Oilprice.com-ийн мэдээллээр Брент төрлийн түүхий тосны үнэ баррель нь 124 ам.доллар, WTI төрлийн тосны үнэ 122.4 ам.долларт хүрч өсөөд байна.
Энэ долоо хоногийн мягмар гарагт дэлхийн зах зээл дээр Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 120.57 ам.доллар болсон нь тавдугаар сарын 31-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж Блүүмберг мэдээлж байсан. Тэгвэл сүүлийн байдлаар үүнээс 4 орчим ам.доллароор илүү өсөлтийг үзүүлээд байна.
Ерөнхийдөө энэ долоо хоногт газрын тосны үнийн өсөлтийн түвшин ийнхүү өмнөх дээд үзүүлэлтүүдээс давж буй нь Европын холбооноос ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээс гадна БНХАУ ковид цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж ирсэн хөл хорио хязгаарлалтын бодлогоо сулруулж байгаатай холбоотойгоор эдийн засагт эрэлт өсөх төлөвтэй байгаатай холбогдож байна. Мөн нөгөө талаас АНУ, Иран улсын хоорондох цөмийн хэлэлцээр удааширч буй нь газрын тосны нийлүүлэлтийн хүлээлтэд нөлөөлж байгааг шинжээчид хэлж байна. Ираны улсын зүгээс АНУ-аас тавьсан хориг арга хэмжээгээ цуцла гэсэн шаардлагыг тавьж байгаа. Харин АНУ-ын тухайд Ираны шаардлага нь 2015 оны хэлэлцээрийг сэргээхэд саад болж байна гэсэн хариу байр суурийг илэрхийлээд буй юм. Гол нь энэ хоёр улс хэлэлцээг амжилттай хийвэл дэлхийн газрын тосны нийлүүлэлт хоногт 1 сая баррелиар нэмэгдэх боломжтой гэсэн хүлээлт зах зээлд байгаа юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Ойрхи Дорнодод айлчлал хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан нь, газрын тосны үнэ цаашид буурч магадгүй гэсэн хүлээлтийг дагуулсан ч, ганц удаагийн айлчлалаар дэлхийн улс төр, эдийн засагт үүссэн асуудал шийдвэрлэгдэх боломж бага гэсэн таамаглал илүү давамгайлсан.
Түүнчлэн дээр дурдсан хүлээлт дагуулсан хэлэлцээ болоод ОХУ-д тавьсан хоригууд, БНХАУ-ын эрэлт өсөх төлөв зэрэг томоохон шалтгаануудын улмаас ирэх гуравдугаар улиралд газрын тосны үнийн өсөлт үргэлжлэх төлөвтэй байгааг шинжээчид тодотгож байна. Тухайлбал, “Голдман Сакс”-ын өмнөх таамгаар Брент төрлийн түүхий тосны үнэ гуравдугаар улиралд баррель нь 125 ам.доллар байсан бол шинэчилсэн таамгаар 140 ам.доллар болгож нэмэгдүүлээд байна.
Тэгэхээр газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ гадаад зах зээлээс хангадаг Монгол Улсын тухайд дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт хадгалагдаж, цаашид илүү нэмэгдэх төлөвтэй байгаа нь таатай мэдээлэл бус.
УУХҮЯ-наас өгч буй нөөцийн мэдээллийг танилцуулахад: Улсын хэмжээнд энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 153,074 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12,104 тонн, АИ-92 автобензин 48,041 тонн, АИ-95 автобензин 6,342 тонн, дизелийн түлш 81,597 тонн байна. Хоногийн хэрэглээгээр авч үзвэл, АИ-92 автобензиний 36, АИ-95 автобензиний 48 хоногийн, А-80 автобензиний 73, ДТ-ний 30 хоногийн, онгоцны түлш 69 хоногийн нөөцтэй байна.
Сануулахад, тавдугаар сарын 30-ны байдлаар АИ-92 автобензиний 40 хоногийн нөөц байсан. Тэгэхээр гол хэрэглээний шатахуун болох АИ-92 автобензиний нөөц 4 хоногоор буурчээ.
Манай улс он гарсаар нийт 744.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 17.3 мянган тонн, АИ-92 автобензин 252.1 мянган тонн, АИ-95/98 автобензин 12.8 мянган тонн, дизелийн түлш 376.3 мянган тонн, онгоцны түлш 22 мянган тонн, бусад 63.8 мянган тонн байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд О.Батнайрамдал дөрөвдүгээр сарын сүүлчээр ОХУ-д ажиллаж, "Роснефть” компанийн удирдлагуудтай уулзсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр уулзалтын хүрээнд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж болон шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцсон гэдгээ тавдугаар сарын 3-нд хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.
Тодруулбал, “Роснефть” компанид АИ-92 автобензин болон дизелийн түлшийг хямдралтай үнээр авах талаар санал тавьсан. “Роснефть” компаниас энэ долоо хоногийн сүүлээр хариу өгнө гэсэн. АИ-92 автобензиний үнийг 4, 5, 6 дугаар сард одоогийн 2390 төгрөгт барих хэлцэл хийсэн гэсэн мэдээллийг өгсөн.
Засгийн газраас АИ-92 автобензиний үнийн өсөлттэй холбоотой Гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн он дуустал тэглэх шийдвэр гаргасан.Онцгой албан татварыг 2018 оноос эхлэн тэглэсэн нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй. УУХҮ-ийн сайд Г.Ёндон гуравдугаар сард “Роснефть” компанитай хэлцэл хийсний үр дүнд АИ-92 автобензиний үнэ тонн тутамд 1110 ам.доллароос буурч, манай улс тонныг нь 840 ам.доллараар худалдан авч, импортолж байгаа гэсэн мэдээллийг яамнаас өгсөн. Хэрэв Онцгой албан татвар болон Гаалийн албан татварыг тэглээгүй бол, мөн Роснефть компанитай хэлцэл хийхгүйгээр Сингапурын биржийн дөрөвдүгээр сарын газрын тосны бүтээгдэхүүний үнийн дундаж үнээр борлуулвал өнөөдөр АИ-92 автобензин литр нь 3330 төгрөгт хүрэх байсан. Харин дээрх арга хэмжээний үр дүнд литр тутамд нэмэгдэх байсан нийт 940 төгрөгийн өсөлтөөс сэргийлж, ойрын гурван сард үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлсэн гэсэн мэдээллийг УУХҮЯ-наас өгч байгаа юм.
Тэгэхээр УУХҮЯ-наас мэдээлж байгаачлан зургадугаар сарыг дуусталх хугацаанд шатахууны татан авалтын үнийн асуудлаар “Роснефть”-тэй хийсэн хэлэлцээний хүрээнд явах төлөвтэй байна. Цаашлаад гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ дээр дурдсанчлан баррель тутамд 140 ам.долларт хүрэх, түүнээс давах нөхцөлд шинэ хэлэлцээг хэрхэн хийх вэ гэдэг асуудал эрх баригчдыг хүлээж байна.
Сэтгэгдэл ( 5 )
ОХУ тай маш яаралтай рублээр тооцоо хийдэг болох хэрэгтэй.
Удахгүй өөрсдөө үйлдвэрлэнэ. Бүгдийг хийдэг болно. Өрөө ч дарах болно..
aguu Oros -iin esreg bid xutsaad yax ve ? xaraat baij duugai xeleltsee xuugeed oorsdoo 1 shirxeg ch xadaas xiij suray tom gazar nutagtaa nogoogoo taryj surtsgaay bid ikh zalxuu yu ch xiix durgyi xumuus shuu
хүний бичсэн юмыыг устгах юм бол яах гэж сэтгэгдэл авдаг юм вэ? ганцхан магтсан юм л сараачих ёстой юм уу?
бушуухан хэлэлцээгээ хийгээд тэр 100 шатахууны колонкыг нь бариулаад чанартай, хямд шатахуунаар найдвартай хангаад өгөөчээ