УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.02/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Энэ их чухал хууль. Бид байгаа өмч хөрөнгөө үнэлэхгүй байна. Нөхөрлөлийн журмаар үнэлгээ хийх арга орж ирсэн байна. Үндэслэл нь юу вэ. Хоёрт, үнэлгээний компани үнэлгээ хийхээс боломжгүй заалт орж ирсэн байна. Манайх чинь боловсон хүчний нөөц тэртээ тэргүй хомс газар шүү дээ. Гэрээт үнэлгээчин байх боломж байгаа юу, яагаад хассан юм. Шүүх, цагдаа нар өөрсдийнхөө шугамаар үнэлгээ хийдэг. Үүнийг зохицуулсан заалт харагдсангүй" гэв.
Үүнд, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Анх өргөн барьсан хувилбар дээр нь ажиллаад байх шиг байна, С.Ганбаатар гишүүн ээ. Нөхөрлөл, санхүүгийн ачаалал даагаад үйл ажиллагаа явуулж байгаа туршлага бага. Үүнийг аж ахуйн нэгж болгож өөрчилсөн. Нөгөө талаараа мэргэжлийн аж ахуйн нэгж байхын тулд гурван үүсгэн байгуулагч, мэргэжлийн үнэлгээчинтэй байх нь зөв гэж тооцсон. Гэрээт үнэлгээчин авч болно. Хэрэгцээ шаардлага гарах юм бол бусад үл хөдлөх хөрөнгийг үнэлэхэд өөр хүмүүсийг гэрээлж татан оролцуулж болно. Хөрөнгийн үнэлгээ хийдэг компани өөр ажил эрхэлж болно. Цаашид банк санхүүгийн гол нуруу болсон хөрөнгийн үнэлгээ бол мэргэжлийн ажил байх ёстой. Үндэсний стандарт бол олон улсын стандартыг л орчуулсан байдалтай ашиглаад яваад байгаа" гэх хариултыг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Стандартыг орчуулж биш баталж хэрэгжүүлдэг юм шүү Булгантуяа коммунист эмэгтэй.