том төсөл болгоныг шүүрэх боллоо. Газрын тосны үйлдвэрийн дамжуулах хоолой, Нүүрс баяжуулах үйлдвэр г.м том төслийг энэ компани авч байна.

0  |  0
Top