Сангийн сайд Б.Жавхлан энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр буюу өнөөдрөөс хоёр сарын өмнө “Хөгжлийн банкнаас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийг төсөв рүү шилжүүлэхгүй, төсөв үүрэг хүлээгээгүй, иргэдийн татвараар төлөхгүй. Хөгжлийн банкнаас төсөв рүү шилжүүлэх санал гаргаагүй” гэсэн мэдээллийг өгч байсан билээ.
Харин үүнээс нэг өдрийн дараа буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрхэмбаатар “Засгийн тогтоолоор авсан зээлийг Засгийн газар л төлнө шүү дээ” гэсэн байр суурийг илэрхийлж байв.
Тэгвэл өчигдөр /2022.06.07/ Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа замын сонголт дээр ирээд байна” хэмээн хоёр сарын өмнөхөөс өөр байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банканд үүссэн төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээлийн өрийг хэрхэн төлүүлэх талаар ярилцсан. Ингэхдээ Засгийн газар, Хөгжлийн банкнаас гаргасан шийдлүүдийг нэгтгээд арга хэмжээ авах чиглэлээ тодорхой болгосон.
Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа замын сонголт дээр ирээд байгаа юм. Тодруулбал, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээл нь 2014, 2015 онуудад үүссэн. Ялангуяа ТОСК, НОСК-тай холбоотой их хэмжээний зээл гарсан. Анх энэ зээл арилжааны зорилготой гарсан. Гэтэл Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт хийгээд орон сууц баригдсаны дараа тухайн үеийн хоёр ч Засгийн газар дамжаад нэг хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, нөгөө хэсгийг нь зүгээр олгочихсон. Ингэхээр тухайн зээлийн төлбөр орж ирэхгүй байна гэсэн үг. Засгийн газраас тухайн жилүүдэд төсөвт тусгаад, төсвөөс төлөөд явах тогтоолуудыг гаргаж байсан ч энэ үүргээ биелүүлээгүй учраас эдгээр чанаргүй зээлүүд үүссэн.
Засгийн газраас цаашид өмнө гаргасан шийдвэрийн дагуу жил бүр төсөвт дарамт багатайгаар гэхдээ Хөгжлийн банкаа дампууруулахгүй үүргээ биелүүлээд явна. Нөгөө талаар чанаргүй зээл үүсгэсэн буруутай этгээдүүдээр төлүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөөд байна" гэсэн юм.
Түүний энэ удаагийн байр сууриас үзэхэд, Хөгжлийн банкнаас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлүүдийн асуудалд төсөв үүрэг хүлээгээгүй гэдэг нь худлаа болж таарч буй бөгөөд цаашид төрийн өмчит компаниудын зээлийн төлбөрийг барагдуулахад, төсвөөс тодорхой зардал гарах нь гэж ойлгогдож байна.
Дашрамд сануулахад, Хөгжлийн банкийг одоо удирдаж буй удирдлагын баг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгогдоод, эрсдэлтэй ангилалд орсон зээлүүдийг төр, Засгийн газар хариуцах ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлсээр өнөөдрийг хүрсэн.
Тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр Хөгжлийн банкны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол дээр мэдээлэл хийхдээ, үйл ажиллагааг цаашид хэвийн явуулахын тулд энэ онд багтаан 2.2 их наяд төгрөгийн зээлд арга хэмжээ авах шаардлагатай. 2.2 их наяд төгрөгийн зээлийнх нь 1/3 буюу 762.6 тэрбум төгрөгийн зээл нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай зээлийн багц бөгөөд уг багцыг Засгийн газарт шилжүүлэх арга хэмжээ авна гэсэн юм.
Тэгвэл өчигдөр тэрбээр “Банкны зүгээс хувийн хэвшлийн зээлийн багц дээр ажиллаж байна. АТГ, ЭЦГ, Прокурор дэмжлэг үзүүлэн ажиллаж, үр дүн гарч байна. Харин Хөтөл, Кью Эс Си болон төрийн өмчит компаниудын асуудалд Засгийн газар манлайлж, Хөгжлийн банк дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа.
Засгийн газраас төрийн өмчит компаниудын зээлийн асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд ТОСК-тай холбоотой 201.7 тэрбум төгрөгийн зээл байна. Буянт Ухаа 1, 2, Хөдөлгөөнт цогцолбор гэсэн гурван төсөл байна.
Засгийн газраас Буянт Ухаа 1, 2 төслийн зээлийн үлдэгдлийг ТОСК үнэт цаас гарган Хөгжлийн банканд эзэмшүүлэх замаар өрийг төлөх ажлыг төлөвлөж байна. Хөдөлгөөнт цогцолбор төслийн хөрөнгийг зарж борлуулах замаар Хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуулахаар төлөвлөж байна. Энэ гурван төслийн асуудал шийдэгдвэл Хөгжлийн банканд 135.1 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан шийдэгдэнэ. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ 3.4 саяар сайжирч, төлбөрийн чадвар 201.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой” гэсэн мэдээллийг Хянан шалгах Түр хорооны хуралдаанд оролцохдоо өглөө.
Хөгжлийн банкнаас зээл авсан Төрийн өмчит компаниудын мэдээллийг харахад:
Хэвийн зээлдэгчдийн жагсаалтад:
Анхаарал хандуулах зээлдэгчийн жагсаалтад:
Шүүхэд нэхэмжлэл гаргасан зээлийн жагсаалтад:
Газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалтад:
Тэгвэл өчигдөр Түр хорооны хуралдаан дээр “Эрдэнэс Монгол”, Эгийн голын усан цахилгаан станц ТӨК-ийн зээлийн талаар Хөгжлийн банкны захирал Н.Мандуул дараах мэдээллийг өглөө.
“Одоогийн байдлаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үлдэгдэл 155.5 тэрбум төгрөгийн төслийн зээл байна. Тус компанийн зээлийн эргэн төлөлт бүрэн дуусаагүй байна. Тодруулбал, 2015 оны 449 дүгээр тогтоолд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлснээр Хөгжлийн банкнаас олгосон 170 тэрбум төгрөгийн үлдэгдэл хөрөнгийг 2019, 2020 оны улсын төсөвт тусгаж, эргэж төлнө гэсэн заалт байна. Уг заалт хэрэгжээгүйгээс Хөгжлийн банканд чанаргүй зээл болон үлдсэн. Үүнийг барагдуулахад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсан” гэсэн юм.
Мөн тэрбээр “Үүнээс гадна Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 400 Мвт хүчин чадалтай ДЦС байгуулах Эрчим хүчний яамны төсөлд Хөгжлийн банкнаас зээл олгосон бий. ДЦС-ын төсөл хэрэгжээгүйтэй холбоотойгоор энэ зээл төлөгдөөгүй байна. Засгийн газраас зээлийн үлдэгдлийг Тавантолгой ДЦС-ын гүйцэтгэгч шалгарсан тохиолдолд төслийн барилга угсралтын ажлын зардалд оруулан төлж барагдуулах шийдвэр гаргасан. Эгийн голын УЦС ТӨК-д бүртгэлтэй 48.7 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд байгаа” гэсэн юм.
Тэгэхээр эдгээр мэдээллээс үзэхэд, Хөгжлийн банкан дахь төрийн өмчит компаниудын асуудалд орсон зээлүүдийг барагдуулахад, Монгол Улсын төсөв буюу татвар төлөгч хувийн хэвшил, иргэдийн аль аль нь нуруундаа ачаа үүрэх нь тодорхой болж байна.
Сангийн сайдын хэлж буйгаар Хөгжлийн банкийг дампууруулахгүйн тулд Засгийн газарт үүнээс өөр сонголт байхгүй аж. Ирэх жилийн арав болон арванхоёрдугаар саруудад төлөх хуваарьтай Самурай, Чингис бондын төлбөрийг Хөгжлийн банк төлж чадахгүй бол асуудал үүснэ гэж тэрбээр мэдэгдсэн. Тодруулбал, 2023 оны 10 дугаар сарын 23-нд төлөгдөх Евро бондын 500 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.5 их наяд орчим төгрөгийн төлбөр. 2023 оны 12 дугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын 30 тэрбум иений төлбөр буюу одоогийн ханшаар 713 тэрбум төгрөгийн өр өмнө хүлээж буй. Энэ хоёр өрөөс Самурай бонд Засгийн газрын баталгаатай. Хэрвээ Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүйд хүрвэл энэ өрийг бүтэн дүнгээр нь Засгийн газар төлнө, энэ хэмжээний дарамт төсөв дээр, татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ гэж тэрбээр мэдэгдэж байсан.
Тэгвэл бодит байдлыг аваад үзэхэд, энэ өрүүд угаасаа улсын төсөв дээр дарамт үүсгэж, татвар төлөгчдийн нуруун дээр нэмэлт ачаа үүсгэх нь тодорхой байна. Ирэх оны сүүлч гэхэд 2.2 их наядын гадаад бондын өр төлөх ёстой Хөгжлийн банк энэ оны эхний сараас энэ сарыг хүртэлх хагас жилийн хугацаанд энэ хоёр өр төлбөрийг барагдуулах мөнгөний 10 хүрэхгүй хувийг л зээлдэгчдээр төлүүлээд буй юм. Одоогоор төлөгдөөд буй 240 тэрбум гэсэн дүнг нэмэгдүүлж, Хөгжлийн банкны балансыг сайжруулахын тулд төсөв, татвар төлөгчдийн ачааг нэмэх сонголтыг л эрх баригчид хийжээ.
Сэтгэгдэл ( 2 )
үнэхээр төрд хэрэглэсэн бол төлөхөөс яахав дээ хэрэгтэй зүлйд зарцуулсан гээд өгч таарна даа
ЗАСАГ ТӨЛӨХ НЬ ЗӨВ Л ДӨӨ ! БИД ЭНЭ ЗАСАГАА СОНГОСОН ТУЛ .