Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний үнийг шатахууны үнийн өөрчлөлттэй уялдуулан хууль тогтоомжийн хүрээнд шинэчлэн тогтоох талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын хуралдаанаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт зөвшөөрлөө.
Үнийн өөрчлөлтөөс шалтгаалан үнэ төлбөргүй зорчих иргэдийн нөхөн олговорт нэмж шаардагдах хөрөнгийг төсөвт тусган санхүүжүүлэх болсон байна. Мөн нийтийн тээврийн байгууллагуудын дизелийн түлшний хангалт, нийлүүлэлтэд хяналт тавьж, нийлүүлэгч нартай урт хугацааны гэрээ байгуулан, зохистой түвшинд нөөц бүрдүүлж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн чадавхийг сайжруулах, өр төлбөрийг барагдуулах, тээвэрчдийн нийгмийн асуудал, ажлын байрны нөхцлийг сайжруулах хөтөлбөр боловсруулан, цогц арга хэмжээ авахыг холбогдох сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд өдөрт 600 мянган зорчигч тээвэрлэж, нэг зорчигч тутмаас 26-187 төгрөгийн алдагдал хүлээдэг байна. Нийт зорчигчийн 56 хувь нь төлбөрөө төлдөг бол 44 хувь нь холбогдох хуулийн хүрээнд үнэ төлбөргүй зорчдог. Энэ 160 гаруй мянган иргэний тээврийн зардалд төсвөөс нөхөн олговор хэлбэрээр 2010 онд 26,8 тэрбум төгрөг өгсөн бол энэ онд 30,4 тэрбумыг олгохоор тусгажээ.
Харин дизель түлшний үнэ энэ оны 2 дугаар сард 9,1 хувиар нэмэгдэн 1440 төгрөг болсноос тээврийн байгууллагууд сар тутам 240 сая, жилдээ 2,8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гараад байна.
Иймээс асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн нийтийн тээврийн үйлчилгээний үнийг шатахууны үнийн өөрчлөлттэй уялдуулан хууль тогтоомжийн хүрээнд шинэчлэн тогтоохыг нийслэлийн удирдлагад зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )