Хүлээсэн үүргийн ЭЦСИЙН ХЭРЭГЖИЛТ ба Бид татвараа бүрэн авдаг болох уу?

2022 оны 06 сарын 16

 

Монгол Улс  Европын холбооны Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улс орнуудын жагсаалтад 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 16 орны хамт орж байв.  

Харин 2018 оны  1 дүгээр сарын 23-ны өдөр Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл  Брюссель хотноо хуралдаж уг жагсаалтаас  Монгол Улсыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэж байсан. 

Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 350 дугаар тогтоолыг баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүрэг  хүлээсний үндсэн дээр тус жагсаалтын гадаа үлдэх эрхийг олж авсан.

Улмаар тус холбооны Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улс орнуудын жагсаалтаас 2020 оны 10 дугаар сарын 6-нд Европын холбооны Сангийн сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр  албан ёсоор хасагдаж байсан юм.

Тодотгоход, Европын холбоонд хоёр жагсаалт байдаг. Нэг нь татварын асуудлаар хамтарч ажилладаггүй орнуудын жагсаалт. Нөгөө нь  ФАТФ-ын "Саарал жагсаалт"-тай уялдаатайгаар гаргадаг Европын холбооны "Саарал  жагсаалт" гэж байдаг.

Татвартай холбоотой жагсаалтын тухайд аваад үзэхэд, манай улс уг жагсаалтаас гарахын тулд дээр хэлсэнчлэн Европын холбооны өмнө үүрэг амлалт хүлээсэн. 2020 оноос өмнө дотоодын хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох, холбогдох конвенцуудад нэгдэн орох, стандартуудыг дагаж мөрдөх үүрэг амлалтуудыг хүлээж байсан юм.

Энэ хүрээнд Татварын багц хуульд шинэчлэл хийсэн. Олон улсын хоёр байгууллагад элссэн. Захиргааны татварын асуудлаар хамтран ажиллах олон улсын конвенцод Монгол Улс нэгдэн орсон. 2020  оны нэгдүгээр сард УИХ уг конвенцыг соёрхон баталж, Ерөнхийлөгч батламж жуух бичигт нь  гарын үсэг зурж, Гадаад харилцааны яамнаас тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газарт хоёрдугаар сарын 19-нд батламж жуух бичгийг гардуулж,  тус конвенц тухайн жилийн зургаадугаар сарын 1-нээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. 

Тиймээс Европын холбооны Сангийн сайд нарын шийдвэрээр манай улсыг жагсаалтаас албан ёсоор хассан гэж тухайн үед ГХЯ тайлбарлаж байсан.

Тэгвэл Татварын зорилгоор хамтарч ажиллах чиглэлээр  Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг, амлалтын эцсийн  хэрэгжилт нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох явдал аж.

Уг конвенцод нэгдэн орох асуудлыг зөвшилцөх эсэхийг УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцэн, дэмжээд байна.

2009 оны дэлхийн  санхүүгийн хямралаас үүдэлтэй их 7-гийн  санаачилгаар  Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг “ВЕРS”  олон улсын байгууллагыг байгуулсан. Улмаар “ВЕРS”-ийн зүгээс татварын суурийг хамгаалах, ашиг шилжүүлэх үйл явдлын эсрэг 15 үйл ажиллагааны багц дүрэм, журмыг боловсруулж, танилцуулсанд одоогийн байдлаар 141 улс гишүүнээр нэгдэн орсон байгаа аж.

Монгол Улсын хувьд Европын холбооны татварын зорилгоор хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалтаас 2008 онд гарахдаа “ВЕРS”-ийн дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх үүрэг, амлалтыг хүлээсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2018 оны 01 дүгээр сард “ВЕРS”-д 111 дэх гишүүнээр нэгдэн орж, холбогдох стандартуудыг 2019 оны татварын хуулийн шинэчлэлд тусган хүлээсэн үүргээ биелүүлж ажилласнаар энэхүү жагсаалтаас гарсан. Хэдийгээр Монгол Улс дотоодын хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн хэдий ч 1991-2003 оны хооронд бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёрт талт давхар татварын гэрээнүүдийг “ВЕРS”-ийн 6 болон 14 дүгээр стандартад нийцүүлэх шаардлагатай байгаа аж.

Тиймээс  Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийн стандартуудыг нэг мөр нийцүүлэх зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох нь зүйтэй байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Тус конвенцод нэгдэн орсноор татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотой давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх, эрсдэлийг бууруулах, харилцан тохиролцох үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон  өөрчлөлтийг Монгол Улсад бусад улсуудтай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж  бүрдэнэ гэж тооцоолж байна.С

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хэлэхдээ, 1991-2003 оны хооронд Монгол Улс бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёрт талт давхар татварын гэрээнүүд байдаг. Үүнээс хойш дотоодын хууль тогтоомж болон олон улсын татварын дүрэм, журмууд олон удаа шинэчлэгдсэн байдаг. Дээрх хугацаанд байгуулагдсан эдгээр 26 гэрээг олон улсын татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг дүрэмд нийцүүлж байгаагаараа гол давуу талтай. Монгол Улсын хувьд Европын холбооны татварын зорилгоор хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалтаас гарахдаа тодорхой үүрэг, амлалтыг хүлээсэн. Эдгээр үүрэг, амлалтын эцсийн  хэрэгжилт нь уг конвенцод нэгдэн орох явдал юм. Уг конвенц нь татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг зохицуулахгүй, Монгол Улсын давхар татварын 26 улстай байгуулсан гэрээний дагуу гэрээг урвуулан ашиглах, татвараас зайлсхийх эрсдэлээс хамгаалах олон улсын дүрмийг нэвтрүүлж байгаагаараа ач холбогдолтой.

Монгол Улсын  26 улстай байгуулсан давхар татварын гэрээгээр 2021 онд нийт 2907 аж ахуйн нэгж 312 тэрбум төгрөгийн давхар татварын гэрээний хөнгөлөлт эдэлсэн" гэсэн юм.

Тэгэхээр уг  конвенц нь татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг зохицуулахгүй ч 26 улстай байгуулсан давхар татварын  гэрээг урвуулан ашиглах, татвараас зайлсхийх эрсдэлээс сэргийлнэ гэж буй нь манай улсын хувьд ач холбогдолтой байж болох юм. 

Тухайлбал, Оюутолгой төсөл дээр аваад үзэхэд,  “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд зээлийн хүү болон менежментийн төлбөрөөр ашгаа шилжүүлж авдаг, Монгол Улсад төлөх ёстой татвараа бүрэн  төлдөггүй хэвээрээ байгаа. Зарим зардлаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явагдаагүй процесс гээд огт татвар төлдөггүй.  Люксембург,  Нидерландын хүчин төгөлдөр бус болчихсон Давхар татварын гэрээ бидний хувьд тогтворжчихсон гэдэг тайлбарыг тэд хэлдэг гэдгийг Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо хэлж байсан.

Тэгэхээр Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийн стандартуудыг нэг мөр нийцүүлэх зорилгоор дээр дурдсан конвенцод нэгдэх нь ийм тодорхой бус асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь анхаарал татаж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top