Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы /2022.06.10/ өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийв.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:
- 2021 оны жилийн эцсийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 53.4 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 10.6 их наяд төгрөгийн орлого олж, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 860 тэрбум төгрөг, цэвэр ашгийн хэмжээ 831 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн.
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 105 компаниудын үзүүлэлтийг жил бүр нэгтгэн гаргадаг. Нийт 18 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байгаа. Үүнээс жин дарж байгаа компаниудыг нэрлэвэл,
Түүнчлэн хамгийн их орлоготой ажилласан хуулийн этгээдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.1 их наяд төгрөгөөр тэргүүлж, “Эрдэнэс монголын нэгдэл” 1.5 их наяд төгрөгөөр удаалж байгаа бол хамгийн их ашигтай ажилласан хуулийн этгээдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 901 тэрбум төгрөгөөр тэргүүлж, “Эрдэнэс монголын нэгдэл” 126 тэрбум, “Монголросцветмет” ТӨҮГ 85 тэрбум, “Улаанбаатар төмөр зам” 69 тэрбум, Төрийн банк 45 тэрбум төгрөг гэсэн үзүүлэлттэй байна гэж байлаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
-Өмнө нь агентлагийн статустай ажиллаж байсан олон газрууд аж ахуйн тооцоотой төрийн үйлдвэрийн нэрээр ажиллаж байгааг тодотгоод “Шинэ сэргэлт”-ийн бодлоготой уялдуулж төрийн бүтээмжийн асуудлыг судалж байна. Цаашид бид төрийн байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн давхардлыг авч үзэн агентлагын статустай ажиллах байгууллагуудыг нэг мөр шийдэж, эсвэл татан буулгана. Мөн зарим ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг Компанийн тухай хуулиар зохицуулж байгаа бол энэ нь анхдагч хуулийн төсөл. Хууль батлагдсанаар төр дөрвөн жилээр улсынхаа тэргүүлэх чиглэлийг тодорхой болгож, тэр чиглэлийн хүрээнд бизнесээ хийнэ. Мөн стратегийн болон эрчим хүч, хог, дулаан зэрэг нийтийн зориулттай тодорхой төрлийн бизнесийнхээ тодорхойлолтыг гаргаж, бусад төрлийн бизнест төр оролцохгүй гэдгээ зарлана. Цаашлаад төр тодорхой чиглэлийн бизнесийн компаниудынхаа үйл ажиллагааг аль болох өөр хооронд нь нэгтгэх, компанийн тухай хуулиар зохицуулна.
Ингээд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.0 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )