М.Тогтохжаргал: Үзэгчид миний дүрд итгээд надад дургүй болчихсон байдаг

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

“Гэгээн Муза-16” олон улсын театрын наадмаар Соёлын тэргүүний ажилтан жүжигчин М.Тогтохжаргал  “Анна Каренина” жүжгийн Бетсигийн дүрээр шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн. “Тамгагүй төр”, “Тэнгэрийн хүү”, “Парисын дарь эхийн сүм”, “Жаргаагүй нар”, “Гамлет” зэрэг олон арван жүжгийн гол болон туслах дүрд амжилттай тоглосон түүнтэй ярилцсанаа хүргэе.


-“Гэгээн муза”-гийн цомыг атгасанд баяр хүргэе. “Анна Каренина” жүжгийн Бетси авхайн дүрээр шагнал хүртлээ. Бетсигийн дүрийн онцлог, нийгэмд хэлэх гэсэн санаа нь юу вэ?

-Баярлалаа. Энэхүү жүжигт 2020 оноос эхэлж тоглосон. Бетси бол эсрэг талын дүр л дээ. Энэ дүр дээрээ судалгаа хийж судлаач нартай уулзахын сацуу бусад орнуудын тайзнаа хэрхэн тоглосон байна вэ гэдгийг ажиглаж судалсан. Бетси бол энэ жүжгийн түлхүүр дүр. Хүмүүсийг өөртөө татаж чаддаг, өөрөөсөө түлхэж чаддаг хүн. Үеэл Вронский болон Анна хоёрыг уулзуулах гол хүчин зүйл нь болдог хэр нь нөгөө талаар амьдралыг нь бусниулдаг. Үүгээрээ дээдсийн хүрээллийн зиндаархлыг ч тод томруун харуулж байдаг.

Манай жүжгийн бусад оронд тавигдсан хувилбараас давуу тал нь гэвэл Бетсиг илүү товойлгож гаргаснаараа онцлогтой. Жүжигчин хүн өөрийн тоглосон дүрээ ямагт зөвтгөж, өмөөрч явах учиртай. Хэчнээн эсрэг дүр байсан ч гэсэн зөв талаас нь үйл явдлыг харж, бусад дүрүүдтэйгээ хэрхэн харьцах вэ, дээдсийн хүрээллийнхнийг хэрхэн өөртөө урвуулж болох вэ гэдгийг тэр дүрийн өмнөөс бодож бясалгаж тоглосон.

-Энэхүү жүжиг нь хайр сэтгэлийн хамгийн ээдрээтэй, эрэлхэг зоримог байдлыг эрс шулуухан харуулдаг. Хэрэв таны хайр дурлалд ийм ээдрээтэй зүйл тохиолдвол хэрхэн шийдэх вэ?

-Энэ талаар огт бодож байгаагүй юм байна шүү. Миний амьдрал тогтуун сайхан, дуртай мэргэжлээрээ ажиллахад хань минь маш том хөшүүрэг дэм болдог учраас амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Анна бол тийм биш шүү дээ. Сэтгэлийн дотоод зөрчилтэй, ямагт сэтгэлдээ гандуухан яваа, гал шиг ассан хайр сэтгэлийн төлөө юугаа ч золиход бэлэн эрс зоримог эмэгтэй.

-Драмын театрт ажилласан он жилүүдэд хэдэн жүжигт тоглосон бэ. Хамгийн өөрт нандин, эрхэм дүрээ онцолбол?

-Би 2006 онд СУИС-д МУСГЗ, доктор, профессор Н.Ганхуяг багшийн удирдлага дор жүжигчний мэргэжлээр суралцаж төгсөөд, 2005-2006 онд Шинэ үе продакшнд жүжигчин, 2007-2008 онд Соёмбо телевизэд хөтлөгчөөр ажиллаж байсан. Улмаар 2008 оноос одоог хүртэл Драмын театрын жүжигчнээр ажиллаж байна. Театрт орсон цагаасаа хойш сэргээн тоглож буй болон шинээр тавигдаж буй жүжигт тасралтгүй тоглосоор иржээ. Анх Ч.Найдандорж найруулагч “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл хатны дүрийг надад өгч байлаа. Театрт ороод удаагүй студи ангийн хүүхэд байсан болохоор айж эмээх, баярлах, сандрах гээд бүхий л догдлолууд зэрэгцэж байсан.

Ардын жүжигчин Г.Равдан, гавьяат жүжигчин У.Уранчимэг эгч маань хамтарч тоглож байсан учраас маш сайн зөвлөж хөтөлсөн дөө. Анхны гэдэг утгаараа энэ дүрдээ их хайртай. Мөн Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн “Өчигдөр” гэдэг жүжигт тоглосон Сара гээд дүрдээ хайртай. Тайзан дээр эхнэр байхаас эхлээд нууц амраг болж эерэг, эсрэг дүрүүдийг зэрэг бүтээж байсан. Энэ дүр маш сонирхолтой, онцлох дүр байсан.

Түүнээс хойш “Домогт Ану хатан” жүжгийн Мааяа, “Гамлет” жүжгийн Офелия, “Жаргаагүй нар” жүжгийн Нина, “Ромео, Жульетта” жүжгийн Розалина, “Би эндээс явахгүй” жүжгийн Дэжид, гээд 30 шахам жүжигт тоглосон байна. Гол ч бай, туслах ч бай дүрээс дүрд хүн хөгжиж байдаг болохоор дүр бүхэндээ дурлаж хайрлаж тоглодог. “Анна Каренина” жүжиг 2020 оны намар Драмын театрын тайзнаа тавигдаж байсан. Бүтэн сар тоглоод дэлхий даяар цар тахал нүүрлэсний улмаас түр завсарлаад хорио цээр тавигдсанаас хойш өдийг хүртэл тоглогдож байна.

Үзэгчдийг байлдан дагуулж буй сайхан уран бүтээлийн нэг бол яах аргагүй энэ жүжиг. Бетсигийн дүр бол өөрийгөө өөр өнцгөөс нээж харуулсан хүчтэй дүр. Жүжигчин хүний бахархмаар зүйл нь бүхий л мэргэжилд хувирч болдог. Тайзан дээр эмч юм уу сэтгүүлч юм уу хэн ч болж болно. Хүүхдийн жүжиг бас их гоё шүү. Өглөө нь зургаан настай охин болоод өдөр нь залуучуудад тоглосон уран бүтээл дээр тоглоод, орой нь бас өөр нэг жүжигт тоглоно. Уйдахын завгүй сонирхолтой мэргэжил шүү.

-Та дэлгэцийн бүтээлд ямар, ямар кинонд тоглосон бэ. "Бэрүүд" кинон дээр нэлээн зальжин дүрд тоглодог. Ер нь эсрэг дүрд их тоглоод байна уу даа... Нэг их сайхан монгол эмэгтэй ч юм уу, хатны дүрд тоглохыг хүсдэг гэж байсан?

-Харин тийм ээ. Үзэгчид миний дүрд итгэчихсэн, надад дургүй болчихсон байдаг /инээв/. Эсрэг талын дүр бол хүнд нэг байдаг. Тайз, дэлгэцийн бүтээлд эсрэг талын дүрээр хүмүүст танигдаж тэр дүрээр минь хүлээн авч байна гэдэг өөрийгөө чадаж байгаа юм байна гэж боддог. Миний нууцхан мөрөөдөл бол монгол хатны дүрд тоглохыг хүсдэг л дээ. Гадаад төрх маань европжуу болохоор тохирдоггүй юм шиг байгаа юм. Хүмүүс намайг хольцтой юу гэдэг, гэтэл би чинь цэвэр халх бүсгүй. Зөөлөн, намбалаг монгол бүсгүйн дүр дээр ажиллах юмсан гэж бодож явдаг.

-Анна Каренинагийн найруулагчаар ажилласан Төрийн соёрхолт Н.Наранбаатарын ажиллах арга барил, жүжигчидтэйгээ харьцах онцлог чанараас нь дурдвал?

-Анх дүрээ хуваарилж байх үед Бетси ямар гоё дүр вэ. Хэрэв би энэ дүрийг авбал гээд дотроо шунаж байсан чинь найруулагч маань яг надад тохирох дүр байна гээд оноосон. Найруулагч Н.Наранбаатар залуучуудыг тайзан дээр гаргаж ирж, улам их задалж хөгжүүлэхийг эрмэлздэг чанартай. Залуустайгаа маш гоё харьцдаг. Яг л бидний ах шиг зөвлөнө, заана, заримдаа шүүмжилнэ. Хамтарч ажиллахад маш их урамтай байдаг, найруулагчдаа баярлаж талархаж явдаг даа.

-“Гэгээн муза” наадам болох дөхөх үед өөрийгөө хэрхэн сойдог вэ. Үе үеийн наадамд хэрхэн оролцож байв?

-“Гэгээн муза” наадам гэдэг бол театрын салбарынхны хамгийн том наадмын нэг шүү дээ. Уран бүтээлч хүн бүхэн дор дороо өөрийгөө сойдог байх. Өмнө жилийн наадамд “Black box” театртай хамтарч жүжигчин СТА Б.Одгэрэл бид хоёр “Хоёр хүний дэмийрэл” экзистенциалист жүжгээрээ оролцож байлаа. Мөн Драмын театрын бүтээл “Бүсгүйн зурвас” бүтээлийнхээ сэтгүүлчийн дүрээр нэр дэвшиж байсан.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Анна Каренина” жүжгийнхээ зуны хаалтыг хийгээд намраас шинэ уран бүтээл дээр ажиллаж эхэлнэ. Найруулагч  Н.Наранбаатар энэ жилийн Улсын наадмыг найруулах учраас театрын бүрэн бүрэлдэхүүнээр ажилахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Дөнгөж сая дэлгэцийн уран бүтээл болох “11-р дүүрэг” контентыг дуусгаад байж байна. Дэлгэцийн уран бүтээл дээр олон санал ирж байгаа, залуусаа дэмжээд хамтарч ажиллахдаа таатай байгаа.

-Таныг дархан бэр гэдгийг ард түмэн тэр бүрийд мэдэхгүй байх. Гэр бүл, үр хүүхдүүдээ танилцуулаач. Та хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

-Би хувийн амьдралаа дэлгээд байх дургүй л дээ. Сошиал ертөнцөөр хүмүүс амьдралынхаа хором бүрийг дэлгээд байгаа харагддаг. Миний ханийг Б.Сүхболд гэдэг. КУДС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн. Би чинь гурван сайхан хүүтэй. Том хүү Төрбат маань 16 настай, дунд хүү Төрболд 10 настай, бага хүү Суубилигт маань зургаан настай. Хөвгүүд маань миний бахархал юм даа. Урлагийн хүний цаг наргүй ажлын ард хань маань, том хүү маань түшиг тулгуур болж явдаг. Гурван хүү маань биеэ даачихсан, мундаг хүүхдүүд. Эмээ нь өсгөлцсөн болохоор ээжийн минь хүмүүжил ч маш их нөлөөлсөн байх. Би тийм ч сайн гэрийн эзэгтэй биш ээ. Гэртээ байгаа үедээ сайн ээж байхыг эрмэлзэж, гэр бүлээрээ байхыг чухалчилдаг. Дөрвөн сайхан залуугийн хайр халамж дунд бөмбөрдөг. Аз жаргалтай л байвал хүссэн ажлаа хий гэж үргэлж урам зориг өгч, ойлгодог ханьдаа баярлалаа, хайртай шүү.

-Дүрээсээ гарахгүй зүүдлэх зэргээр тоглосон дүр тань тантай удаан амьдрах үе гардаг уу?

-Дүрийнхээ судалгааны ажлын үеэр хамгийн их шаналдаг. Эрдэмтэн багш нартайгаа уулзана, тал бүрээс нь судална. Энэ дүрийг аль талаас нь гаргах вэ, текстээ хуваарилах, жижиг хэрэгсэлтэйгээ харьцах гээд маш олон зүйлийг бодно. Дүрдээ орно, зүүдэлдэг. Тоглолтоосоо хоцорч байна гэж зүүдлэх хамгийн аймшигтай. Гол дүр, туслах дүр гэлтгүй олны хэсэгт ч дүр байдаг. Дүр гэдэг үгийг үзэгчид маань, хамтарч ажиллаж буй уран бүтээлчид дүгнэх байх. Би роль дээр ажиллаж байна гэж хэлэх дуртай. “Тэнгэрийн хүү” жүжгийн Бүни гүнжийн дүр маш их ажиллагаатай, амьдралынх нь бүхий л цаг үеийг харуулдаг, таван цаг гаруй үргэлжилдэг болохоор жүжгийн хэсгийг танана. Гоё гоё хэсгийг нь хасахад хайран. Миний ролийн хөгширдөг хэсгийг хасахад нь уйлж байлаа. Сүүлийн үед дүрийнхээ хэсгийг хамгаалж аль болох хасуулахгүй гэж хичээдэг болсон.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGL(202.126.89.225) 2022 оны 09 сарын 02

Цэвэр монгол гэдгээ юугаар нотлох юм Энэ гонзгой цагаан царайтай хүүхэн залуучууд бүгд хольцтой өөрсдийгөө цэвэр монгол гэж шаана эрлийз хурлийзууд

0  |  0
Top