Ахмадууддаа ойн медалиа гардууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07

Монголын ууган нам болох Монгол Ардын Намын удирдлагууд 90 жилийнхээ түүхт ойн арга хэмжээний хүрээнд улс эх орноо хөгжүүлэх их үйлсэд гар бие оролцсон ахмадуудыг өчигдөр хүлээн авч уулзан ойн баярын медалиа гардууллаа.

Уулзалтад хувьсгалт тэмцлийн анхны зүтгэлтнээс эхлээд 1980-1990 онд эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэж ирсэн нам төрийн зүтгэлтнүүд нийгмийн бүхий л салбарт ажиллаж байсан 300 гаруй ахмад хүрэлцэн ирсэн байлаа.

Уулзалтыг нээж МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ "Ардын хувьсгал, Ардын намын 90 жилийн ойн баярын мэндийг юуны өмнө Та бүхэндээ хүргэе. Баярын хүрээнд зохион байгуулж байгаа ажлуудаас гол арга хэмжээ нь эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан ахмадуудаа шагнах юм. Намынхаа мянга, мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс 90 жилийн ойн халуун баярыг хүргэе. Эх орны маань түүхийн түүчээ нь Та бүхэн. Тухайн цаг үеийнхээ өмнө тулгарсан томоохон сорилт бэрхшээлүүдийг Та бүхэн л даван туулж ирсэн. Иймээс үйл хэргээр тань үргэлж бахархаж явна" хэмээн онцолсон юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top