Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2022.06.17) хуралдаан 09 цаг 40 минутад 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.
Хуралдааны эхэнд “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатараас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг тогтоолын төслийн дөрөв дэх заалтад “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд ойлгуулах, сурталчлан таниулах, ил тод, нээлттэй болгох зорилгын хүрээнд Улсын Их Хурлын гишүүнтэй уулзах, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн иргэдэд Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалтыг зөвшөөрсүгэй.” гэж заасан. Үүнд, Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалтыг зөвшөөрнө гэснийг хэрхэн тодорхойлох вэ гэдгийг тодруулав. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өгсөн тайлбартаа, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ыг 2008 онд баталсан. Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар уг журамд өөрчлөлт орж, зохицуулагдана гэлээ.
“Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг О.Цогтгэрэл нарын есөн гишүүн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат хуулийн хүрээнд гурав хоногийн завсарлага авах эрхтэй хэмээн танилцуулж, завсарлага авах хүсэлт гаргав.
Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд завсарлага авах хугацааг ажлын таваас илүүгүй өдөр байх бөгөөд шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хүсэлтээр завсарлагын хугацааг нэг удаа сунгаж болно гэж заасан. Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбатын гаргасан саналыг хүлээн авч, өнөөдрийн 13.00 цаг хүртэлх хугацаанд завсарлага өгч байна гээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг түр завсарлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )