УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн санал, улс төрийн намуудын “Тунхаг бичиг”, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн шийдвэрийн талаар судалж, олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг тодорхойлох, хэлэлцүүлгийн хугацааг тогтоох болон зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсч, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандан судлах ажлыг зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн С.Бямбацогт санал, дүгнэлтээ танилцуулсан.Ажлын хэсэг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан байна.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал зохион байгуулахаар, түүнчлэн тогтоолын төсөл 2 хавсралттай байхаар боловсруулсан бөгөөд олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг 1 дүгээр хавсралтаар, тандан судлах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар тогтоосон хэмээн танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг зохион байгуулж, дүнг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгахаар тусган, Олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх 4 бүлгийн хүрээнд 11 сэдвээр нарийвчлан тогтоосон гэлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, олон нийтийн санаа бодлыг тандан судлах гэдгийг хэрхэн ойлгох вэ. Ямар хэлбэрээр энэ ажлыг зохион байгуулах вэ. УИХ-ын ажлын хэсэг ямар чиг үүрэгтэй ажиллах вэ хэмээн тодруулсан.
Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт, Шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдан, түүнээс хойш 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт олон нийтийн шүүмжлэлд багагүй өртсөн гэлээ. Түүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна гэдэг асуудал 20-иод жил яригдсан. Ингээд 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ олон нийтийн санаа бодлыг сонссон. Зөвлөлдөх санал асуулга явуулж, олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ингээд үндсэндээ ард иргэдийн олонхын зүгээс дэмжлэг авсан асуудлуудаа тусган Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжих явцад зарим асуудлыг дутуу тусгасан байна, гүйцэд шийдээгүй байна, дахин сайжруулах шаардлага байна гэж иргэд, олон нийт, улс төрийн намуудаас, судлаач, эрдэмтдийн зүгээс, УИХ-ын гишүүдээс санал хүсэлт гаргасаар ирсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд, УИХ-д суудалтай намын тодорхой төлөөллүүд, иргэдийн дунд санал асуулга зохион байгуулсан юм. Улстөрийн намууд, иргэд, эрдэмтэн судлаачдын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар УИХ-д санал, шаардлага мөн ирүүлсэн. Эдгээр шаардлагуудыг Төрийн байгуулалтын байнгын хороо судалж, энэ асуудлаар ард иргэдийн саналыг сонсох, иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж буй эсэх, ямар байр суурьтай байхыг тодорхой болгох үүднээс нийслэл хот болон 21 аймагт буюу улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Хэлэлцүүлгүүдээр гарсан саналуудыг нэгтгээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх төсөл боловсруулна.
Хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлыг тогтоолын төслийн хоёрдугаар хавсралтад заасан ажлын хэсэг зохион байгуулна. Ажлын хэсэг хэлэлцүүлгийг ямар журмаар зохион байгуулж, иргэдийн саналыг авахыг тодорхой журмаар зохион байгуулна гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн нар тогтоолын төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Сэтгэгдэл ( 0 )