Өмнөговь аймгийн Даланжаргалан сумын малчид уул уурхайн лицензийг эсэргүүцсэн тайван жагсаал эхлүүлээд зургаа хонож байна. Тус суманд 108 уул уурхайн лиценз олгосон асуудлыг эсэргүүцэж, газар нутгаа хамгаалах гэсэн иргэд Төв талбайд жагсаж буй юм. Тиймээс тус сумын Цомог багийн малчин Н.Болдбаатараас тэдний жагсаж буй асуудлын талаар тодрууллаа.
-Та бүхэн ямар шалтгаанаар эсэргүүцлийн жагсаал хийж байгаа вэ?
-Говьд маш олон уул уурхайн лиценз олгогдож байгаагийн улмаас мал маллах, амьдрах өдрөөс өдөрт хүндэрч монгол соёл устахад хүрлээ. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого нэрээр жилд 400 шинэ лиценз уул уурхайн компаниудад олгож байна. Тиймээс бид говьд мал маллах, амьдрах боломжийг үлдээгээч гэсэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлэхээр энд ирлээ. Үүнийг зогсоохгүй бол лиценз олгох нэрийдлээр малчид өвөлжөө, хаваржаа, бууцтайгаа зарагдаад дууслаа.
-Сум орон нутгийн захиргаанаас та бүхний амьдрах орчинд санаа тавьж, ямар нэгэн дэмжлэг үзүүлж, гарц хайсан уу?
-Бид гэнэт л тэмцээд, жагсаад гарч ирж байгаа юм биш. Амьдрах орчин, уух усныхаа төлөө, хариуцлагатай уул уурхайн төлөө 10 жил тэмцлээ. Бид бүхэн бүх шатны байгууллагуудаар явж тэмцлээ үргэлжлүүллээ. Бидний энэ олон жилийн зовлон дуусах болоогүй байхад нэмээд 400 лиценз олгоно хэмээн ачаа нэмж байна. Одоогоор 108 лицензтэй байгаа Даланжаргалан суманд нэмээд 35 лиценз хүлээгдэж буй нь харамсалтай. Үүнээс 10 лиценз нь 2020-2022 онд зарагдсан байдаг. Тэр 10 лиценз дээр 90 айлын өвөлжөө, хаваржаа бууц, худаг зарагдсан байх жишээтэй. Тэгэхээр тэр 90 айл малтайгаа хаачих вэ.
Төр лицензийг нь зарсан бол тэдгээр айл өрхүүдийн амьдрах газар, нутаг орныг нь зааж өгөх үү, нөхөн олгох уу эсвэл тухайн худалдан авсан компани хариуцах уу гэдэг тодорхойгүй байна. Яг үнэнийг хэлэхэд ордон дотор байгаа албан тушаалтнууд л бидний асуудлыг шийдэж өгөхөөр хэмжээний эрх мэдэлтэй шүү дээ. Жагсаалаа эхлүүлээд тав хонож байна. Нутаг орон, ээж аав, үр хүүхдээ хаяад наашаа ирэхээс өөр сонголт байсангүй. Ерөнхийлөгчийн Тамгын газраас бидэнд тодорхой хариу өгч ямар нэгэн дорвитой шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Хэрэв тэгэхгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.
-Хурц хэлбэрт шилжинэ гэдэг нь өлсгөлөн зарлахыг хэлж байна уу?
-Ямар ч хэлбэртэй байж болно. Эд нар юу хүсэж байна. Заавал хэн нэгэн үхэхийг, шатахыг, мөргөлдөөн үүсгэж тэмцлийн өөр хэлбэрт шилжихийг хүсээд байгаа юм уу мэдэхгүй нь. Бид энэ тав хоногт төрийн цагдаатайгаа маш эвтэй байлаа. Тийм учраас шийдвэр гарахгүй бол бид ордон дотор орж шийдүүлэхээс өөр аргагүй нь.
-108 уул уурхайн лиценз гэж ярьж байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ бүх лиценз манай Даланжаргалан суманд байгаа. Үүнд 19 хайгуулын лиценз, 79 ашиглалтын лиценз, есөн түгээмэл тархацтай олдоцын лиценз байна. Тэгэхээр энд ашиглалтын лиценз нь 70 болчихож байгаа юм. Хэрвээ 70 уурхай зэрэг ашиглавал говьд юу үлдэх вэ. Бид өмнөх Засгийн газрын үед хийсэн алдааг ярьсангүй. Одоо эрх барьж буй Засгийн газрын хийж буй алдаатай ажлыг шүүмжилж, шийдвэрээ эргэн харахыг гуйж байна.
-Та бүхэн Монгол Улсын Тэргүүн хатагтайд хандаж захидал бичсэн гэсэн. Юуны талаар бичсэн бэ. Хэзээ хүлээлгэж өгөв. Хариу өгөх шинж байна уу?
-Бидний дунд олон ээж бий. Энэ ээжүүд үр хүүхдээ баярлуулж чадахгүй тэмцэл хийгээд байж байна. Гэхдээ бид үр хүүхэддээ эргээд очихдоо газар нутгаа алдчихсан байх юм бол тэр хүүхдүүд хаана яаж амьдрах вэ. Тиймээс Тэргүүн хатагтай маань хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг хүлээсний хувьд говьд байгаа 100, 100 хүүхдийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаасай. Хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр төр засгийн шийдвэрт нөлөөлж өгөөсэй, оролцоосой гэсэндээ манай эмэгтэйчүүд захидал илгээсэн. Жагсаалд оролцсон 80 орчим эмэгтэй Тэргүүн хатагтайд эх хүний хувиар захидал бичиж хүргүүллээ. Бид бүх захиагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтанд хүлээлгэж өгсөн. Мөн Ерөнхийлөгчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувиар энэ асуудалд анхаараасай, бидэнтэй уулзаж ямар нэгэн гарц гаргалгаа хайгаач гэж хүсэж байна.
М.ЦЭЦЭГ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Даланжаргалан сумын иргэдийн хурлийн дарга ардчилсан намын гишүүн болдбаатар гэдэг хүн өөрөө малчин болж тэмцээд байдагын учир нь юу юм бэ миний мэдэхийн өөртэй чинь уулзаж байсны хувьд өөрөө уул уурхайг маш их дэмждэг уул уурхайн баяжуулахын инженер хүн юм байна лээ ш дээ өөрийг чинь нэг л ойлгохоо байлаа мөнгөний жагсаал хийгээд байгаа юм уу
Уурхайн бодлогоо төр эрс өөрчлөх цаг болжээ, нэмж 3 дахин олон лиценз олгох биш, эсрэгээр стратегийн 5 ордоос бусад лицензээ цуцлах хэрэгтэй, ингэж байж, ус нутаг, уугуул хүмүүсээ хамгаална.
УУЛ УУРХАЙГААС БУСАД САЛБАРЫГ ХУВИЙН ХЭВШИЛД ӨГӨЕ ӨӨ. УУЛ УУРХАЙГ ТӨРИЙН ӨМЧИЙН АЖ АХУЙН НЭГЖ АШИГЛАХ, ЭСВЭЛ ХУВИЙН ХЭВШИЛД АШИГЛАЛТЫГ НЬ ХАРИУЦУУЛАХ ЗАМААР ТӨР ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АШИГЛАЖ ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ БОЛГОЖ, БАЙГАЛЬ ОРЧНЫГ СЭРГЭЭЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ. ХУВИЙН ХЭВШИЛ УЛС ТӨРЧДӨД ХАХУУЛЬ ӨГӨӨД ТАТВАР ТӨЛӨХГҮЙ, БАЙГАЛ СЭРГЭЭХГҮЙ, ХЯТАД АВЧ ИРЭЭД АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХГҮЙ БАЙНА. ЦОГТБААТАР ХАР АМИА Л БОДДОГ ШУНАЛТАЙ ХҮН. ТҮҮНИЙ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ
Энэ тэмцэл ноцтой байдалд хүргэж болзошгүй байна. Ашигт малтмал хайх олборлох шаардлагатай юу гэвэл шаардлагатай,Уулуурхайн компаниуд сумын иргэдэд шууд тусах ашиг орлогын нь алдагдлыг нөхөх арга хэмжээ огт авахгүй өөрсдөө л баяжаад бас дээрнь сумын даргаас эхлээд хурдан тэрэг хээтэй торго эдлээд ялгарчихлаар малчид гомдох нь зүйн хэрэг