ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотноо болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд 2 дугаар байр эзэлсэн Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшинд 52 сая төгрөгийн шагнал олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн Франц, Бүгд Найрамдах Чех Улсад болсон олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдийн уралдаан, өсвөрийн хөгжимчдийн уралдаанд оролцож онцгой амжилт үзүүлэн, нэгдүгээр байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Ж.Ариунзаяа, Ө.Анхзаяа, Г.Чингүүн нарт тус бүр 19 сая, хоёрдугаар байр эзэлсэн Г.Болормаа, К.Солензаяа, Э.Амина нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн “Авъяастан” төвийн сурагч Ө.Цовоод 9 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох болсон байна.
Мөн хуралдаанаар Олимпийн наадамд амжилттай оролцон медаль хүртэж, эх орныхоо нэрийг дуурсгаж байсан ахмад тамирчдад мөнгөн шагнал олгоно. Олимпоос чөлөөт болон жүдо бөхийн төрөлд мөнгөн хүртсэн Ж.Мөнхбат, З.Ойдов, Ж.Даваажав, Ц.Дамдин нарт тус бүр 15 сая, чөлөөт, жүдо бөх, бокс, буудлагын төрөлд хүрэл медаль хүртсэн Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг, Х.Баянмөнх, Д.Оюунболд, Р.Даваадалай, Н.Энхбат, Д.Мөнхбаяр, Д.Нармандах нарт тус бүр 10 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
Манай улс 1964 оноос Олимпод оролцож эхэлсэн бөгөөд анхны медалийг 1968 онд Мехико Улсаас Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг, Ж.Мөнхбат нар хүртсэн түүхтэй. Одоогоор манай тамирчид олимпоос 2 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль аваад байна.
Эх орныхоо нэрийг дэлхийн урлагийн тавцанд өндөрт өргөсөн Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшинг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын хуралдааны дараа хүлээн авч уулзан дурсамж гардуулж, баяр хүргэн амжилт хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )